2017-2018 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн 7 дугаар сарын 25-наас өчигдөр буюу 8 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг хүртэл явагдаж дууссан.Өнөөдөр өглөө 10 цагт цахим элсэлтийн ажиллагаа нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39 мянга 400 орчим 2 настай хүүхэд байгаагаас 22 мянга 600 орчим хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 11 мянга 700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулж байгаа юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн хувьд цахим бүртгэлд 2 настай 72 хүүхэд бүртгүүлсэнээс өнөөдөр 60 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгаруулж, цэцэрлэгт элсүүлэхээр боллоо. 10 цагт цахим элсэлт эхэлмэгц цэцэрлэгт элсэх боломжтой болон боломжгүй болсон хүүхдүүдийн эцэг эхэд гар утсаар нь мэдээлэл ирж байсан юм.
Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 70 орчим хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 443 нийт 670 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өсөх төлөвтэй байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 20 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдэнэ. Энэ хүүхдүүдээ бид ингээд орхихгүй. Бүх нөөц бололцоогоо лайчилж, хувилбарт сургалт зэргээр хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулахад анхаарна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.