УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар санал тавьж байсныхаа дагуу зарим аймаг орон нутагт ажиллалаа. Өрхийн үйлдвэрлэл байгуулах, ийм хөтөлбөр хэрэгжихийг хүлээсэн иргэд олон байна. Орон нутагт өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж, бололцоо бүрэн байна. Өрх чадамжтай, иргэн баян байвал улс орон хөгжиж байдаг. Монгол Ардын нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “21:100” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрийн бодлогыг хандуулж, 2018 оны төсөвтэй уялдуулж өгнө үү гэсэн саналыг Ерөнхий сайд танд гардуулж байна” гэлээ.
“21:100” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэлийг орон нутагтаа бий болгох чиглэлээр Засгийн газар тодорхой бодлогын арга хэмжээ авч ажиллаж байгаа. Бидний төлөвлөгөөнд таны санал чухал гэдэгт итгэлтэй байна. Энэ хүрээнд ажлын байр нэмэгдэж, иргэдээ ажил, орлоготой болгох боломжтой болно. Засгийн газар жижиг, дунд болон өрхийн үйлдвэрийг хөгжүүлэхэд гол бодлогоо чиглүүлж үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж байгаа. Бодлого боловсруулж ажил хэрэг болгоход УИХ-ын гишүүдийн санал чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.