Дархан-Уул аймгийн ДСЦТС ХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Батжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“ДСЦТС” ХК анх хувьчлагдаж байсан тэр үеэтэй харьцуулахад үйл ажиллагааны цар хүрээ, бүтэц орон тоо хэрхэн өөрчлөгдөв?
-Манай компани үүсгэн байгуулагдаад 52 жил болж байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эрчим хүчний тухай хуулийн дагуу Засгийн газрын 2001 оны наймдугаар сарын 01-ны 164 дүгээр тогтоол, ТӨХ-ны 454 дүгээр тогтоолоор зарласан нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлагдан “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК нь 2004 онд “Хасвуу” ХХК-ийн мэдэлд шилжин үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөнгөний ханш ч чанга байх тэр үед 3.6 тэрбум орчим төгрөгөөр хувьчлагдсан юм.
Тухайн үед би Борлуулалтын асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа Жаргалант Зүүнхараагийн салбарыг хувийн хэвшилд шилжүүлэх комисст орж ажилласан. Тэргүүн дэд захирал Ганхуяг хойд чиглэлд, гүйцэтгэх захирал Цэрэндамба манай төвийн хэсэгт гээд бид гурав гурван тийшээ явж хувийн хэвшилд шилжүүлэн өгч байсан түүхтэй. Ингэж л манай компани салбартаа анхдагч хувийн цахилгаан түгээх сүлжээ болсон доо.
Тухайн үед техник тоноглолууд их муудсан, санхүү эдийн засаг ч хүнд байлаа. Гэхдээ яваандаа зорилго нь тодорхой болоод, хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдээд ажил аяндаа жигдэрч эхэлсэн. Анх хувьчлагдахдаа манай компани 372 ажилтантай байсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, техник технологио сайжруулж, өнөөдрийн байдлаар 434 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Бид техник технологийн хувьд дэвшиж, сайжирсаар байгаа. Нийтдээ 11 систем, програм хангамжуудыг нэвтрүүлж чадлаа. Бид ажиллагсдынхаа нийгмийн асуудалд жилдээ 400 сая төгрөг зарцуулж үйлдвэрчний хороотойгоо хамтын гэрээ байгуулан ажиллаж, ажилчдынхаа цалин хөлсийг ч гэсэн ЭХЗХ-оос тогтоож өгсөн тарифын хэмжээнд нэмсээр ирсэн.
Одоо ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр ажилчиддаа зориулсан орон сууцны барилга барьж эхлээд байна. Манай нийт ажилчдын 60 гаруй хувь нь залуучууд байгаа. Тиймээс тэднийг сургах, мэргэшүүлэх, орон байртай болгох тал дээр анхаарч ажиллаж байна.
-Үйлчлэх хүрээний хувьд ямар байна. Цаашид өргөжих үү?
-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэнгээс бусад бүх сумд ордог. Дархан-Уул аймгийн бүх сумд, Төв аймгийн хойд хэсгийн зургаан сум ордог. Төв аймгийн Заамар, Борнуураас хойш нийт 73 мянган км квадрат газар ажил үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. Энэ үйлчлэх хүрээнд 50 гаруй жил ажиллаж байна. Цаашид өөрчлөгдөхгүй байх.
-Жил ирэх тусам цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн тоо өсөж байна. Өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?
-Компанийн хэмжээнд нийт 47 мянга гаруй хэрэглэгчтэй. Жил бүр 2000 айл өрхөөр нэмэгдэж байдаг. Харамсалтай нь сүүлийн үед зарим уул уурхай, барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд шинээр баригдаж байгаа орон сууц, газар олголттой холбоотойгоор жилдээ 1000 гаруй хэрэглэгчээр нэмэгдэж байна.
-Хэрэглээг хангах дэд бүтцээ компанийн хөрөнгөөр байгуулж байна уу?
-Бидэнд 2015 он хүртэл тийм боломж байгаагүй. Байнга л улсын төсвөөр хийлгэе гэдэг саналыг аймаг, сум руу өгдөг байсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013-2015 онд 20.8 тэрбум төгрөгийн өртөгтэй томоохон ажлууд хийгдсэн. Нэг үеэ бодоход Дархан-Уул аймагт шинэ хэрэглэгч холбогдоход айх зүйлгүй болсон. II хороолол, 11-31 дүгээр хороолол, Хөтөл хорооллын цахилгаан хангамжийн асуудлыг шийдчихлээ. Өнөөдрийн байдлаар Дарханд цахилгаанд холбогдоогүй нэг ч айл байхгүй. Аймгийн Засаг даргын уулзалт болон сонгуулийн үеэрх уулзалтууд, байгууллагаас зохион байгуулдаг хэрэглэгчдийн өдөрлөгийн үеэр цахилгаанд холбогдоогүй айл өрхүүд мэр сэр гарч ирдэг. Ийм асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байгаа. 2016 оны сонгуулиар 170-аад айл гарч ирснийг нь тухайн ондоо багтааж холбож өгсөн. Саяхан 1-3 дугаар багт зохион байгуулсан Иргэний танхимын хэлэлцүүлгийн үеэр долоон айл гарч ирснийг бас цахилгаантай болголоо. Ер нь бол бичиг баримтаа бүрэн бүрдүүлж, газрын гэрчилгээгээ авсан зөвшөөрөлтэй айл өрхийг цахилгаанаар хангах бодлого баримталж байна. Зөвшөөрөлгүй, төлөвлөлтөд багтаагүй газар буусан айлуудыг цахилгаанаар хангахыг орон нутгийн засаг захиргаанаас хориглосон байдаг. Иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу энэ жил тэрбум орчим төгрөгөөр Ширээ нурууны модон шугамтай, бие биеэсээ дамжуулаад авсан цахилгаантай айлуудыг бетонон тулгууртай, агаарын кабель шугамтай, ухаалаг тоолууртай болгох ажил хийгдэж дуусч байна.
-Бетонт тулгуураа танайх өөрсдөө үйлдвэрлэдэг үү?
-Тийм ээ. Бетонт тулгуурыг манайх үйлдвэрлэдэг болоод хоёр жил болж байна. Төмөр хийцүүдээ өөрсдөө хийж байна. Төмөр, тоолуурын хайрцагнаас бусад тоноглол сэлбэг материалаа ОХУ болон Германаас авдаг. Энэ нь чанартай, үйлдвэрээс шууд авдаг тул өртөг боломжийн.
-Сүүлийн үед хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтын ажлуудаас нэрлэвэл?
-2015 онд зургаа гаруй тэрбум, 2016 онд 7.2 тэрбум төгрөгийн ажил хийсэн. 2017 онд 9.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөн ажилдаа ороод байна . Бүс нутгийн хэмжээнд хийж байгаа ажлуудаас Ухаалаг тоолуур, Европ стандартын нарийн технологитой, өндөр өртөгтэй ажлууд нь Дарханд хийгдэж байсан бол одоо бүх салбарууд руу нэвтэрлээ. Анх ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх ажил руу бид ямар ч туршлагагүй онолын мэдлэгтэй залуусаас ажлын хэсэг байгуулаад 2012 онд орж байсан. Манай оронд байтугай ОХУ-д ч нэвтрээгүй. Хятадад дөнгөж шинээр эхэлж байсан гээд бод доо. Эхний үед хүнд байсан ч хагас жилийн хугацаанд учраа олж, программ хангамжуудаасаа эхлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. 2012 онд Дарханы Тосгон хэсэгт программ хангамжуудаа өөрчилж эхэлсэн. Энэ маань амжилттай болсон учир хуучин 1961 онд баригдсан Төмөр замын холбооны байшинг буулгаж, 2013 онд Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн барилгыг барьж, бүтэц зохион байгуулалтаас эхлээд бүх зүйлийг өөрчилсөн. Мөн л эхний жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой сайн явагдаагүй, ажлын үзүүлэлтүүд нь муудаж эхэлсэн. М.Навчаа даргатай ХҮТ-ийн хамт олоны уйгагүй хичээл зүтгэлээр ухаалаг тоолуурын систем жигдэрч амжилттай болон бусад салбарууд руу нэвтэрсэн хэрэг. Өнөөдрийн байдлаар нийт хэрэглэгчдийнхээ тал хувийг буюу 23 мянган хэрэглэгчийг ухаалаг тоолуурт шилжүүлсэн. 2017 оны хоёрдугаар хагас жилд дахиад 23 мянгыг тавьчих юм бол “ДСЦТС” ХК тэр чигээрээ ухаалаг тоолуурт шилжинэ гэсэн үг. Урьд нь айлуудад цаас бичээд л явдаг байсан бол одоо гар утас руу нь мессэжээр явуулаад хуулийн хугацаа нь болонгуут автоматаар цахилгаанаа түдгэлзүүлээд төлбөр хийнгүүт автоматаар залгадаг гээд хүний хөдөлмөрийг хөнгөвчилж өгсөн. Нөгөө талаасаа хэрэглэгчдэд ашигтай. Хангагч хэрэглэгчийн хооронд үл ойлголцол гарахгүй их амар болсон. Энэ тоолуур нь цагийн ялгавартай тарифтай, шөнийн хямдралтай тоолдог, гэр хорооллын айлд бүр ашигтай шөнийн тарифыг дахиад 50 хувь хөнгөлнө.
-Өдөр шөнийн тарифыг яаж тооцож байгаа билээ?
-Өдрийн тариф өглөөний 06:00 цагаас оройны 21:00 цаг хүртэл энгийн, 21:00 цагаас 06:00 цаг хүртэл шөнийн тарифаар хямдарч байгаа. Гэтэл одоо гэр хорооллын айл өрхүүдэд шөнийн тарифыг ЭХЗХорооны тогтоолоор дахиад 50 хувь хямдруулж байна. Ингэснээр гэр хорооллын айлууд шөнөөр нүүрс түлэхгүй цахилгаанаар халаах боломжтой болж байгаа юм.
-Нийслэл хотод хэрэгжүүлсэн шөнийн тарифыг тэглэх ажлыг Дарханд хэрэгжүүлэх боломжтой юу?
-Иргэд аймаг сумын ИТХ, нутгийн захиргааны байгууллагуудаараа дамжуулж манай салбарын зохицуулах хороонд саналаа өгвөл үнэ тэглэдэггүй юм гэхэд хямдруулж болох байх. Хойшоо гаргаж байгаа эрчим хүчээ өртгөөр нь шөнө тооцдог болчихвол нүүрс түлдэг айлууд цахилгаан бойлуур луу шилжчихэж байгаа юм. Дарханы хувьд шугам сүлжээ нь дөнгөж шинэчлэгдээд явж байгаа учраас тийм шийдвэр гарах юм бол бид ч бас шугам сүлжээгээ нөөцтэй байгуулж байрлуулах боломжтой. Шугам тоноглолдоо шинэчлэлт хийж байгаа энэ үед айлуудын ахуйн хэрэглээнээс гадна нэмэлт халаалт бойлуур орж ирэх юм байна гэж тооцож шугам сүлжээгээ өргөтгөх ёстой юм.
-Одоогийн байдлаар дэд станцуудын хүчин чадал ямар байна вэ?
-Дэд станцын хүчин чадал дараагийн 10 жилдээ асуудалгүй гэж тооцож байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35/6 кВ-ын дэд станцыг үйлдвэрийн районд байгуулсан. Дөрвөн том хуваарилах байгууламж баригдчихлаа. Дархан хотын хувьд дараагийн 10 жилдээ цахилгаан эрчим хүчний эх үүсвэр талаасаа ямар ч асуудалгүй. Шинээр хорооллууд, барилга байгууламж баригдаад эхэлвэл цахилгаанаар хангахад асуудалгүй. Мөн хөдөөнийхөө станцуудыг шинэчилж хүчин чадлыг нь нэмэгдүүлчихсэн. Жишээлбэл, хоёр шинэ дэд станцыг Германы технологиор 2016 онд барьсан.
-2017 оны хөрөнгө оруулалтын ажлаасаа тодруулахгүй юу?
-2017 онд 9.2 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэхээс гурван тэрбум орчим нь ухаалаг тоолуур худалдан авахад зарцуулагдах юм. Энэ онд манай компани мэдээллийн технологид шилжиж орсны таван жилийн ой тохиож байгаа. Ойгоо угтаад компанийнхаа бүх хэрэглэгчийг ухаалаг тоолуураар хангахыг зорьж байна. Цахилгаан эрчим хүчний хяналт удирдлага, арилжааны автоматжуулсан систем нь дотроо их том цогц 11 систем, программ хангамжаас бүрддэг бөгөөд ухаалаг тоолуурын систем нь үүний зөвхөн нэг хэсэг нь шүү дээ. Бусад нь камер, диспетчерйин хяналтын, автомашинуудын хяналтын GPS-тэй систем гээд байгаа.
-Орон нутагтайгаа хэр уялдаж хамтарч ажиллаж байна. Дэмжлэг хэр байна вэ?
-Маш сайн хамтарч ажилладаг. Сүүлийн 3-4 жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн. Хөтөл хороолол, хоёрдугаар хороолол, 35/10 кВ-ын дэд станц, 11-31 дүгээр хороолол гээд таван багц бүтээн байгуулалт байгаа. Энэ ажлуудыг Улсын төсөвт суулгах, эхлүүлж хийлгэх тал дээр аймгийн талаас их санаачлагатай оролцсон.
-Компани орлого ашгийн хувьд ямар байна?
-Манай компани 2015 оноос хойш алдагдалгүй ажиллаж байна. Үнэ тарифыг индексжүүлсэн нь салбарын болон манай компанийн санхүү эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж алдагдалгүй ажиллах боломжид хүргэсэн.
-Одоо эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орох болов уу?
-Өөрчлөгдөнө. Эрчим хүчний тухай хууль шинэчлэгдсэн байгаа. Энд үнийг индексжүүлнэ гэж заасан. Хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээний ажилд хэрэглэгдэх импортоор авч байгаа сэлбэг материалын үнийн өсөлтөөс зэрэг олон зүйлээс хамаарна.
-Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлтийн горим гэж ярих боллоо. Энэ яг юуг хэлээд байна вэ?
-Монгол Улс өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэж байгаа ч гаднаас өндөр үнээр эрчим хүч худалдаж авдаг улс. Жилээс жилд эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа. Энэ хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэхийн тулд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараатай хийж байна. Гэхдээ эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэсэн эрчим хүчээ хэмнэж, дотоод нөөц бололцоогоо ашиглах зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ үүднээс эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гаргалаа. Байгууллагууд эрчим хүчний хэмнэлтийн менежерийн орон тоотой болсон. Эхний ээлжинд эрчим хүчний салбар дотор хэмнэлт явагдах ёстой. Цаашлаад нийгмийн хариуцлагатай том хэрэглэгчиддээ шаардлага тавих буюу тоног төхөөрөмжөө шинэ технологид шилжүүлэхийг санал болгох цахилгаанаа хэмнэхийг зөвлөнө.
-Бусад орнуудын цахилгаан түгээх сүлжээний компаниудтай харьцуулахад хаана нь явж байна. Гадаад харилцаагаа хэрхэн өргөжүүлж байна вэ?
-Манай компани Европ стандарт хэрэгжүүлэхийн төлөө л зүтгэж байна. Хятадаас төмөр хийцээс өөр тоног төхөөрөмж худалдаж авдаггүй. ОХУ болон ХБНГУ-аас тоног төхөөрөмжөө авдаг. Яагаад тийшээ зүтгээд байгаа юм гэхээр бусад хөгжилтэй орнуудаас хол хоцорсон байна. Жишээлбэл, манай компанийн 2010 оноос хойш хийгээд байгаа шугам тоноглолын шинэчлэлийн ажлыг тэд 20 жилийн хугацаанд шат дараатайгаар хийгээд дууссан байна. СКАДА болон бусад мэдээллийн шинэ технологийг нэтрүүлээд олон жилийн баялаг туршлагатай болсон. Ялангуяа үйлчилгээний тал дээр манайх их хоцрогдсон байгаа. Бид богино хугацаанд шугам сүлжээгээ шинэчлэж авахгүй бол маш их хоцрох гээд байна.
-Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон ажлууд хийгддэг. Томоохон ямар ажлуудыг хийж ирэв?
-Бид олон жилийн өмнөөс нийгмийн хариуцлагатай байгууллага гэгдэж хамт олон маань энэ нэр томъёог ухамсарлаж яваа. 300 мянган хүн амд үйлчилж байгаа тэднийг дулаан цахилгаантай байлгах үүрэг хүлээсэн, хэрэглэгч хаан байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг байгууллага. Өнгөрсөн онуудад манай аймагт болон Төв аймаг, Хөтөлд гарсан гамшиг ослын үеэр Онцгой байдлын газартай хамтран маш үр дүнтэй ажилласан. Ер нь нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан, Сэлэнгэ Төв аймаг гээд л бүхий л газраас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд манай салбаруудын хамт олон оролцож, дэмжлэг хүссэн тохиолдолд чадлаараа л тусалж дэмжиж ирсэн дээ.