Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан ээлжит XI хуралдаан яг одоо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг болон дараагийн шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн энэ хуралдаанд 45 төлөөлөгчөөс 44 хүрэлцэн ирсэн байна.
НИТХ-ын дарга Ц.Сандуй XI хуралдааныг нээж хэлсэн үг
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ
“2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчид өнөөдрийг хүртэл 37 удаа хуралдаж, 174 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж шуурхай ажиллалаа. Энэ хугацаанд та бид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг хөгжлийн бодлогын асуудлаа баталж, зорилго, зорилтоо тодорхойлсон гэдгийг онцлоё. Харин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын хувьд “Нутгийн өөрөө удирдах ёсны олон улсын тунхаг”-ыг мөрдлөг болгон, хотын хөгжлийн асуудлыг иргэд, оршин суугчид бие даан шийдвэрлэх шинжлэх ухаанч хандлагыг нутагшуулахад анхаарлаа хандуулан ажиллаж ирлээ.
Нийслэлийн ИТХ, Тэргүүлэгчид “Бид хамтдаа” чамгүй ажлыг хийж, хэрэгжүүллээ. Тухайлбал хотын эдийн засаг, нийгэм, байгаль орчин, хот төлөвлөлт, байгуулалт, хот тохижилт, ажлын байрны хангамж, хүн амын үйлчилгээг хөгжүүлэх болон аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх чиглэлээр бодлогын олон баримт бичиг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байна.
Бидний хамтын бодлого, шийдвэр, зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд хотын эдийн засаг, бизнест нааштай өөрчлөлт гарч, төлөвлөсөн хөрөнгө оруулалт хийгдэж, аж үйлдвэр, барилгын материал зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ обьектууд ашиглалтад орсоор байна. Авто замын салбарт ч багагүй ахиц ажиглагдаж байна. 2017 онд улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 49 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, цэцэрлэгт хамрагдагсдын хангамж 76 хувиар өсчээ. Төр, хувийн хэвшлийн 21 сургуулийг шинээр барих болон хуучин барилгад өргөтгөл хийх замаар сургуулийн хүчин чадал нийт 10680 суудлаар нэмэгджээ. 3 ээлжээр хичээллэж байсан сургуулийн тоо гурваар буурлаа.
Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн 18 хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсны дотор Эмээлтийн үйлдвэрлэл технологийн парк, Хайлааст, Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаа, Баянхошуу, Шархад, Толгойт зэрэг бүсийн төлөвлөлтүүд багтаж байна.
Улаанбаатар хотын хөгжлийн нэг бэрхшээл болох агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ИТХ-ын 2 удаагийн хуралдаанаар тусгай ажлын төлөвлөгөөг баталж, олон ажлуудыг холбогдох газрууд нь хэрэгжүүлэн ажиллаж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, шинэ технологи нэвтрүүлэх, Аюулгүй хот болгохын төлөө чармайн ажилласныг энд дурдья. Замын цагдаа, боловсролын байгууллага, эцэг эхчүүдтэй хамтран ажилласанаар Ерөнхий боловсролын сургуулийн орчим дах авто ослыг бууруулахад онцгой анхаарч байна. Үр дүн нь ч гарч, энэ төрлийн хэрэг зөрчил өмнөх оны мөн үеээс 15,7 хувиар буурчээ. Зам тээврийн осолд хамгийн их өртдөг 16 ЕБС-ын орчинд дэлхийн стандарт нийцсэн замын тэмдэг тэмдэглэгээ, хаалт хамгаалалтыг хийгээд байна. Цагдаагийн байгууллагын зөвлөгөө туслалцаатайгаар “Хэв журмын урамшилт“ эргүүлийг ажиллуулсаны үр дүнд 2000 гаруй ажлын байрыг шинээр бий болгосны зэрэгцээ иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчинд зарим ахиц гарч байна.
Нутгийн удирдлагын байгууллага үүсч хөгжсөн 25 жилд анх удаа НИТХ өөрийн гэсэн дүрэмтэй болж, Хурал, тэргүүлэгчдийн хуралдааны дэгэнд өөрчлөлт оруулан баталж, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих журамтай, Төлөөлөгчид ёс зүйн дүрэмтэй боллоо. Нийслэлийн Иргэдийн хурал өнгөрсөн хугацаанд анх удаа бүх дүүргийн хэмжээнд “Иргэдээ сонсъё” аяныг зохион байгуулсан. 23 мянган иргэн энэ аяны хүрээнд санал, санаачилгаа ирүүлснийг бид Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тусган ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд НИТХ-ын гадаад харилцаа хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан төдийгүй төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, шашны байгууллагаас гаргасан санал, санаачилга, тавьсан хүсэлтийг дэмжих тал дээр илүү санаачилгатай харилцан, хамтран ажилласан гэж бодож байна.
Та бид хамтдаа хийсэн, мөн эхлүүлсэн ажлууд цөөнгүй бий. Цаашид ч хийж хэрэгжүүлэх олон ажлууд бидний өмнө байна.
Хотын хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, Монголын хотууд дэлхийн хотуудын жишгээр хөгжих нөхцлийг бүрдүүлэх, хотын хөгжлийн эрх зүйн орчинг шинэчлэх чиг хандлагыг тодорхойлох зорилгоор “Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулж, хотын хөгжлийн онол, үзэл баримтлал, стратегийн талаар өөрийн санааг нийтэд танилцуулсан. Энэ хурлаас гарсан хэтийн ач холбогдолтой олон санааг ажил хэрэг болгоход товлолт хугацааны хувьд хүндрэл гарч ирлээ. Гэсэн хэдий ч Иргэдийн төлөөлөгчийн хувьд хотын хөгжлийн зарчмын асуудлуудад анхаарлаа хандуулж, өөрийн санал санаачилгыг гаргаж байх болно гэдгээ энэ ялдамд илэрхийлье
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ
2012 оны Иргэдийн Хурлыг сонгох сонгуульд ялагдал хүлээж гишүүд дэмжигчид намын ажлаас дайжиж, хөрөнгө санхүү бага, үйл ажиллагаа явуулах өөрийн байргүй нийслэлийн МАН-ыг удирдах даалгаврыг миний бие хүлээн авч журмын нөхөдтэйгөө хамтран зүтгэж, иргэдийн итгэлийг сэргээн, сонгогчдын дэмжлэгийг авахын төлөө хүчин чармайлт гаргасны дүнд 2016 оны УИХ-ын, нийслэлийн болон орон нутгийн Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан эрх баригч хүчин болж, бодлого, шийдвэрээ хэрэгжүүлэх боломж бүрдсэн билээ. 2016 оны сонгуулиар Нийслэлийн Монгол Ардын Намаас нэр дэвшигчид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 суудлын 34-ыг авч ялалт байгуулснаар “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж нийслэл хотынхоо хөгжлийн төлөө ажиллах чин хүсэл хоёргүй сэтгэлээр ажиллаж ирснийг та бүгд мэднэ.
Жил гурван сар нь нэг бодоход их хугацаа мэт боловч, хотын хөгжлийн төлөө, 1.3 сая иргэний эрх ашгийн төлөө томоохон бодлого, бүтээн байгуулалт, зорилтыг хэрэгжүүлэхэд дэндүү богино хугацаа байлаа.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын онцлог нь хамтын шийдвэр гаргадаг, бодлого, зорилтоо хамтран тодорхойлдог, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг хамтын хариуцлага хүлээдэг байгууллага. Амжилт ололт, алдаа дутагдал байвал бид бүгдийнх, хамтынх байх учиртай. НИТХ- ын даргын хувьд би энэ л зарчмыг баримтлан ажилласан.
Гэвч улс төрийн сонгуульд нэг баг болж, ялалтын төлөө гар гараа барин алхсан журмын нөхдийн зүгээс эрх мэдэлд шунахдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор гүтгэлэг, дайралтыг удаа дараа зохион байгуулалттайгаар хийж, нэр төрд минь халдаж, итгэл сэтгэл рүү минь ус цацах явдал бишгүй л гарлаа.
27 жилийн өмнө Монгол Улс ардчилалын замыг сонгохдоо хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ тунхаглаж, хэн нэгнийг шүүхээр гэм буруутай гэж тогтоогоогүй байхад нэр төрд нь халдахгүй байхыг тунхаглан зарласан. Гэтэл НИТХ-ын нэр бүхий 16 гишүүн нь НИТХ-ын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхийг шаардсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Төлөөлөгчдийнхөө шаардлагыг хүндэтгэн үзсэний зэрэгцээ, олон нийтийн түвшинд үүссэн эргэлзээг нэг талд нь болгох үүднээс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ би гаргасан юм.
Хурлын төлөөлөгчдийн шаардлагад дурьдсан хариуцлага хүлээх үндэслэл болоод буй “60 тэрбумын” гэх асуудлаар миний бие хууль, хяналт, Авилгатай тэмцэх газарт 10 гаруй удаа очиж мэдүүлэг өгсөний зэрэгцээ, 2016 оноос хойш нэг жил хүрэхгүй хугцаанд цагдаа, хуулийн байгууллагад гурван удаа шалгагдаж, уг хэрэг хэрэгсэхгүй болсон төдийгүй Хан -уул дүүргийн шүүхийн шийдвэрээр ч гэм буруугүй гэдгийг тогтоосон болно. Хамгийн сүүлд энэ сарын эхээр Нийслэлийн прокурорын газраас дахин хянаад уг асуудлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж, энэ тухай олон нийтэд мэдээлсэн.
НИТХ-ын дарга хуулиараа хэнийг ч албан тушаалд томилдоггүй, чөлөөлдөггүй. Энэ хуралд улс төрийн сонгуульд сонгогчдоосоо дэмжлэг авсан намуудын бүлэг, ажлын албад ажилладаг гэдгийг нийслэлчүүддээ хэлмээр байна. Энэ утгаараа Нийслэлийн иргэдийн хурлын дарга миний бие төрийн албыг наймаалцаж, мөнгө босгодог хүн биш гэдгийг та бүхэн төвөггүй ойлгоно. Хуулийг мэдсээр байж, мэдэн будилж, улс төржүүлж болохгүй билээ.
Хариуцлагаар халхавч хийж, муу муухай бүхнээ хэн нэг рүү чихэж, өөрсдөө уснаас хуурай гарах арга саам сүвэгчилж, улс, хотод бий болсон эерэг үйл явцыг үгүйсгэн харлуулахыг санаархагчид манай нам, төлөөлөгчдийн дотор тодрон гарч ирлээ. Зүтгэсэн нь буруудаж, аахигласан нь зөвтөж, тэд буруутан хайх ажиллагааг манлайлж байгаа нь хачирхалтай. Багаар нүүрээ халхавчлагчид шудрага иргэний дүрд хувирч, улиг болсон мэдээллээр бамбай хийж, тэр ч бүү хэл улс төрийн өөр хүчин, тэдний төлөөлөлтэй сүлбэлдэн, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр үгэн дайн өдөөж байна. Хүнд итгэх итгэл, мөс чанар, жудаг үгүй болж байна. Ийм зохисгүй үйлдлийн жишээг хурлын төлөөлөгчид үзүүлж, өөрсдийн тарыг олон нийтэд таниулж буй нь тун харамсалтай санагдаж байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгч хүн бол иргэн, өрх бүрийн сайн сайхны төлөө ажиллах учиртай ч өнгөрсөн хугцаанд эрх мэдэл, албан тушаалын төлөө нэр бүхий төлөөлөгчид ажилласаар ирсэн нь нууц биш юм аа.
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн долоон дүүрэгт ялагдал хүлээснээр манай намаас нэр дэвшигч энэхүү сонгуульд ялагдахад нөлөөлжээ гэж үзэн үүний улс төрийн хариуцлагыг Нийслэлийн МАН, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг удирдаж байгаа хүний хувьд би хүлээх нь зүйд нийцнэ. МАН-д өнөөдөр эрх баригч хүчний хувьд хотын хөгжлийн үзэл баримтлал, бодлого, зохион байгуулалт, үйл ажиллагааны нэгдэл хамгаас чухал байгааг би өөрийн шийдвэрээ гаргахдаа бодолцож үзсэн юм. Ийм ч учраас би УИХ, нийслэл, орон нутгийн сонгуулийн ялалтын буухиагаа хамтран зүтгэсэн журмын нөхөддөө хүлээлгэн өгөх зорилгоор албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван нэгдүгээр хуралдаанд гаргаж байна.
Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Та бүхний шийдвэрийг миний бие хүндэтгэн хүлээн авах болно гэдгээ дахин илэрхийлье.
Надад итгэл даах чадвар, тэвчээр бий. Цаашид нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд надад болон Нийслэлийн МАН-ын багт итгэл хүлээлгэсэн иргэд, сонгогчид, нийслэлчүүдийнхээ төлөө хичээж ажиллах болно. Эр хүний замын хүзүү урт. Эрх мэдэл миний хүсэл шунал биш ээ. Эргэж уулзах нүүр, учрах цаг хугацаа гэж бий.
НИТХ, төлөөлөгч Та бүхэн Улаанбаатар хотынхоо эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийг чадавхижуулах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх, иргэн, аж ахуйн нэгжээ дэмжихэд онцгой анхаарал хандуулахыг уриалж хэлэх үгээ төгсгөж байна.
Нийслэлчүүддээ амжилт хүсье. Баярлалаа.