Л.Болормаа : Хүчит шонхор, Бөмбөгөр, Тэди худалдааны төвүүд И-БАРИМТ олгоно



Энэ удаагийн “Ярилцлагын булан"-нд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн  Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Л.Болормаатай и-баримт олголт болон 2017 оны татвар төлөлт, буцаан олголт, хөнгөлөлт, чөлөөлөлтийн ажил хэр явцтай явж байгаа талаар ярилцлаа.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хувьд энэ сард ямар ажлууд хийгдэж байна вэ?
Манай татварын хэлтэс төдийгүй улс орон даяар энэ сарын 01-ээс 25-ыг хүртэлх хугацаанд татвар төлөгчийг тоолох ажлын нэгдсэн удирдамжийн дагуу хэд хэдэн шат дараатай ажлууд хийгдээд явж байна. 
Тухайлбал тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй татварын албанд бүртгэлтэй, бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн, хуулийн этгээд, төсөвт болон болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар ,сан, сууц өмчлөгчдийн  холбоо, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг  тоолох  ажил юм. Энэ ажил нь бидний зүгээс анхааран ажиллаж байгаа хамгийн том ажлуудын нэг гэж хэлж болно.
Дүүргийн хэмжээнд манай хэлтэст бүртгэгдээгүй 800 орчим татвар төлөгч байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид татвар төлөгчийг тоолох ажлын хүрээнд бүртгэгдээгүй, зөрчилтэй ААН-ийг бүртгэнэ .
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй иргэн, ААН-дэд мэдэгдэл, албан шаардлагуудыг хүргүүлсэн. Хуулийг хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд шинээр батлагдсан зөрчлийн тухай  хуулийн дагуу хариуцлага тооцож эхэлнэ.  
НӨАТ-ын буцаан олголтоор дамжин давхар тайлан тооцоо гаргадаг явдал багасна гэж ойлгож болох уу?
НӨАТ-ын буцаан олголт гэдэг нь иргэн, аж ахуйн нэгжид зүгээр мөнгө өгөөд байгаа асуудал биш. Иргэн та баримтаа цуглуулаад тухайн ААН-ийг үнэн зөв санхүүгээ тайлагнаж байгааг давхар хянаж байгаа юм. Иргэд энэ хяналтад оролцсоноор нь урамшуулах ажлыг зохион байгуулж байна гэж ойлгож болно. Далд эдийн засгийг арилгах, олон тайлан баланс гаргах боломжгүй болох юм.

Өнөөдөр НӨАТ-ын падааныг цахим хаяг руу оруулдаг маш хялбар системийг ашигладаг болсоноор татвар төлөлт сайжирч, төсвийн орлого нэмэгдэж байна. 

Чингэлтэй дүүргийн хэмжээнд татвар төлөлт 2017 оны хувьд хэдэн хувьтай байгаа вэ?
2017 оны 10 сарын байдлаар /өссөн дүнгээр/ улсын төсөв 135,0 хувьтай, нийслэлийн төсөв 97,4 хувьтай, дүүргийн төсөв 106,6 хувьтай явж байна.  Нийт төлөвлөгөөний биелэлт 111,5 хувьтай  явж байна.
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд ААН илгээхгүй байх тохиолдол их гардаг.  ААН-дэд төлбөрийн баримт илгээх тодорхой хугацаа байдаг уу?
Аж ахуйн нэгж 72 цагийн дотор илгээх үүрэгтэй . Гэхдээ илгээгээгүй байна гэсэн төлөв байдаг. Иргэд маань ААН илгээгээгүй гээд гараад ирсэн тохиолдолд баримтаа устгаад дахиад оруулсанаар автоматаар баталгааждаг.

Аж ахуйн нэгж  72 цагийн дотор төлбөрийн баримтаа илгээгээгүй тохиолдолд иргэдийн зүгээс татварын албаны 1800-1288 утсанд болон харъяа татварын албанд хандах боломжтой.

Мөн НӨАТ илгээгдсэн эсэх нь татварын албанд харагддаг учраас баримтаа цаг тухайд нь илгээх шаардлагыг ААН-дэд байнга тавьж ажиллаж байна.
Нийслэлийн татварын газраас хамгийн сүүлд томоохон зах худалдааны төвүүдийг и-баримт олгох арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай мэдээлсэн. Чингэлтэй дүүргийн  хувьд ямар  зах,  худалдааны төвүүдэд энэ ажил хэрэгжиж байгаа вэ?
Манай дүүргийн хувьд Хүчит шонхор зах, Тэди гар утас худалдааны төвд нэгдсэн системд холбогдох ажлууд хийгдэж байна.  Тэди төвийн хувьд 10 дугаар сарын дундаас зарим павилионуудад олгож эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Хүчит шонхор худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН-дэд дараагийн долоо хоногоос сургалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо”-той хамтран кассын посс машин, төхөөрөмжүүдийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулаж ажиллахаар төлөвлөгдсөн. 
Энэ арга хэмжээ нь хэзээ зохион байгуулагдах вэ?
Одоогоор БГД-ийн  Барс худалдааны төв дээр явагдаж байна. Энэ сардаа багтааж Хүчитшонхор захад үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, татварын албанаас и-баримттай холбоотой заавар, зөвөлгөө өгөөд, татвар төлөгчөө бүртгэлжүүлж, код олгох үйл ажиллагааг нэгдсэн журмаар хийж эхэлнэ.
Бөмбөгөр худалдааны төв дээр и-баримт олгох ажил хийгдэх үү?
Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, Юмт бөмбөгөр зэрэг худалдаа үйлчилгээний төвд  и-баримтын стандартын шаардлага хангасан програм хангамж болон төхөөрөмжийг нийлүүлэх, татварын сургалт зөвлөгөөг үзүүлэх, иргэдийг худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох, урамшуулал авах зэрэг боломжоор ханган ажилласан. Гэвч хамрах хүрээ бага байсан.  Ерөнхийдөө Хүчит шонхор төвийг манайхан нэгдсэн системд холбосны дараа бөмбөгөр худалдааны төвийг холбоно гэж төлөвлөсөн.  Өнгөрсөн долоо хоногоос бөмбөгөр худалдааны төвд манай байцаагч нар ажиллаж эхэлсэн. Шаардлага, мэдэгдлээ өгч зөрчилтэй эсэхийг бүртгэж, хуулийн шаардлагыг хангаагүй бол албан шаардлагаа тарааж байна. 
Өнөөдөр иргэн бүр худалдан авсан барааныхаа баримтыг заавал адваг боллоо. Гэтэл ТҮЦ ажиллуулж буй хувь хүн, жижиглэнгийн худалдаа эрхлэгчид кассын машин байхгүй тул баримт өгдөггүй. Энэ тохиолдолд яах ёстой вэ?  Ер нь и-баримт олгох өөр ямар боломжууд байдаг вэ?
Худалдаа бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж бүгд ялгаагүй баримт өгөх ёстой . Бидний зүгээс худалдаа эрхэлж буй бүх газруудад албан шаардлагаа өгч байна. И-баримт олгох олон боломжууд байна. Жишээ нь кассын машин, посс машин, интернет орчинд холбогдож мэйлээр илгээх зэрэг олон боломжууд байна. Олгохгүй байгаа газруудыг 1800-1288 дугаарт холбогдож гомдол гаргаж мэдүүлж болно . Тэрнээс ТҮЦ гэхээр баримт олгохоос чөлөөлөгдөнө гэсэн ойлголт байхгүй.
Шинээр байгуулагдсан ААН-дэд и-баримтын талаар сургалт зохион байгуулдаг уу?
Сургалтыг бид байнга зохион байгуулдаг. Аж ахуй нэгжүүд гэрчилгээгээ авснаас хойш 14 хоногийн дотор харьяа татварын хэлтэст бүртгүүлсэн байх ёстой. Хуулиар бүртгүүлсэн газруудад сургалт байнга явагддаг.

Шинээр байгуулагдсан газруудад сард нэгээс хоёр удаа хуваарь гарган, сургалтанд хамрагдах зар тавьж, сургалтаа явуулдаг.

Монгол Улсын иргэн хэчнээн төрлийн татвар төлдөг юм бэ. Мөн эргүүлээд  хэчнээн төрлийн  хөнгөлөлт эдэлдэг  юм бол?
Иргэний хувьд үйл ажиллагаа явуулаад нийт олсон орлогоосоо тухай орлогыг олоход холбогдон гарсан зардалаа хасаж түүнээсээ 10 хувиар бодож ХХОАТ-т төлөх ёстой . Татвараа сар болгон урьдчилгаа хэлбэрээр төлөх боломжтой. Мөн иргэн жилийн эцэст хувь ХХОАТ-ын тайлан гаргаж баталгаажуулах ёстой. Хувь хүний орлогын татварын хөнгөлөлтөнд орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүдийг эдэлдэг.
Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ