Б.Мягмар: "Төрийн үйлчилгээний хамгийн том ачааг үүрдэг энэхүү 3 салбар ажил хаялт хийх эрх зүйн боломж бүрдсэн"



Соёл, урлагийн байгууллагад ажиллагсдын цалин 2014 оноос хойш нэмэгдээгүй өдийг хүржээ. Тиймээс тус салбарын ажилтнууд өнөөдөр эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалингаа нэмүүлэх тэмцэлд нэгдэж байгаагаа мэдэгдлээ.

15081221121.png

Өнөөдөр Соёл урлагийн ажилтнуудын дундаж цалин 563.4 мянган төгрөг байгаа нь 2013 оны үеийн 100 хүртэлх ажиллагчидтай төсвийн байгууллагын ажилтнуудын дундаж цалингаас 65.9 мянган төгрөг буюу 10.5 хувиар, 2016 оныхоос 168.1 мянган төгрөг буюу 23 хувиар, нэг яаманд харьяалагдаж байгаа шинжлэх ухааны ажилтнуудаас 153.2, ерөнхий боловсролынхоос 153.8, биеийн тамир спортынхоос 44.4, мөн улсын дунджаас 389.6 мянган төгрөгөөр доогуур байгаа аж. 

Түүнчлэн Соёлын тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш дорвитой өөрчлөлт ороогүй, соёл урлагийн салбарын ажилтнуудын цалингийн тусгай сүлжээний доод жишиг, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн тогтоогдоогүйгээс цалингаас өөр нэмэгдэл хөлс, урамшуулал, хөнгөлөлт эдлэхгүй явж ирсэн байна.

Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Мягмар "Өнөөдөр эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд хамтын тэмцэлд нэгдсэн. Бид хангалттай хүлээлээ, харлаа. Үнэхээр үр дүн гарахгүй байна. Өчигдөр 14:00 цагт Хөдөлмөрийн Яаман дээр хамтын маргаан үүссэнтэй холбоотой зуучлагч томилогдсон. Зуучлагч зөвлөмжөө Засгийн газрын 6 төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлийн 6 төлөөлөл, Ажил олгогч эздийн холбооны 6 төлөөлөлд танилцуулсан хурал болсон.

Харамсалтай нь, Засгийн газар бүрдээгүй гэдэг шалтгаанаар Ажил олгогчдын байгууллага зөвлөмжийг хуулийн хугацаанд хүлээж авахаас татгалзаж хурлыг хаяж гарсан. Засгийн газрын төлөөлөл мөн адил чадамжгүй байна гэсэн. Тиймээс улс орон даяар энэ сарын 23-наас хугацаагүй ажил хаялтад шилжихээс өөр аргагүй байдалд хүргэлээ. 

Төрийн үйлчилгээний хамгийн том ачааг үүрдэг энэхүү 3 салбар ажил хаялт хийх эрх зүйн боломж бүрдсэн. Цалин нэмэх асуудалд гол саад болж байгаа зүйл бол ОУВС. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан Улсын 3 талт хэлэлцээрт ахиц гарахгүй байна.

Тиймээс энэ сарын 16-ны өдөр 13:00 цагаас Соёл урлаг, Эрүүл мэнд, Боловсролын салбарын ажилтнууд цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхийг шаардсан цуглааныг ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд хийхээр шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдэж байна" гэв. 

Соёл урлагийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж төсвийн байгууллагуудын ажилтныхаас туйлын доогуур учир өнөөдөр 90 хувь нь банкны зээлтэй, цалингаас цалингийн хооронд өртэй амьдарч, орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах цалингийн боломжгүй бор хоног, шар өдрийг өнгөрөөж байна гэж тус салбарынхан ярьж байлаа.

 

Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран "Би нэг зүйлийг гайхсаар өдийг хүрлээ. Багш, эмч нар бол нийгмийн том салбар гэдэг нь ойлгомжтой. Гэтэл соёл урлаг энэ улсад ер нь байх хэрэгтэй юм уу? Олон жил төсвийн тодотголын талаар телевиз, радиогоор харж байхад Соёл, урлаг гэж ярьж байгаа нэг ч гишүүн, нэг ч яриа олж сонсож байсангүй.  Тэгэхээр энэ соёл урлаг гэдэг энэ улсад хэрэггүй юм байна. Бид хэрэггүй зүйлийг ажиллуулаад энэ улсад дарамт шахалт учруулаад байгаа бололтой. Үнэхээр хэрэггүй салбар юм бол бидэнд хэлээд өгчих хэрэгтэй шүү дээ.

Хэрэв хүнд гоо зүйн мэдрэмж өгдөг энэ салбар хэрэгтэй юм бол хэрэгтэй юм шиг л баймаар байна. Үнэхээр шаардлагатай юм бол сайн цалинжуулаад ажиллуул гэж хүсмээр байна" гэлээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ