BRICS-ийн дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Шиамен хотод үргэлжилж, эдийн засгийн хамтын ажиллагааг голчлон хэлэлцлээ. Энэ хүрээнд BRICS-ийн эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагууБНХАУ 76.4 сая ам.долларыг олгохоо мэдэгдсэн юм. Мөн 2015 онд байгуулагдсан Шинэ хөгжлийн банкаар дамжуулан ирэх жилд дөрвөн тэрбум ам.долларын зээл олгоно гэдгийг тус банкны тэргүүн онцолсон байна. Мөн BRICS-ийн уулзалтын хүрээнд Төрийн тэргүүнүүд хүндэтгэлийн зоог барилаа. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн тэргүүн "Гишүүн орнуудыг олон улсын асуудалд илүү чухал байр суурьтай оролцох ёстой" гэж мэдэгдсэн байна. Мөн “BRICS-ийн орнууд НҮБ ба Аюулгүйн зөвлөлийн бодлого, үйл ажиллагаанд шинэчлэл хийх ёстой” гэж үзжээ.
Үүнээс гадна BRICS-ийн орнуудын Бизнесийн зөвлөлийн уулзалт болж өндөрлөлөө. Энэ үеэр Төрийн тэргүүнүүд "BRICS-ийн Бизнесийн зөвлөл үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байгаа"-г мэдэгдсэн байна. Энэ нь гишүүн таван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх гол түрхүүрийн нэг аж. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гишүүн орнууд худалдаа, хөрөнгө оруулалт болон шинжлэх ухаан технологийн харилцааг гүнзгийрүүлэх хэрэгтэй талаар онцоллоо. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “BRICS-ийн гишүүн таван улсын оролцоогүйгээр олон улсад тулгараад буй олон асуудал зохих ёсоор, үр дүнтэйгээр шийдвэрлэгдэж чадахгүй. Иймээс бид дуу хоолойгоо нэгтгэж, бидний өмнө тулгараад буй олон асуудалд нэгэн ижил төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Энэ нь олон улсын нийгэмлэгүүд төдийгүй гишүүн таван улсын нэгдмэл ашиг сонирхол юм” гэж мэдэгдсэн байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Өнөөдөр BRICS-ийн гишүүн орнуудын өмнө маш чухал даалгавар тулгарлаа. Энэ бол бид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлага юм. Бид зөвхөн худалдаа ч бус хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан болон технологийн салбарт харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.