СУГАЛААНД ЁНДООГҮЙ ХОЁР НАСТНУУДАД ОНООСОН "ЯЛ" ЦЭЦЭРЛЭГТ ЯВАХГҮЙ ШҮҮ



“Монголын үрс маш олон болтугай” хэмээн ямар “тэнэг" нь хэлдэг байна аа.
 Бодит амьдрал дээр хүүхдийг тээж төрүүлж болох ч өсгөж хүмүүжүүлэх, боловсрол олгох тухайд байгаа ганц нэгийгээ хүний дайтай явуулахад бэрх аж.

Учир нь бүх зүйл мөнгөөр хэмжигдчихээд үйл тамаа эдэлж сууна”. Энэ бол арга үйлээ барсан залуухан эцгийн твиттер хуудсандаа бичиж үлдээсэн сэтгэгдэл. Бас төрдөө гомдож яваа хүний үг. Тэрбээр өөрийгөө харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг гээд хоёр настай ихэр хөвгүүдээ цэцэрлэгийн бараа харуулахын тулд сая төгрөгийн эрэлд мордоод олоогүй тухайгаа өгүүлжээ. Үнэндээ түүний ижил зовлон амсаж яваа мянга мянган эцэг, эх бий.

Миний охин ч тэдний нэг. “Цэцэрлэгийн цахим сонголтод сонгогдож чадсангүй гээд охин минь” охиноо тэвэрсээр уйлсаар орж ирсэн. Хүүхдээ хараад хоёр жил гэртээ таг суусан охин минь охиноо цэцэрлэгт өгчхөөд ажилдаа орно хэмээн хэчнээн их баяр хөөртэй байсан гээч. Харамсалтай нь харалган төрийн харанхуй бодлогийн гайгаар дахиад л гэртээ суух болж. Тодруулж хэлбэл, зээ минь цэцэрлэгийн цахим сугалаанд бүдэрсэн хэрэг. Бачимдаж, гомдсон эцэг эх хоёр нь муу зээг минь “ёндоогүй”, азгүйгээр нь дуудаж бидний уурыг барав.

Ирэх жил аз гээч нь таарахгүй бол үргэлжлүүлээд л гэртээ сууж таарна. Гэвч зээ минь ирэх жил гурав хүрч цэцэрлэгт элсэх эрх нь бүр хаагдах юм билээ. Гэхдээ бид асуудлыг шийдсэн. Хоёр талын эмээ өвөө нь нийлж байгаад зээгээ хувийн цэцэрлэгт өгч, эхийг нь ажилд нь оруулахаар ярилцлаа. Ийм боломж бололцоо гэр бүл бүхэнд байхгүй нь бодит үнэн. Хоёрхон хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Эрдмийн их өргөө мөнгөн хонхоо жингэнүүлэн бяцхан үрсээ хүлээж авна. Харин их өргөөний босго алхах эрхээ хасуулсан, хандив эсвэл хахуулын мөнгөгүй эцэг, эхтэй хоёр настнууд хэний хаалгыг тогших болж байна вэ.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээллээр бол 201-2018 оны хичээлийн шинэ жилд зөвхөн нийслэлийн хэмжээнд 34 мянган хоёр настан сургуулийн өмнөх боловсролд хамрагдах агаад тэднээс дөнгөж 12 мянга гаруйг нь цэцэрлэг хүлээж авах бололцоотой гэнэ. Өчигдөр 2015 оны буюу хоёр настнуудын цэцэрлэгийн онлайн бүртгэлийн сугалаа албан ёсоор өндөрлөж, аз гийсэн өөрөөр хэлбэл ёндоотой нөхдүүдийг бүртгээд эхэлсэн. Сугалаанд ёндоорсон хүүхдүүдийн эцэг, эхийн царайд баяр гийн, нүүр дүүрэн мишээл тодруулж байхад азгүй хүүхдүүдийн эцэг, эх миний охины адил хүүхдээ тэвэрсээр хүүхдийнхээ азгүйг дуудсаар харьсан биз ээ. Цухалдлаа гээд ч яалтай билээ. Монгол Улсад хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж нэгэнт байхгүй хойно.

Нийслэлийн хэмжээнд өдгөө төрийн өмчийн 216 цэцэрлэг, төрийн бус 407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоотой харьцуулахад дэндүү гэмээр үзүүлэлт. Тэр бүү хэл, нийслэлд хороондоо ганц ч цэцэрлэггүй бүхэл бүтэн 20 хороо байна гээд төсөөл дөө. Тэдний ихэнх нь шинээр ашиглалтад орсон орон сууцны шинэ хорооллууд. Тухайлбал, “Баянмонгол", “Олимп", “Их Монгол” ,”Жаргалан” “Хурд' “Нарны хороолол”-ыг дурдах байна. Энэ бол зөвхөн ХУД-ийн нутаг дэвсгэрт сүндэрлэсэн хорооллууд Тэгэхээр эдгээр хорооны хүүхдүүд хаана, хэнд хандах болж байна вэ Эдгээр хорооллуудад 12 мянган сургуулийн өмнөх насны хүүхэд аж төрдөг.

Тэд ХУД-ийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон 218 дугаар цэцэрлэгт харьяаллынхаа дагуу хамрагдах учиртай. Гэтэл өнөөх цэцэрлэгийн багтаамж 120 хүүхэд. Амьд хүн аргатай юм хойно, тэдний дөрвөн мянга орчим нь хувийн цэцэрлэгт, хоёр мянга орчим нь хүүхэд харах үйлчилгээнд мянга орчим нь эмээ, өвөөгөө бараадна гэвэл үлдсэн хүүхдүүдийн хувь заяа хэрхэхийг бурхан мэдэх нь ээ дээ. Дээр нь өнгөрсөн жил түүний өмнөх жил ч цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гурав, дөрвөн настнууд гэж бий. Эднийг нэмэхээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй багачуудын тоо дунджаар хоёр мянга орчмоор нэмэгдэж таарна. Энэ бол зөвхөн нэг дүүргийн асуудал.

Ингээд л харж хандах хүнгүй, төрдөө шоовдорлогдсон багачууд өөрөө өөрийгөө харж, хаалга хэзээ дуугарахыг хүлээх тавилангаа эдэлнэ. Бас нэг хэсэг нь гэртээ түгжигдэнэ. Яах вэ, орон сууцад амьдардаг айлын хүүхдүүдийн хувьд тагт нь хаалттай, цахилгааны залгуур, индүү, угаалгын автомат машин зэргээр тоглочихгүй бол байгаад л байх биз. Харин гэр хороололд аж төрдөг айлын хувьд сэтгэл түгшээх зовлон олон бий. Чүдэнзээр тоглож гал алдахаас өгсүүлээд зуух, халуун тогоондоо түлэгдчих гээд байдаг.

Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 13 хүүхэд гэртэйгээ шатаж амь насаа алдсан бол 140 гаруй хүүхэд их бага хэмжээгээр угаартаж эмнэлгийн тусламж авснаас гадна мянга гаруй хүүхэд халуун тогоо, буцалсан усанд түлэгдэж, эрүүл мэндээрээ хохирчээ. Хэрэвзээ тэд гүйгээд очих цэцэрлэгтэй, аваад үлдэх эмээ өвөөтэй байсан бол өвдөж шаналахын зовлонг эдлээ ч бил үү. Хатуу үнэнийг хэлэхэд, Цоожтой хаалганы цаана нулимстай суух “ял сонсоод” байгаа мянга мянган хүүхдийг Монголын төр "Сугалаанд ёндоогүй" хэмээн хэдий болтол даажигнах юм бэ.

Тэд эх орныхоо ирээдүй болох гэж энэ хорвоод мэндэлсэн биш, энэ нийгэмд шоовдорлогдох гэж мэндлээгүй байлтай. Хэдий болтол Монголын үрс жил, жилийн намар сугалааны хонжвор болж, цоожтой хаалганы цаана уйлж суух ёстой юм бэ. Хэдий болтол цэцэрлэгийн насныхан "Хүрэлцээгүй орон тоон" дээр "алалцах" ёстой юм бэ. Хэлээд өгөөч, дарга нар аа. Ингэхэд бид чинь “Эцэг эх нь НӨАТ-ын сугалаатай Энхрий үрс нь цэцэрлэгийн сугалаатай Энгийн иргэд нь газрын сугалаатай” орны иргэд болоо юу даа. Хэн бүхэнд аз таараад цэцэрлэг сургууль нь элбэг байдаг бол хэн ч юу ч хэлэхгүй, бас гомдлохгүй.

Нөгөөтээгүүр, цаг үеэ дагаад цэцэрлэг сургуулийн багш нарын бизнес хэрээс хэтэрч. Хичээлийн шинэ жил ойртох тусам тэд үнэд орж, хандивын ангид орвол ор. Хандив нь сая төгрөг гэж байх юм. Гэхдээ ханшийн хувьд байршлаас хамааралтай гэнэ билээ. Гэр хороолол дундах цэцэрлэгийн хандив 300-500 мянга байх жишээний. Хотын төв бол саяас дээш гэж дуулдсан. Тэгэхээр боловсролын салбар хэдийнээ авлига хээл хахуульд идэгдсэн байгаа биз. Асуудал үүгээр дуусахгүй. Арга үйлээ барж сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн нөхдүүд хэдэн жилийн дараа ерөнхий боловсролын сайн сургуульд элсэх асуудалтай тулгарна. Эцэг, эх бүхэн хүүхдэдээ сайн боловсрол олгож, тэр хэрээр сайн сайхан амьдралд хөл тавиулахыг хичээдэг нь нууц биш.

Тиймээс ЕБ-ын нэг, орос-3,18, 23,24, 84,33 дугаар сургуульд элсүүлэхийг хичээдэг. Дээр нь Кембержийн гэх тодотголтой лаборатори сургуулиудыг нэрлэх байна. Эдгээр сургуулиудын элсэлтийн хахуулийн ханш хавар гурван сая байсан бол өдгөө таван саяар хэмжигдэх болж. Таван сая бариад ирвэл асуудалгүй гээд хээв нэг сууж байх юм захирал, сургалтын менежерүүд нь. Нэгдүгээр сургуулийн нэг багшид сая төгрөг өгье гэсэн эцэгт “наад мөнгө чинь үдийн хоолтой л тэнцэнэ шүү дээ” хэмээн томорсон дуулдсан.

Ингэж хэлэхээр хахуульд өгдөг мөнгөө хувийн сайн сургуульд өг гэх хүн байж мэднэ. Жилийн таван сая төгрөгийн төлбөр төлөөд байх эдийн засгийн чадавхитай гэр бүл манай улсад хэд билээ. Тэгээд ч олон улсын хамтарсан хөтөлбөртэй бол төлбөр нь валютаар хэмжигддэгийг хэн бүхэн мэднэ.

Ийм нөхцөл байдалд бидний үрс боловсрол олж авах гээд зүтгэж байна даа. Өгдөг боловсрол нь чанартай, авдаг цалин маань сургалтын төлбөр төлөхөд асуудалгүй бол юу боллоо гэж боловсролын тогтолцоо, төр засаг руугаа дайрхад хүрэх билээ. Аль нь ч бидний хэрэглээг хангаж чадахгүй юм даа.

Уг нь гуравхан сая хүн, тэр дундаа сая дөнгөж гарах хүүхдийн асуудал юмсан. Шийдэх улс төрийн хүчин энэ хорин жилд гарсангүй. Тэр бүү хэл, шийднэ гээд төрд гарсан түшээд нь хүртэл гарсан хойно оо өөрийн хүүхдийн боловсролыг л өөд татаж, гадаадад сургуульд явуулах арга замыг эрэлхийлэхээс биш түмний үрсийн төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй. Ийм л цаг дор та бид амьдарч байна. Бачимдахдаа ад үзээд байсан социалист нийгмээ үгүйлэх л юм. Сайхан зүйлийг ухрааж болдог бол БНМАУ-ын боловсролын тогтолдоог хэрэгжүүлэхсэн. Ядах нь хахуул өгөх гэж өр зээл тавьж, арга үйлээ барахгүй биз.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ