Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойн хүрээнд “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдсан билээ. Тус хурлын үр дүн, цаашдаа хийх ажлуудын талаар УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга, Анагаах ухааны доктор, их эмч Д.Баян-Өндөртэй ярилцлаа.
- Өнөөдөр мэргэжлийн эмч нар Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлагыг тодорхойлж байна. Энэ ажлын хүрээнд Олон улсын хурал саяхан зохион байгууллаа. Тус хурлын үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
- Энэ удаагийн Олон улсын хурлыг зохион байгуулахдаа бид илүү өгөөжтэй, шинэлэг байх талаас нь анхаарч ажиллалаа. Хурлын үеэр хэд хэдэн онцлох арга хэмжээ болсон. Тухайлбал, манай залуу эмч нарыг сургасан БНХАУ, АНУ, БНСУ-ын профессор, докторууд ирж шавь нарынхаа хамт мэс засал хийсэн. И нгэхдээ багш нар нь мэс заслын үйл явцыг тайлбарласан сургалтын дамжуулалттай видео хэлбэрээр хүргэсэн нь манай орон нутгаас ирсэн залуу эмч, оролцогчдод ихээхэн туршлага мэдлэг болсон гэж ойлгож байгаа. Мөн гаднын профессорууд өөрсдийн судалгааны мастер лекц, илтгэлүүдээ тавьсан нь манай салбарт онолын хувьд чухал мэдээлэл байв. Жишээлбэл, дурангийн мэс заслын үед болон дараа нь гарч болох хүндрэлүүдийн талаар видео бичлэгтэй илтгэлүүд тавигдсан бөгөөд өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг олгосон сургалт боллоо. Зарим эмч нар гахайн дээр хийж байгаа туршилтын мэс засал, хүний хавдартай бөөрийг дурангаар авч, дараа нь бөөр шилжүүлэн суулгах мэс заслын тухай, давсагны хавдрын орчин үеийн оношлогооны чиг хандлага, бөөр шилжүүлэн суулгахад донор бөөрийг дурангаар авах мэс заслын техникийн талаар тус тус лекц уншлаа. Олон улсад нэг сэдвийн хүрээнд судалж буй материалууд дэлгэрэнгүйгээр нэг дор аль нэгэн сайт, сурах бичигт тэр бүр байдаггүй юм.
Манай залуу эмч нарыг сургасан БНХАУ, АНУ, БНСУ-ын профессор, докторууд ирж шавь нарынхаа хамт мэс засал хийсэн.
Харин энэ бүхнийг олон улсын хурлаас авах бүрэн боломж бидэнд байна. Аливаа хурлын гол ач холбогдол нь хүмүүсийг нэг дор нэг ижил мэдээллээр хангахад ач холбогдол нь оршдог. Мөн орон нутгаас ирсэн эмч нар идэвхитэй ирж, хуралд оролцлоо. Манай Урологийн эмч нар нийт 40 гаруй болжээ. Үүнд, УНТЭ хөдөө орон нутгийн, хүүхдийн урологи, хавдрын урологи зэрэг олон эмч нар цугларсан. Үүнээс гадна орчин үеийн чиг хандлага сэдэвт илтгэлүүдэд 2010-2017 онд хэвлэгдсэн эрдэмтдийн бүтээлүүдийг тойм болгоод олон орны сэтгүүлд гарсан бүтээлүүдийг багтаасан нь их ач холбогдолтой байлаа.
- Бөөрний мэс заслын чиглэлээр анхны сурах бичгийг ойн арга хэмжээнд зориулж гаргасан гэлээ. Энэ талаар тодруулж ярьж өгөөч?
- Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан олон улсын энэхүү хурал бидний 2017 оны үйл ажиллагааны нэгээхэн хэсэг байв.
Бидний хамгийн гол зорьсон зүйл нь бөөрний мэс заслын эмч, оюутнуудад гарын авлага, бөөрний мэс заслын анхны сурах бичгийг Монгол хэл дээр гаргасан явдал юм.
Энэ сурах бичгийг гаргахад хурал зохион байгуулахаас илүү их хэмжээний хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан. Тус сурах бичгийн дийлэнхи хувийг УНТЭ-ийн зөвлөх эмч, гавьяат эмч Д.Нямсүрэн бичиж, миний бие бөөрний чулуужих өвчний талаар бичлээ . Мөн залуу эмч нар тодорхой сэдвүүдийг авч бэлтгэж, АШУҮИС-ийн .Хоролоо багш редакторласан хамтын бүтээл юм. Манай оюутнууд бөөрний мэс заслын чиглэлээр сургуулиасаа мэдлэг олж авах боломж хомсдолтой байлаа. Учир нь эх хэл дээрээ ойлгох сурах бичиг байхгүйн улмаас нарийн мэргэжлийн гол гол ойлголтуудыг гадаад хэл дээрх номноос бүрэн авч чаддаггүй. Тиймээс бид уг ажлыг эхлүүлж, хийж дуусгалаа.
-Ойн хүрээнд зөвхөн энэ сурах бичгээр тогтохгүй хэд, хэдэн ном гаргасан байна лээ. Эдгээр номуудыг салбараа багцалсан бүтээлүүд гэж ойлгож болох уу?
-Аливаа зүйл хэлбэр төдий харагдахаасаа илүү агуулгатай, хэрэглэгдэхүйц байх нь хамгийн чухал. Урологи-Андрологийн төвийн 60 жилийн түүх, эмч, мэргэжилтнүүдийн хүч хөдөлмөр, гавьяаг дуурсгах, хойч үедээ үнэн зөв мэдээ, мэдээллийг үлдээхийн тулд бид “Зураг түүх өгүүлнэ” фото ном , сүүлийн арван жилийн бөөрний мэс заслын технологи, дэвшилт, эмчилгээ, судалгаа, салбарын хүмүүсийн хэвлэн нийтэлсэн бүх материалыг багтааж ном гаргаса н.
“Зураг түүх өгүүлнэ” фото номны онцлог нь сүүлийн арван жилийн хугацаанд хийсэн ажлууд, оролцсон олон улсын болон дотоод хурлууд, урлаг уран сайхан, сургалтад хамрагдсан зэрэг бүх үйл явдлууд зургаар илэрхийлэгдэж гарсан.
Анхны ном нь 50 жилийн ойн босгон дээр гарч байсан бол хоёр дахь ном нь одоо гарлаа.
Бид интернэтээс мэргэжлийн гол ойлголт, мэдлэгийг авч чаддаггүй. Сэтгүүлээс мэдээлэл цуглуулья гэхээр номын санд сэтгүүл нь хангалтгүй зэрэг бэрхшээлүүд бий. Судлаач болохоор материал, судалгаа, баримт цуглуулна гэдэг их хүндрэлтэй байдгийг бид мэднэ. Тал талаас үнэн бодит, баттай судлагаатай нь мэдэгдэхгүй энэ олон мэдээлэл хүнд цэгцтэй мэдлэг болж очиж чаддаггүй. Тиймээс сүүлийн арван жилийн бөөрний мэс заслын талаар бүх мэдээллийг бидний гаргасан “Үе үеийн эрдэмтдийн бүтээл” нэртэй хоёрдугаар эмхэтгэл номоос авч болно.
-Сая ирсэн гаднын эмч, профессорууд Монголд дахин ирэх үү. Хамтын ажиллагаа ямар төвшинд явж байгаа вэ?
-Ирэх жил гурван гаднын баг ирэх төлөвлөгөөтэй байгаа. Сая АНУ-аас ирсэн багийнхантай дараа жил хамтарсан мэс засал хийнэ. Дараа жил ирэх нэг багийг нь би хөдөө орон нутаг руу авч явж, хүнд мэс заслудыг хийлгэх бодолтой байгаа.
Энэ оны 12 дугаар сард БНХАУ-ын эмч нарын баг өөрсдийн лазерын аппаратаа авчирч мэс засал хийнэ. Манай улсын хувьд лазерын аппарат байхгүй учраас тухайн орны эмч нар гаалийн татвараа өөрсдөө төлөөд, лазерын аппаратаа авчрахаар төлөвлөж байна.
Сүүлийн жилүүдэд манай салбарт хамтын ажиллагаа хүрээгээ тэлснээр бид туршлага солилцож, мэдлэгээ хуваалцах, хийсэн ажлаа олон улсад үнэлүүлэх боломжийг нээсэн. Үүнийгээ дагаад бид олон улстай хөл нийлүүлэн алхахад эмч нарын ур чадвараас илүү тоног төхөөрөмжийн асуудал зайлшгүй сөхөгдөж байна. Тухайлбал, Монгол Улс ойрын хугацаанд лазерын аппараттай болох зайлшгүй шаардлагатай байна. Лазераар мэс засал хийхэд чулуу буталдаг, давсагны хортой хавдар, эдийн шинжилгээний биопси авах, түрүү булчирхай авах зэрэгт цус бага гаргадаг, мэс заслын дараах хүндрэл багатай байгааг олон улсын төвшинд ярьж байна . Сүүлийн найман жилийн хугацаанд лазерын аппаратыг захиалж байгаа боловч Засгийн газар их солигдож байгаатай холбогдуулан саад ихтэй байна. Нэг хүнтэй ярьж асуудлаа шийдээд шат, шат дамжаад явахад Засгийн газар унах зэрэг тогтворгүй асуудлаас болоод төсөл дахин эхлэх болдог. Лазерын аппаратыг оруулж ирэхийн төлөө дахиад эхнээс нь хөөцөлдөнө. Монгол Улсын хэмжээнд энэ аппарат заавал байх ёстой зүйл юм.
- Олон улсын хурал цаашдаа тогтмол зохион байгуулагдах уу?
-Бид энэ хурлыг хоёр жил тутамд нэг удаа хийхээр төлөвлөж байна. 2019 оны хурлаараа манай улс дэвшил гаргачихсан, лазерын аппараттай болчихсон тохиолдолд тавьж байгаа илтгэл, судалгааны ажлууд өөрчлөгдөнө.
Гадаад илтгэгчдийн бэлдсэн судалгааны ажлуудыг сонсдог байсан бол, дараагийн удаа өөрсдөө судалгааны ажлаа танилцуулж, багаж тоног төхөөрөмжтэй өөрсдөө мэс засал хийж үзүүлэх боломжууд гарна.
-Бөөрний мэс заслын чиглэлээр хүний нөөц хэр хангалттай байна вэ?
-Нийт улс орны хэмжээнд 40 гаруй эмч байна. Энэ жил бөөрний мэс заслын чиглэлээр нэг дор гурван хүн төгсгөсөн, намрын элсэлтээр гурав юм уу таван хүн элсэх байх . Олноор нь элсүүлэхгүй байгаа шалтгаан нь Монгол Улсын хэмжээнд олон Урологийн эмч нарыг төгсгөж гаргалаа гэхэд тэдгээрийг хангах багаж тоноглол хангалтгүй байна. Сургасан эмч нараа нутагтаа очиж, бие даан мэс засал хийх хүртэл бид очиж, хянаж тусладаг. Цаашдаа бид УАТ-д хийх мэс заслуудаа видео бичлэг болгон өвчтөнд таниулан зөвлөгөө өгөх зорилгоор Youtube.com дээр байрлуулах зэргээр сургалтын материалдад анхаарал хандуулж ажиллана.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН