Э.БӨХБАТ: ТОРГОХГҮЙ ЮМ БАЙНА ГЭЭД БҮГД МАШИНАА УНААД ГАРВАЛ ЮУ БОЛОХ ВЭ



Нийслэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор Э.Бат-Үүлийг хотын дарга байх үеэс эхлэн даваагаас баасан гарагт автомашинуудыг дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд оролцуулдаг болоод удаж буй. Иргэд ч энэ байдалдаа хэдийнэ дасч, өөрсдийн машины дугаар явдаггүй өдөр нийтийн тээврийн унаа болон такси үйлчилгээ сонгон ажил амьдралаа зохицуулдаг болоод байсан билээ.

Өчигдрөөс эхлэн “дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна”, “дугаарын хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцсон ч торгохгүй” гэх мэт мэдээлэл сошиал орчинд тарав. Улмаар олон янзын мэдээллүүд хоорондоо зөрчилдөж байсан тул олон нийт эл мэдээлэлд төдийлөн итгэж өгөхгүй, эргэлзсэн байдал үүсээд байгаа юм. Тиймээс бид Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас албан ёсны хариулт авлаа.

-ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ДУГААРЫН  ХЯЗГААРЛАЛТЫН ЖУРАМ ЗӨРЧСӨН НЭГ Ч ЖОЛООЧИЙГ ТОРГООГҮЙ-

-Дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа юу?

-Дугаарын хязгаарлалт Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хэвээрээ үргэлжилж байна.

-Торгуулийн арга хэмжээ авахгүй байгаа гэж үнэн үү?

-Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг цагдаагийн байгууллага одоогоор торгохгүй байгаа. Харин анхааруулаад явуулж байна.

-Ямар учраас ийм шийдвэр гарсан юм бэ?

-Долдугаар сарын 1-нээс Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор торгууль шийтгэлийн арга хэмжээ байхгүй болсон. Цагдаагийн байгууллага хууль дүрмээ биелүүлж, хуулийн хүрээнд ажилладаг. Тиймээс өнгөрсөн долдугаар сарын 1-нд Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш дугаарын хязгаарлалтын журам зөрчсөн нэг ч жолоочийг торгоогүй. 

-Торгууль шийтгэлгүй гэхээр бүх машин хөдөлгөөнд оролцоод эхэлнэ. Замын нөхцөл байдал улам хүндрэх юм биш үү?

-Иргэддээ уриалахад энэ их түгжрэл бухимдалтай замд торгохгүй байгаа гээд бүгдээрээ машинаа унаад гараад ирэх юм бол замын хөдөлгөөний ачаалал ямар болох вэ гэдэг тодорхой. Амжуулсан ажил ч үгүй зам дээр нервтэж өдрийг барах асуудал үүснэ. Тэгэхээр заавал цагдаагаар торгуулж, шийтгүүлж байж захирамжаа биелүүлнэ гэхийн оронд өөрсдийн ухамсраараа захирамжаа дагаад, дугаарын хязгаарлалтаа баримтлаад хөдөлгөөндөө оролцоод явбал ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ.

-ИРГЭД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛСЭН НЬ ДЭЭР ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА-

Энэ асуудлаар олон нийтийн байр суурь ямар байгааг сонжиход сайшаалтай үр дүн харагдаж байв. Тодруулбал, сошиал орчинд сэтгэгдлээ илэрхийлж буй хүмүүсийн дийлэнх нь “Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй боллоо гээд бөөн түгжрэл, эдийн засгийн хувьд зарлага, бас бөөн стресс л нэмэгдэх байх даа” гэсэн хандлага ажиглагдаж байлаа. Тэгэхээр торгохгүй юм байна гээд машинаа унаад гарах биш, дор бүрнээ ухамсарлаад дугаарын хязгааралтын дагуу хөдөлгөөндөө оролцоод явбал замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндрэхгүй, ердийнхөөрөө үргэлжлэх боломжтойг эрхэм жолооч нартаа сануулъя.

Эх сурвалж: medee.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ