Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан З.Цолмонгоос хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдлын талаар тодрууллаа.
- Нярайг эхийн сүүгээр хооллосноор ямар ашиг тустай вэ?
- Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн ашиг тустай. Тухайлбал, сүүнд хоёр төрлийн уураг байдаг. Казен болон шар сүүний уураг. Казен уураг гэдэг нь өтгөн том том молекултай шингэж боловсрохдоо удаан байдаг. Шар сүүний уураг маш амархан шингэдэг. Үнээний сүүнд казены агууламж 80 хувь, эхийн сүүнд шар сүүний уураг амархан боловсорч шингэхээс гадна халдварын эсрэг бодис агуулдаг.
- Хүүхдийг хөхнөөс нь гаргахгүй бол шүд нь цоордог гэж ярьдаг. Энэ үнэн үү?
- Энэ бол буруу ойлголт. Сүүлийн үед эмч нар ч “Хүүхдээ ийм том болсон хойно нь хөхүүлээд байгаа юм уу, хөхүүлснээс болоод шүд нь цоорлоо” гэж хэлдэг болсон. 1998 онд дэлхий нийтэд эрдэм шинжилгээний судалгаа хийж худлаа гэдгийг нотолсон. Учир нь эхийн сүүнд байдаг лактозо сахар нь бүх хөхтөн амьтны сүүнд байдаг. Амьтны үр төл шүд нь цоорохгүй байхад хүний хүүхдийн шүд нь цоороод байгааг судалсан. Эхийн сүүнд шүд гэмтээх нь битгий хэл түүнийг хамгаалах бодис агуулагддаг. Хүүхдээ хөхүүлэх тусам шүд нь бэхжинэ. Амаар хооллох, халбага солих, сахарын агууламж ихтэй бүтээгдэхүүн өгснөөс хүүхдийн шууд цоордог. Нэмж хэлэхэд эхийн сүүнд урт гинжин холбоот омега 3.6 гэж бодис байдаг. Энэ нь хүүхдийн оюуны хөгжил, хараанд сайн. Харин эхийн сүү орлуулагчид байдаг омега 3.6 нь байгалийн биш химийн найрлагатай богино гинжин холбоот омега 3.6 юм.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин