Б.ОТГОНСҮХ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЭНГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛЖ ЭХЭЛСЭН




Өнөөдөр есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийн баярын өдөр. Энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн 21, 22, 32 дугаар хорооноос НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Отгонсүх СХД-ийн 122-р бүрэн дунд сургууль, 188-р цэцэрлэгийн шинэ өргөтгөлийн нээлтэд оролцож нийт сурагч, эцэг эхчүүд, эрдэмтэн багш нарт баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг нийт бяцхан хүүхдүүд, сурагчид, эрдэмтэн багш нартаа дэвшүүлье. СХД-ийн 22-р хороо сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу. Дунд сургууль 3 ээлжээр хичээллэдэг. Өнгөрсөн жилийн судалгаагаар 1600 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажлууд хийж байна. 188-р цэцэрлэгийн шинээр баригдсан 150 хүүхдийн өргөтгөл ашиглалтад орлоо. Будаг нь ханхалсан шинэ цэцэрлэгтээ хүүхдүүдээ хүлээн авч байгаад баяртай байна” гэлээ.

 

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүхээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Цаашид цэцэрлэгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, дунд сургуулийн 3 ээлжийг багасгах чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-НИТХ, Засаг даргын тамгын газраас 2020 гэхэд нийслэлийн сургуулиудыг 3 ээлжээр хичээллэдэг байдлыг бүрмөсөн зогсоох, гэртээ хүмүүжиж байгаа сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьсан. СХД-ийн 22-р хороонд энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр 700 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор бий болж байна. Тэгэхээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 1600 хүүхдээс энэ жил 700 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдсан гэсэн үг.

Ямар ч байсан үр дүн гарч эхэлж байна. Дараа жил 400-500 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 188-р цэцэрлэгийн тухайд аль болох олон хүүхэд хамруулахын тулд гэр цэцэрлэгт 4 анги ажиллана. Энэ мэтчилэн шат дараатай ажил хийж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн цэцэрлэгт хамрагдаж огт чаддаггүй. Таныг энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэж дуулсан? 

-Хүн ам ихтэй учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо харьцангуй өндөр. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгт хамруулах чиглэлд ямар нэг арга хэмжээ авч байгаагүй юм билээ. Тиймээс өөрийн санал санаачлагаар 118-р цэцэрлэгийн шинэ өргөтгөлд нэрэмжит бүлэг нээсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зориулсан сандал ширээ, бусад хэрэглэгдэхүүнээр хангаж, анги танхимыг хувийнхаа хөрөнгөөр тохижууллаа.

 Зорилтот бүлгийн хүүхдүүд гэрээр юмуу тусгай сургууль, цэцэрлэгт хүмүүжих албагүй. Цаашид тэднийг энгийн цэцэрлэгт, энгийн хүүхдүүдтэй хамт сургах, дадал зуршил олгох, хөгжүүлэх чиглэлд анхаарна. Тодорхой үр дүн гарах болов уу. Бодлого тодорхойлж, шийдвэр гаргаж буй хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн хүүхдүүдтэй хамт сургах орчин нөхцлийг хангах чиглэлд бодитой ажил хийхийг уриалж байна.
 

Тэрбээр мөн СХД-ийн 22, 32-р хорооны хүүхдүүдийг хамруулдаг 122-р цэцэрлэгийг нээлтэд оролцон ирэх жил барилгын ажил нь эхлэх шинэ өргөтгөлийн ажилд санаа тавьж ажиллахаа илэрхийлсэн юм. 

122-р сургуульд энэ жил нэгдүгээр ангид 300 гаруй сурагч шинээр элсчээ. Цаашдаа хүн амын өсөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор сургуулийн өргөтгөлийн барилгыг цаг хугацаанд эхлүүлэх шаардлага байгааг сургуулийн захирал А.Цэцэгсүрэн онцолж байлаа. Сургуулийн өргөтгөлийн санхүүжилт болох 5.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр УИХ-ын гишүүн Б.Ундармаа улсын төсөвт суулгажээ. Өргөтгөл ашиглалтад орсноор 3 ээлжээр хичээллэх байдал бүрэн арилах юм байна.

Тус сургуульд 22-р хороо Тахилт, Баянтуруун, Баян-Уул, 32-р хорооны Баруунтуруун, Эмээлтийн хүүхдүүд суралцдаг. Сүүлийн жилүүдэд суурьшлын бүс нэмэгдэх болсонтой холбоотойгоор сургуулийн ачаалал 2.5 дахин өсчээ.

Тус сургуулийн захирал А.Цэцэгсүрэн “ Манай сургууль үйл ажиллагаагаа явуулаад 5 жил болж байна. Өнгөрсөн жил нийслэлийн ЭКО сургууль болсон. Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдын дундаж оноо 511 байж СХД-ийн сургуулиудыг тэргүүлсэн. Манай сургуулийн 10-р ангийн сурагч Мөнхгэрэл өсвөрийн жудогийн олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль, Өсвөрийн улсын аварга болсон. Мөн мэргэжлийн олимпиад, дүүрэг, нийслэл, бүсийн олимпиадаас алт, мөнгө хүрэл медаль хүртсэн амжилттай шинэ хичээлийн жилийг угтаж байна. Бид 2017-2018 оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоо өсгөх, мэргэжлийн олимпиадуудад амжилтаа ахиулах зорилго тавин ажиллаж байна” гэлээ.








Эх сурвалж: Zuv.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ