Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийх бэлтгэл ажилтай холбогдуулан энэхүү уулзалтыг хийсэн юм.
Уулзалтын хүрээнд УБТЗ-ын удтал хүлээгдсэн шинэчлэлийн асуудлаар санал солилцон ярилцав.
УБТЗ-ын үйл ажиллагааг шинэчлэхэд юуны өмнө 100 тэрбум рублийн зээл хэрэгтэй байгаа бөгөөд үүгээр нэн түрүүнд 467 км гол замыг хүчжүүлэх их засварын ажил, Салхит-Эрдэнэтийн 165 км төмөр замын засвар, Эмээлт-Хоолт, Хонхор орчмын бага радиустай 25 км тахир замыг шулуутгах зэрэг ажил хийх юм байна. Мөн техник хэрэгслийн парк шинэчлэл, цахилгаанжуулалт зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажлын хүрээнд модон дэрүүдийг бетон дэрээр солих, зөрлөг нэмэх, ачаа, сэлгээний зүтгүүрүүд, вагон нэмэх зэрэг олон ажил багтаж байгаа юм.
УБТЗ-д шинэчлэл хийгдэлгүй удааширснаас ачаа тээвэрлэлт саатах, вагоны хомсдолд орох, ачааллаа дийлэхгүй байх зэрэг бэрхшээл учрах болжээ. Иймд одоо байгаа төмөр замын ганц коридороо даруй тордох ёстойг уулзалтын үеэр ярилцлаа.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар оролцов.
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү.