Д.Баян-Өндөр эмч нь Беларусын Минск хотод АУИС-ийн эмчилгээний чиглэлээр төгсөж, 1995 оноос Урологийн тасагт бөөрний мэс заслын эмчээр ажиллаж байгаад, 2013 оноос УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн даргаар ажиллаж байна. Түүнд 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах багт ажилласнаар эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний салбарт чадвараа сорих боломж нээгдсэн юм. Улмаар 2015 оны дөрөвдүгээр сараас “Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг”-ийн ахлагчаар тус тус ажиллаж байна.
Гэхдээ энэ удаа түүнтэй Урологи-Андрологи, эрхтэн шилжүүлэн суулгалтын талаар ярилцахыг хүссэнгүй. УНТЭ-ийн нэг салбарыг удирдаж байгаагийнх нь хувьд Д.Баян-Өндөр эмчид арай өөр сэдвээр ярилцлага авах санал тавьсан юм. Ингээд бидний яриа эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд, шийдэл гарц юу байж болох тухай асуудлуудыг тойрон өрнөлөө.
-ЭМД-ын санг ЭМЯ-ны харьяанд шилжүүлэхийг УИХ-аар дэмжчихлээ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, гацаанд энэ зөв алхам байв уу. 20 гаруй жил энэ салбарын тогоонд нь чанагдсан хүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Зөв. Дэмжиж байгаа. Учир нь одоо хэрэгжиж буй систем нь хүмүүнлэгийн систем. Өнөөдөр манай улсад ЭМД-аа өндөр төлсөн ч, бага төлсөн ч, төлөөгүй байсан ч нэг л эрүүл мэндийн ижил тусламж үйлчилгээг авч байна. Авсан үйлчилгээ нь хүсэж байгаа хэмжээнд нь хүрэхгүй, хүртээмж муутай, ачааллаа даахгүй болсон гэсэн олон асуудлаас болоод иргэд маань гадаадад өндөр өртгөөр эмчлүүлж байна.
Гэтэл өнөөдөр бид өөрсдийгөө унаж яваа машиныхаа хэмжээнд ч хүрэхгүй түвшинд эрүүл мэндээ даатгуулж байна. Эрүүл мэндийн салбарын тогтолцоо зөв хөгжсөн улс оронд хэдий хэмжээгээр эрүүл мэндийн даатгалдаа зориулна уу төдий хэмжээгээр ялгавартай тусламж авч, та гадаад явах шаардлагагүй, зарим тохиолдолд гаднын тэргүүлэх сайн эмчийг урьж, авчран эмчлүүлж болдог тийм даатгалын систем байна. Бид олон газар эрүүл мэндээ даатгуулах боломжтой байх ёстой.
Өнөөдөр манай улс багаж, тоног төхөөрөмжийн хувьд өндөр хөгжилтэй улс орнуудаас нэг их дутахааргүй болсон. Гагцхүү ЭМД-ын зөв систем, зохион байгуулалтгүйгээс болоод эрүүл мэндийн салбарыг социализмаас гаргаж ядахдаа ТҮЦ-ийн хэлбэрт шилжүүлэх буюу санхүүгийн менежментээ хийх боломж бүрдэхгүй байна.
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ШИНЭ ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭМНЭЛГИЙН САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ТОГТООМООР БАЙНА
-Улсын эмнэлгүүдийн удирдлагын тогтолцоо, тэднийг сонгох журам ямар байдаг вэ?
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдаад хоёр жил удахгүй болно. Энэ хуулиар эмнэлгийн удирдлагын ажлыг ТУЗ хийж, эмнэлгийн хамт олон дүгнэдэг, хэлэлцдэг байхаар байгаа. Хамт олны төлөөлөл болсон удирдлага ба түүний баг нь ЭМЯ, шийдвэр гаргагч талуудад хамт олныхоо дуу хоолойг хүргэж чаддаг болно. Эмнэлэг дотоод үйл ажиллагаагаараа ажилчдынхаа цалингийн асуудлыг шийдэх санхүүгийн хараат бус байдал бий болно. Иймээс л хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Одоо санхүүгийн хараат, бодлого, ирээдүй рүү чиглэх төлөвлөлт нь ч хайрцаглагдсан байна. Төлөвлөх ч боломжгүй. Улс орон ямар байна түүгээрээ л байна гэдэг шиг л. Манай засаглалын тогтворгүй байдал нь ямар ч ажлыг хөгжүүлэн хийх боломж бүрдүүлэхгүй, ажлаа урт хугацаанд төлөвлөх, шинэ захиалга төсөл хэрэгжүүлэх ч боломжгүй тийм эмзэг байдалтай болоод удлаа.
-Эрүүл мэндийн салбар ТҮЦ-ийн системд шилжвэл иргэдийн нуруун дээр ачаалал ирэхгүй юу?
-Өнөөдөр даатгалтай хүн даатгуулаагүй хүнээс илүү чанартай, сэтгэлд нийцсэн үйлчилгээ авдаг байх тийм шударга зарчим үйлчлэх цаг болжээ. Хүн өдөр шөнөгүй ажиллаж, хөдөлмөрлөөд, цалингаасаа өндөр дүнгээр даатгал төлдөг бол заавал гадаад руу явж эмчлүүлэн, зөв эмчээ олж үзүүлсэн эсэх нь ч эргэлзээтэй тийм нөхцөл байдал үүсэхгүй. Үүнийгээ дагаад “мөнгөө өгсөн нь дуугаа захиална” гэдэг шиг танд хамгийн сайн үйлчилгээ, эмчилгээ хийгдэх тийм нөхцөл бүрдэнэ.
Тэгж байж даатгуулсны үнэ цэнэ, ялгаа гарна. Тэгэхгүй бол өнөөдөр их, бага төлсөн нь ялгаагүй нэг ижил үйлчилгээ авч байна. Ингэснээр өвчтөний урт хүлээлт, дараалал тасрахгүй, гаднаас эм тариаг нь зөөлгөж, авчруулдаг байдал хэвэндээ л байх болно.
Манайд эмчилгээ, үйлчилгээний бодит өртөг гэж зүйлийг тооцдоггүйн улмаас өнөөдөр бүх хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг ч бай хөдөө, орон нутгийн эмнэлэг ч бай ойролцоо төлбөртэй үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл гарч буй зардал нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Магадгүй бид эмчилгээ, үйлчилгээнийхээ бодит өртгийг гаргаж чадвал одооныхоосоо илүү үйлчилгээ чанартай болно.
Наад зах нь бодит өртгийг тооцсоноор өвчтөнг тосож үйлчлэх, дагуулж явж оношилгоо хийлгэх, өвчтөний түүх нээх, бодит үзлэг хийх, даралт үзэх, тариа хийх, зөвлөгөө өгөх, картан дээр эмчилгээ бичиж өгөх, тариа хийх, арчилгаа сувилгаа хийх, мэс засал хийх гээд бүх үнэлгээг тогтоож жил бүр шинэчилж байх ёстой. Ингэснээр өвчтөн ямар үйлчилгээг авах ёстой, авахыг хүсэж байгаагаа авдаг болно.
Аливаа зөв үйлчилгээ санхүү эдийн засгийн хөшүүрэг дээр тогтдог. Эцсийн дүндээ даатгалын систем сайжирснаар өвчтөн, иргэд л хожно. Үйлчилгээ үзүүлсэний хэмжээгээр эмнэлгүүд даатгалаас санхүүжилтээ бүрэн авдаг болно. Энэ нь эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх түлхүүр нь гэж боддог.
-Эмчилгээ, үйлчилгээний бодит өртгийг тогтоож өгснөөр эмнэлгийн ачаалалд хэрхэн нөлөөлөх вэ?
-Өнөөдөр эмнэлэг рүү орохоор социализм, эмнэлгээс гарахаар капитализмын байдалтай байна. Учир нь манай салбар эмчилгээ, үйлчилгээ, үр дүн, үр өгөөжийн тооцоололгүй, гарч байгаа зардлыг нь бодитоор тооцож үзээгүй юм бүхнийг хэмнэх, аргацаах гэсэн хандлага хаа сайгүй байна. Гэтэл зах зээлийн менежментийн хувьд өөр байдаг.
Хувийн эмнэлэг, улсын эмнэлгийн хооронд асар их ялгаа байна. Учир нь хүндэрсэн, эмчилгээний өртөг их шаардагдах өвчтөн улсын эмнэлэгт л ирнэ.
Улсын гуравдугаар шатлалын эмнэлгээс цааш өвчтөнг шилжүүлэх газар байдаггүй. Эцсийн зогсоол нь гэж хэлж болно. Гэтэл зарим өвчтөнд өдөрт гурван тариа хийж байхад, хүнд өвчтөнүүдэд цаг тутамд нэг тариа хийдэг. Өөрөөр хэлбэл асар их өртөгтэй эмчилгээний зардал гардаг. Одоо байгаа даатгалын системээс болоод хэдэн саяараа гаднаас эм тариа авч хэрэглэдэг өвчтөнүүд ч байна. Улсын эмнэлгүүдийн хувьд бодит өртгөө тооцож, тэр шаардлагатай бодит санхүүжилтээ ЭМД-ын сангаас авч чадахгүй байгаа нь л иргэдийн нуруун дээр санхүүгийн дарамт учруулж байна.
Нөгөөтээгүүр манай эрүүл мэндийн системд эмчилгээ, үйлчилгээний шөнийн тарифыг тогтоож өгмөөр байна. Тэгэхгүй бол эмнэлгийн ачаалал, үйлчилгээнд маш их нөлөөлж байна. Хэрэв өдрийн цагаар ирж шинжилгээ хийлгэхэд цахим цагийн дарааллын дагуу 2000 төгрөг ч юм уу төлбөрөө төлөөд үйлчлүүлдэг бол шөнийн цагаар түргэн тусламжаар ирж эмчилгээ, үйлчилгээгээ үнэгүй авч байна. Гэтэл шөнийн цагаар хүнд яаралтай оношилгоо хийлгэхээс гадна яаралтай мэс засалд орох өвчтөнүүд их байдаг.
Ийм хүнд өвчтөнүүдийн хажуугаар энгийн шинжилгээ өгөх, зөвлөгөө авах хүмүүс нэмэгдээд ирэхээр жижүүр эмч, мэргэжилтний ачаалал маш ихээр нэмэгддэг. Шөнийн цагаар авсан тусламж үйлчилгээний төлөө ЭМД-аас авдаг татаасыг нь хоёр дахин нэмэх хэрэгтэй. Өдрийн цагаар яаралгүй үзүүлж эмчлүүлж болох үйлчилгээний төлөө оройн цагаар түргэн дуудаж асуудал үүсгээд байдаг тал ч бий. Оны эцэс, сарын төгсгөлд нөгөө хязгаарлагдмал төсөвт нь захирагдах учир ийм тийм эм тариа байхгүй гэсэн асуудал гарсаар байна.
Шөнийн тарифыг нэмж өөрчилснөөр хүмүүс өдөр ирж бага зардлаар олон үйлчилгээ даатгалын мөнгөөрөө авах тул шөнө ирэх ачаалал нь багасна. Тэгэхгүй бол шөнө 3-4 мэс засал хийж 70-аас илүү өвчтөнг хянаж хонож байгаа эмч, эмнэлгийн ажилтан алдаа гаргах эрсдэл их байдаг. Тиймээс шөнийн тарифыг тогтоож өгснөөр бид ачааллыг тэнцвэржүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх хүмүүстээ чанартай хүрч чадна.
ТЭТГЭВЭРТ ГАРСАН ЭМЧ НАРАА АЙЛ ӨРХИЙН БҮХ ГИШҮҮДИЙГ ЭРҮҮЛ БАЙЛГАХАД ДАЙЧИЛМААР БАЙНА
-Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой олон асуудал иргэдийн бухимдлыг хүргэдэг. Та энэ тал дээр ямар шийдэл байна гэж хардаг вэ?
-Нэг зүйлийг баттай хэлмээр байна. Ямар ч эмч хүн сөрөг үр дагавар гаргана гэж, муу юм бодож, санаж хэзээ ч өвчтөнөө эмчилдэггүй. Болгочих юмсан, эдгээчих юмсан гэсэн чинхүү хүсэл, сэтгэлээр ханддаг. Эмч гэдэг хүний төлөө тангараг өргөж, асар их хариуцлага, оюуны потенциал, чадвар, сэтгэл шаарддаг мэргэжил. Монголын бахархал бол монгол хүн. Тэгвэл хүнийг хамгийн ухаантай, чадвартай, туршлагатай хүн алдаагүй оношилж эмчлэх ёстой гэж би хувьдаа үздэг. Тийм ч учраас нэгдүгээр шатлалын гол үйлчилгээний байгууллага болох өрхийн эмнэлгүүдийн хүний нөөц дээр бид онцгойлон анхаарах цаг ирсэн.
Өрхийн эмнэлэг гэдэг бол айл өрхийн хөгшин, залуу, хүүхэд, эр эм гэлтгүй бүх гишүүдийн эрүүл энхийн манаанд зогсдог гол талбар. Тиймээс өрхийн гишүүдийг туршлагатай, чадвартай, мэдлэгтэй тийм эмч нар үзэж, зөвлөж, үйлчлэх ёстой.
Тийм бэлэн хүний нөөц манай салбарт хангалттай байна. Тэр бол гавьяаныхаа амралтад буюу тэтгэвэрт гарсан чадалтай эмч нараа энэ тал дээр гэрээгээр дайчилмаар байна. Хагас цагаар, зөвлөхөөр гээд хэд хэдэн хэлбэрээр бид ажиллуулж үр шимийг нь хүртэж болно.
Олон жил ажилласан эмч нар эмчилгээний туршлагатай, гэр бүлийн бүх гишүүд буюу өөрөөр хэлбэл бүх насны хүмүүсийг оношлох, зовуурийг нь мэдэх чадвартай бэлтгэгдсэн генералууд байдаг. Гэтэл туршлагагүй, дөнгөж төгссөн залуу эмч нар бүх насны хүмүүсийг үзэж, төрөл бүрийн өвчинд эмчилгээ бичиж өгснөөр алдаа гаргах эрсдэл рүү аваачдаг тал ч байна.
Нөгөөтээгүүр эдгээр эмч нартаа шинэ, залуу эмч нараа дагалдуулах, туршлагажих тал дээр нь давхар сургаад явах боломжтой. Тэгэхгүй бол ямар ч туршлагагүй, шинэ хүний нөөцийг нэгдүгээр шатлалын эмнэлэгт ихээр төвлөрүүлснээс болоод иргэд шууд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгээс нэгдүгээр шатлалын үйлчилгээгээ авч, илүү ачаалал үүсгэж өвчтөнд чирэгдэл учруулж хугацаа алдаж байна.
Эмчийн мэргэжил хоолтойгоо залгахад их хугацаа шаарддаг. Эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх цаг хэдийнээ болсон.
Манай улсад хүний оюуны чадамжийг үнэлэх тал дээр хангалтгүй байна. Эмч, багш нараа үнэлэхгүй байгаа улс яаж хөгжих юм бэ. Боловсрол, эрүүл мэндийн салбар бол хөгжлийн үндсэн тулгуур. Оюуны потенциал сайтай хүмүүс мэдээлэл технологи, банк санхүү, эдийн засаг гээд үнэлгээ нь өндөр, үйл ажиллагаа нь цэгцэрсэн салбарууд руу явж байна. Харин нөгөө талдаа бид оюуны потенциал жаахан дутуу хүмүүсээр эмчлүүлэх гээд байна.
Уг нь хүнийг эмчлэх хүн хамгийн оюуны потенциал сайтай хүмүүс байх ёстой. Аль чадвартай нь өрсөлдөөд, уралдаад орж байх ёстой салбар. Гэтэл маш олон жил сурч, дадлагажиж байж цалинтайгаа залгахаар энэ салбар руу чадвартай нь орж ирэх нь хумигдаж, эмч болсноос үсчин хийсэн нь дээр байна. Эмчээр төгсөөд өөр ажил хийж байгаа өчнөөн олон хүн байна.
Тиймээс хөдөлмөрийн үнэлэмж, хүний оролцоог үнэлэхэд үндсэн гурван зүйл дээр анхаарахад шийдэгдэх боломжтой гэж үзэж байна. Нэгдүгээрт, залуу эмч нарыг суралцах явцдаа цалин авах боломжоор нь хангаж өгөх тогтолцоо бий болгомоор байгаа юм. Эмч болохын тулд зургаан жил сурдаг. Нарийн мэргэжил эзэмших гэж дахиад хоёр жил нийт найман жил сурч байна. Резидентүүд мөнгөө төлж сурдаг. Эмнэлгийн салбарт мөнгөө төлж сурах биш, эмнэлгүүд нь резидэнтүүдээ шалгаруулж аваад эмч нарын авдаг цалингийн 20, 30, 50 хувьтай тэнцэх цалинг өгч, ажиллангаа суралцах бололцоог хангах хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, мэс засал гэх мэт нарийн мэргэжил шаардсан эмчилгээн дээр эмчилгээний бодит өртөг дээр эмч, мэргэжилтний чадварын үнэлэмж баймаар байна. Тухайлбал, 20,30,40 саяын мэс заслууд гэхэд чадварын үнэлгээ нь өөр өөр байх. Ингэснээр чадвартай, чанартай, тогтвортой сайн хүний нөөц бүрдэнэ. Одоо манай эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар ямар ч нэмэгдэл цалин, урамшуулалгүйгээр 11 жил ажиллаж байна.
Гуравдугаарт, Хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтний цалинг бүсчилсэн байдлаар нэмүү тогтоож өгөх. Ажиллах орчноос хамаарч ачаалал, бүтээмж өөр өөр байдаг. Эдгээр үнэлэмжийн асуудлууд нь санхүүгийн зөв зохицуулалт хийг-дэхэд л шийдэгдэх боломжтой юм.
-Бид багаж, тоног төхөөрөмжийн хувьд дэлхий жишигт нэлээд дөхсөн гэж та дээр дурдсан. Ашиглалтын хувьд хэр хангалттай байгаа вэ?
-Сүүлийн долоо, найман жил эрүүл мэндийн салбар руу нэлээн их хөнгөлөлттэй зээлийг зарцууллаа. Үнэтэй тоноглол, төхөөрөмж авч өгчхөөд эргээд аппаратуудаа ашиглаж байгаа эсэх, үр өгөөж нь ямар байгааг шалгадаггүй. Орон нутгаар явж байхад өндөр үнэтэй, хүчин чадалтай тоног төхөөрөмжөө ашиглаагүй цоо шинээр нь байлгаж байдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр авсан тоног төхөөрөмжөө зориулалтаар нь ашиглахгүй байна.
Зарим газар багаж, тоног төхөөрөмжийг ашиглах боловсон хүчнээ ч бэлдээгүй. Өгч болсон юм чинь ашиглахгүй байгаа газраас нь буцааж аваад хэрэгтэй газруудад нь өгөх хэрэгтэй. Жишээ нь Завхан, Сэлэнгэ, Дорноговь аймгуудад давсагны уян дурангууд гялгар ууттайгаа, цоо шинээрээ дөрвөн жил байж л байна. Нэг дуран нь 165 сая төгрөгийн үнэтэй гээд бод доо. Гэтэл Дархан, Эрдэнэт, УНТЭ-ийн Урологи Андрологийн Төвд давсагны уян дуран байхгүй байгаа.
Аймгуудаар явахдаа ажиглаж байхад компьютер томографын шинжилгээ хийдэг тоног төхөөрөмжүүд нь тавигдсан мөртөө тодосгож шахдаг багаж нь байхгүй байх жишээтэй. Нийт хэдэн хүнд шинжилгээ хийсэн бэ, шинжилгээ хийгээд үр дүнтэй байна уу, үгүй юу.
Эргүүлж төсөвт хэдэн төгрөг оруулсан бэ гэдэг судалгаа байдаггүй. Уг нь зах зээлийн хуулиар бол дөрөв, таван жилийн дараагийн шинэ аппаратыг нь авах мөнгө хийж хуримтлуулсан байх ёстой. Одоогийн байдлаар удвал дөрвөн жилийн дараа дахин зээлийн мөнгөөр шинэ багаж тоноглол авч өртэй хэвээр байх болно.
УЛСДАА ГАНЦ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ЭМЧЛЭХ ТАСАГ НЬ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖГҮЙ БАЙНА
-Эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлууд бий. Үүнээс та алийг нь онцлох вэ?
-Мэргэжилтэйгээ холбоод хэлье дээ. Манайд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт найман жилийн зөрүүтэй байгаа. Бусад улс оронд бол хоёр, гурван жилийн л зөрүүтэй байдаг юм билээ. Тэгэхээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг онцгойлон анхаарах шаардлага үүсээд байна. Энэ чиглэлээр судалгаа хийх хэрэгтэй. Яагаад дундаж наслалт бага байна вэ, хэдэн насандаа эндээд байгааг үндэсний хэмжээнд судлах ёстой.
Үндэсний том хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ямар шалтгаанаар эрчүүдийн наслалт эмэгтэйчүүдээс найман жилийн зөрүүтэй байна вэ. Амьдарч буй орчин, идэж байгаа зүйл, суралцаж буй орчин гээд бүгд адилхан. Ийм байхад яагаад эрэгтэйчүүд нь богино наслаад байна вэ. Энэ бол зайлшгүй анхаарч тоног төхөөрөмжөөр хангаж эмч нарын бэлтгэх нь чухал асуудал гэж боддог.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин