Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмартай ярилцлаа. Тус холбооноос өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлсэн төдийгүй эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж Ялалтын талбайд тайван цагаан жагсаал зохион байгуулсан юм.
-Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 9500 орчим эмч, 11 мянга гаруй сувилагч ажилладаг гэсэн албан ёсны тоо байдаг юм билээ. Энэ бүгдийн дуу хоолой тайван жагсаалд нэгдсэн гэж ойлгож болох уу. Ер нь та жагсаал хийх болсон шалтгааныхаа талаар тайлбар өгнө үү?
-Бид энэ тэмцлийг зөвхөн өнөөдөр шийдээд хийж байгаа юм биш. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар шаардах, сануулах ажлыг энэ оны хоёрдугаар сараас холбогдох яамдад тавьж, илэрхийлсээр ирлээ. Өнгөрсөн наймдугаар сарын 30-наас Монгол Улсын төсөв хэлэлцэх гэж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийж, холбогдох газруудад мэдэгдэл хүргүүлсэн. Харамсалтай нь, Засгийн газар, УИХ, холбогдох яамныхан хоорондоо бичиг шидэлцсээр шийдсэн зүйлгүй өнөөдрийг хүрлээ. Ялангуяа Монгол Улсын Засгийн газар бидний шаардлагыг үл ойшоон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийг хийлгүйгээр 2018 оны улсын төсвийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан учраас эмч, эмнэлгийн ажилчид бид гарцаагүй дараагийн тэмцлийг хийхээс өөр аргагүйд хүрсэн. Энэхүү тайван цагаан жагсаалд Улаанбаатар болон 21 аймгийн төлөөлөл болох 15 мянган эмч, ажилтан оролцохоор урьдчилан мэдээллээ өгсөн. Энэ бол эрүүл мэндийн салбарын ажилчдын тэмцлийн арга хэмжээний сүүлчийн шат гэж ойлгож болно. Үүний дараа дахин жагсаал цуглаан хийхгүй байх. Учир нь, хуулиар олгосон эрхийнхээ дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хамтын маргаан үүсгэснээ Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэн. Улмаар энэ сарын 20-ноос үе шаттайгаар ажил хаялт хийх бэлтгэл ажлаа хангаад эхэлчихлээ.
-Та бүхэн холбогдох дээд байгууллагад шаардлага хүргүүлж байгаа гэсэн. Шаардлагын агуулга юунд чиглэж байна вэ?
-Жагсаал зохион байгуулж буй бид УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж байна. Хүн ам өсөхийн хэрээр өвчлөл нэмэгдэж, эмч, мэргэжилтний ажлын ачаалал нь ихэсч бухимдал үүсгэж байна. Улмаар сэтгэл зүйн ачаалал, дарамтад орж ажиллаад их эмч 558-634 мянга, сувилагч 466-526 мянган төгрөгийн цалин авч байгаа нь амьдралынх наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн өсөлт, хөгжил, ажлын үнэлэмжийн талаар судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдагсдын 75.5 хувь нь одоогийн авч буй цалинтай гүйцэтгэж байгаа ажлын ачаалал тохирохгүй байгааг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, ажлын ачаалал болон сэтгэл зүйн дарамт ихтэй ажлын байранд өгөгдсөн үүрэг, тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж чаддаггүй гэсэн судалгаа гарлаа. Энэ юуг харуулж байна вэ гэвэл эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний ажлын ачаалал, цалин урамшууллын тогтолцоо, тоног төхөөрөмжийн хангамж, элэгдэл хуучралт, эрүүл ахуй, халдвар хамгааллын байдал өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй цаашлаад эрүүл мэндийн салбарыг элгээр нь мөлхүүлэхэд ойртжээ гэж үзэж байна. Тэр тусмаа өдрийн нормоосоо хэд дахин давсан ачаалалтай ажилладаг эмч, ажилтнууд амьжиргаагаа залгуулдаг цалин хөлс нь туйлын доогуур байгааг тэвчиж чадахгүйд хүрсэн. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд өндөр нарийн мэргэжил, ур чадвар шаардсан ажлыг цаг наргүй хийж гүйцэтгэхийн зэрэгцээ хүн амын төвлөрөл ихтэй хот суурин газарт ажлын ачаалал маш их, үйлчлүүлэгчдийн дарамт шахалт, нийгмийн ороо бусгаа цаг үед стресс ихтэй ажиллаж байна. Үүний зэрэгцээ 2014 оноос хойш цалин хөлс огт нэмэгдээгүй өнөөдрийг хүрсэнд бухимдаж байгаа. Дээр хэлсэнчлэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх тухай мэдэгдэл, шаардлагыг удаа дараа хүргүүлж байгаа боловч Монгол Улсын Засгийн газар үл ойшоон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийг хийлгүйгээр 2018 оны Улсын төсвийг өргөн барьсанд эмч, ажилтнууд эрс эсэргүүцэн жагсаал, цуглаанд оролцогчдоос УИХ-ын дарга М.Энхболдод дараах утга бүхий шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагад Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны Улсын төсөвт тусгаж шийдвэрлэх нь чухал байгааг илтгэсэн. Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулиар олгосон эрхийнхээ дагуу ажил хаялт хийх хүртэл хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ албан ёсоор дахин мэдэгдэж, шаардлагын хариуг энэ сарын 11-ний дотор ирүүлэхийг хүслээ.
-Танай холбооны зүгээс эрүүл мэндийн байгууллагынхны амьдрал туйлдаж байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Үүнийг юугаар жишиж ийм тодорхойлолтод хүрсэн бэ?
-Монгол Улсын төр эрүүл мэндийн салбартаа тэр дундаа монгол хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх цаг аль хэдийнэ болсон. 2014 оноос хойш манай салбарын ажилчдын цалинг нэмээгүй байгаад бид харамсч байна. Энэ байдал нь эмнэлгийн ажилчдыг туйлдуулахад хүргэсэн. Дээрээс нь энэ онд хийсэн томоохон судалгаагаар цалин хөлс байх ёстой доод хэм хэмжээндээ хүрэхгүйгээс гадна хүний нөөц 10-55 хувиар дутагдалтай байна. Зарим газраа дарга нар нь илүүдэж байхад хүнд үйлчилдэг эмч, мэргэжилтнүүдийн орон тоо хомсдоод л байна. Өнөөдөр нэг эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хавсарч хийдэг. Ажлын ачаалал их байгаа хэрнээ цалин бага байгааг юу гэж үзэх ёстой вэ. Энэ талаар их олон жишээ ярьж болно.
-Ямар жишээ байна. Заримаас нь та дурдана уу?
-Эмч, сувилагч, асрагч нарын амьдрал туйлдаж байгаа нь юугаар илэрч байна гэвэл энэ он гарсаар одоогоор ээлжийн амралтаараа амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд Солонгос улсын виз мэдүүлж, тэнд очиж хар ажил хийж байгаа хүн цөөнгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн 116 ажилтан тус улсыг зорьж зочид буудал, цайны газарт 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгаад бид бүхний сэтгэл эмзэглэж байна. Бүтэн жил нойр, хоолгүй хүн ардынхаа төлөө зүтгэсэн тэдгээр хүмүүст өнөөдөр амрах эрх байхгүй гэж үү. Сэхээтэн хүн, дээр нь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэдэг тэр ажилтан эрүүл чийрэг байх ёстой атал гадаадад очиж боолын хөдөлмөр эрхлэн туйлдталаа ажиллаж байна. Нөгөөтэйгүүр цалингийн зээлтэй эмнэлгийн ажилтан 4-5 жилийн өмнө 80 орчим хувьтай байсан бол одоо 98 хувьд хүрчээ. Тэгэхээр үндсэндээ эрүүл мэндийн салбарынхны нийгмийн баталгаа дэндүү дорой байгааг энэ бүх зүйлээс харж болно. Үнэнийг хэлэхэд, манай салбарынханд байрны урьдчилгаа төлбөр төлөх мөнгө алга. Үндсэн цалингаа банкинд барьцаалуулчихсан. Цалин аваад л өрөндөө өгдөг. Гар дээр нь нэг ч төгрөг үлдэхгүй байна. 15 хоногтоо 150-200 мянган төгрөг авдаг. Ийм дорой байдлаас болж хоорондоо өрийн сүлжээнд орчихсон. Бас нэг доройтсон хэлбэр нь эмнэлгийн ажилчид ажлынхаа хажуугаар ямар нэгэн мөнгө олох эх сурвалжийг хайж үүнийгээ хэрэгжүүлээд эхэлчихсэн. Энэ юу вэ гэвэл бие биедээ цүнх, гутал зарж байна. Сувилагч нь төмөр ээмэг, бөгж хийж хоорондоо өгөлцөөд цалин буухаар мөнгөө цуглуулж явдаг. Ийм л эмгэнэлтэй байдалд эрүүл мэндийн салбарынхныг оруулчихлаа шүү дээ. Цаашдаа эмч, ажилтан бид эдийн засгийн хямралыг гэтэлж, эдийн засаг сэргэхийг хүлээж, бүсээ чангалж тэсэхгүй гэдэг тодорхой боллоо. Үндсэндээ ажил хаягт нэгдсэн зохион байгуулалтад орсон. Үүний буруутан нь Монгол Улсын Засгийн газар болон эрх мэдэлтэн, албан тушаалтнууд гэж ойлгож байна.
-Эмч, эмнэлгийн ажилчдыг ёс зүйтэй байхыг чухалчилдаг. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн хүмүүс бол эрүүл мэндийн салбарынхан та нар. Гэтэл та бүхнийг ажил хаяад жагсч явах хойгуур өвчтөн эрүүл мэндээрээ хохирвол хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Эмчийн ёс зүйг сайжруулах талаар бид сүүлийн үед сайн ярьж, үйл ажиллагаандаа тусгаж байна. Хариуцлагатайгаар хэлэхэд одоогийн байдлаар нэг ч эмч, сувилагч ажлын байраа орхиогүй. Энэхүү тайван жагсаалд шөнөжин нойргүй хоносон эмч, сувилагч нар оролцож байна. Мөн оройн ээлжид гарах болон амралт, чөлөөтэй байгаа эмнэлгийн ажилчид жагсч байгаа юм. Тэгэхээр ард иргэд минь энэ талаар санаа зоволтгүй тайван байж болно. Дахин онцлоход, шаардсан зүйлээ бид өнөөдөр яриагүй. Өмнө нь 23 мянган эмч, эмнэлгийн ажилчдын гарын үсгийг цуглуулж холбогдох газар хувилж хүргүүлсээр байтал биднийг сонсохгүйгээр 2018 оны Улсын төсвийг өргөн барьж буй нь иргэд, хөдөлмөрчдийг доромжилж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна. Өнөөдөр эмч, сувилагч, асрагч нар шөнөжин хүний цус, идээ бээр, ялгадастай харьцдаг. Хэдэн жилийн турш ажиллаж байж авдаг цалинг нь ганцхан сарын дотор авч байгаа банкны гүйцэтгэх захирал наймхан саяыг л авдаг гэж цалингаа голж байгаа нь биднийг доромжилж буй бас нэгэн хэлбэр. Төрийн өмчит компанийн захирал 20-30 сая төгрөгийн цалин авдаг гэсэн. Энэ бол Монголын ард түмний хөрөнгө. Монголын ард түмэн аливаа зүйлийг тэгш хүртэх ёстой. Гэтэл өнөөдөр эмчийн дундаж цалин 520-620 мянган төгрөг байхад дундаж цалинг 900 мянган төгрөг гээд хөөргөчихсөн. Агаарын тоо ярьж хөрсөн дээрээ буухгүй байгаа ийм хүмүүсийг бид гайхаж байна. Иймээс цаашид эрүүл мэндийн салбарынхан тууштай тэмцэнэ. Зохион байгуулалтын хувьд хуулийн хүрээнд, аль болох ард иргэдийг бухимдуулахгүйгээр өөрсдийнхөө дуу хоолойг хүргэнэ. Зөв зохион байгуулалттайгаар энэхүү тэмцлийн ажлаа гүйцэлдүүлэх болно.
Эх сурвалж: unen.mn |