2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуультай холбоотойгоор “Автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна” гэсэн мэдээлэл сошиалд тараад байгаа.
Тиймээс автомашины дугаарын хязгаарлалт болон зүүн тийш эргэхийг хязгаарласан зохицуулалтын талаар зарим зүйлийг Замын цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбатаас тодрууллаа.
-“Автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна” гэсэн мэдээлэл сошиалд тараад байна. Албаны хүний тайлбарыг авах гэсэн юм. Энэ мэдээлэл үнэн үү?
-Иргэдийн дунд ийм ташаа мэдээлэл тараад байна. Улаанбаатар хотын Засаг даргын 2012 оны наймдугаар сард гаргасан захирамж болон наймдугаар сарын 22-нд гаргасан Иргэдийн хурлын тогтоол хоёулаа хүчинтэй үйлчилж байгаа. Одоогоор манай байгууллагад нийслэлээс уг захирамжийг цуцалсан тухай мэдээлэл ирээгүй байна.
Харин 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнө нь мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг Улсын их хурлаар хүчингүй болсон. Тэгэхээр уг хуулийн заалттай уялдаж, дугаарын хязгаарлалтыг мөрдөх захирамжийг биелүүлээгүй бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэх ажлыг цагдаагийн байгууллага гүйцэтгэж байсан. Одоо энэ хууль нь хүчингүй болсон учраас торгууль шийтгэлийн арга хэмжээ тооцох хуулийн заалт хэсэг хугацаанд байхгүй байна гэсэн үг.
-Автомашины дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхэд шинэ захирамж гаргах шаардлагатай гэж ойлгож болох уу?
-Энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн тухайн захирамжийг дахин гарах ёстой. Одоогоор нийслэлийн зүгээс автомашины дугаарын хязгаарлалтын талаар иргэдийн дунд санал асуулгыг зохион байгуулна гэсэн мэдээллийг бидэнд өгөөд байгаа. Ер нь автомашины дугаарын хязгаарлалтыг цаашид явуулах шаардлага байна уу, байхгүй байна уу гэдгийг иргэдээс санал авах байх. Хэрвээ иргэдийн зүгээс дугаарын хязгаарлалтыг хийх шаардлагатай гэж үзвэл шинэ захирамж гарч, шинээр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар тухайн зөрчилд хяналт тавьж, арга хэмжээг тооцоод явах болно.
Нийслэл хотод амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Гэтэл автомашины дугаарын хязгаарлалттай өдөр тодорхой тооны автомашиныг дугаарын хязгаарлалттай оролцуулдаг ч авто замын ачаалал ихтэй байдаг шүү дээ. Тиймээс иргэд маань гэсэн автомашины дугаарын хязгаарлалтыг хийх хэрэгтэй гэдгийг ч хэлж байгаа юм. Цаашдаа автомашины дугаарын хязгаарлалт үргэлжилнэ.
-Зөрчлийн тухай хууль өнгөрсөн долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилт хэр байна вэ?
-Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль өнгөрөгч сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж байгаа. Зөрчлийн тухай хууль өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгодог байсныг одоо хэмжих нэгж рүү нь шилжүүлсэн. Жишээлбэл өмнө нь жолооч хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувиар торгодог байсан. Одоо шинэ хуулиар 10 нэгж буюу 10 мянган төгрөгөөр торгохоор хэлбэрийн хувьд шилжиж, өөрчлөгдсөн.
-Мөн энэ сарын 15-наас эхлэн Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварт зүүн гар тийш эргэхийг хязгаарлах зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Иргэдийн зүгээс төв замын ачаалал буурсан ч туслах замуудын ачаалал эрс нэмэгдсэн гэдгийг хэлж байна?
-Нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамжийн дагуу хотын авто замын түгжрэл, ачааллыг бууруулах арга хэмжээг авах хүрээнд уг зохицуулалтыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар бид Замын цагдаагийн удирдлагын төв дээр харьцуулсан судалгааг хийж үзсэн. Судалгаагаар Энхтайвны өргөн чөлөөний гол замын ачаалал харьцангуй багассан үзүүлэлт харагдаж байна. Мэдээж зарим нарийн замуудад ачаалал ихэссэн зүйл ажиглагдаж байгаа. Өнөөдрийн хувьд /2017.08.22/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Бөхийн өргөө, Зүүн дөрвөн зам гэсэн авто замуудад ачаалалтай байлаа. Гэхдээ энэ зохицуулалтыг иргэд үүнийг хоёр талтай хүлээн авах хэрэгтэй. Дэлхийн улс орнуудад автомашиныг зүүн эргэхийг хориглох, зарим хотуудад эргэх ёстой уулзвараараа эргээгүй бол 40-50 км газар явж байж эргэх, хотын төв хэсэг рүүгээ оруулахгүй байх зэрэглэл тогтоож, төлбөр авах зэрэг замын зохион байгуулалтыг хийсэн байдаг. Манай иргэдийн хувьд өөрийн автомашинаараа очих гэсэн газрынхаа үүдэнд шууд буух сонирхолтой байгаад байдаг. Гэтэл бүх автомашиныг саадгүй хүргэх гэхээр хотын зам ачааллаа дийлэхгүй болоод байна.
-Энэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “Зүүн тийш эргэхийг хязгаарлах зохицуулалт туршилт биш” гэдгийг албаныхан хэлж байсан. Иргэдийн хувьд хэсэг хэрэгжүүлээд л больчих юм шиг хүлээж аваад байх шиг?
-Тийм ээ. Энэ зохицуулалт бол туршилт биш. Зарим иргэд энэ зохицуулалтыг хэсэг туршиж байгаад больчих юм шиг хүлээж авч байна. Үнэхээр нийслэл хотын авто замаар зүүн тийш эргэхийг хориглосноор ачаалал эрс нэмэгдээд ирвэл эргэн харах боломж байна шүү дээ. Ер нь бид өөрчлөлт хийгээд л үзэх ёстой. Нийслэл хотын хүн амын тоо, автомашины хэрэглээ жилээс жилд тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Гэтэл хотод маань урсгал ачааллыг шингээх шинэ зам бага тавигдаж байгаа. Энэ үед л замын хөдөлгөөний зохион байгуулалтын ажлыг хийж үзэх л хэрэгтэй. Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийг аль болох зөв талаас нь харж, авто замын ачааллыг бууруулахад хамтраасай гэж хүсэж байна.
-Зүүн тийш эргэхийг хязгаарласнаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурна гэсэн судалгаа гарсан гэсэн. Одоогийн байдлаар замын хөдөлгөөний ачаалал буурч байгаа үзүүлэлт ажиглагдаж байна уу?
-Энхтайвны өргөн чөлөө гурав үе, заримдаа дөрөв, таван үе гэрлэн дохиотой. Нэг нь явахаар нөгөө тал нь зогсож байдаг. Гэрлэн дохионы дарааллаар хүлээхээр нэг жолооч 4-5 минут хүлээх том уулзварууд бий. Харин зүүн тийш эргэхийг хязгаарлах зохицуулалт хэрэгжсэнээр гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа багасч байна. Мөн зүүн эргэхээр саад болдог хөдөлгөөн байхгүй болж, чигээрээ явах хурд нэмэгдсэн. Иргэдийн хувьд шууд зүүн тийш эргээд л гэр рүүгээ орчихдог байсан бол цаашаа яваад орж байгаад л бухимдаад байна. Зарим иргэдэд арай хол газар явж, бинзен шатахуунаа их зарцуулах хандлага байгаа л байх. Гэхдээ нийслэл хотын төв зам болон салбарласан замуудын ачаалал харьцангуй багассан гэдгийг ойлгох хэрэгтэй.
Гэрэл зургийг Н.Батмөнх