“Голомт Файнэншил групп” компаниас НЗДТГ-ыг шүүхэд өгсөн



Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны асуудал өмнөх удирдлагын үед байгуулсан концессийн гэрээнээс улбаалж өдгөө шүүхийн шатанд явж байгаа аж. Уг мэдээлэл болон Улаанбаатар хотын “Шинэ хот” төсөлтэй холбоотой асуудлаар НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл, тайлбар өглөө.  

Одоогийн НЗДТГ-ын нэгдүгээр байрыг 1947 онд барьж ашиглалтад оруулсан байдаг. Уг байрыг мэргэжлийн байгууллагын зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс НЗДТГ-ын байрыг сэргээн засварлах шаардлагатай гэж үзсэний үндсэнд концессын тендер шалгаруулалтыг зарлаж “Голомт Файнэншил групп” компанитай 2016 онд концессын гэрээ байгуулжээ. Гэрээ өнөөдрийг болтол хэрэгжихгүй байгаа төдийгүй “Голомт Файнэншил групп” компани НЗДТГ-ыг шүүхэд өгч байраа чөлөөлж өгөх шаардлага тавиад байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны асуудал юуны учир шүүхээр явж буй талаар Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал дараахь тайлбарыг өгсөн юм.

“Нийслэлийн Тамгын газрын байрыг шинэчлэн барих концессын гэрээний дагуу тендер зарлахдаа хэд хэдэн алдаатай зүйл гаргасны улмаас өнөөдрийг хүртэл гэрээ хэрэгжихгүй байгаа юм. Нөгөө талаас “Голомт Файнэншил групп” компани нь өнөөдөр НЗДТГ-ыг шүүхэд өгсөн байдалтай байна.

Гэрээний үүргээ биелүүлэхийн тулд НЗДТГ-ын байрыг суллах, хажууд байрлах спорт заал бүхий барилгын газрыг компанийн нэр дээр болгож өгөх шаардлага бүхий нэхэмжлэх шүүхэд хүргүүлээд байгаа юм. Эхний шүүх хурал өчигдөр болох байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас энэ сарын 21-ыг хүртэл хойшилсон байгаа.

Гэрээг 2015 оны зургаадугаар сарын 20-ны өдөр байгуулахдаа НИТХ-ын 2015 оны 31, 32, НИТХ-ын 2016 оны 73, 100 дугаар тогтоолыг үндэслэн байгуулсан байдаг. Концессын гэрээний уралдаан, шалгаруулалт хамгийн багадаа 60 хоногийн хугацаатай зарлагдахаар хуульд заасан байдаг. 2016 оны тавдугаар сарын 6-нд НИТХ-ын 75 дугаар тогтоол гарсан байтал гэрээ 2016 оны тавдугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. Нэг ёсондоо концессын гэрээ 14 хоногийн дотор хийгдээд  “Голомт Файнэншил групп” компанийг шалгаруулчихсан нь хууль эрх зүйн байдалд нийцэхгүй байгаа юм. Гэрээг нэг талаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нөгөө талаас “Голомт Файнэншил групп” компанийн гүйцэтгэх захирал Л.Болормаа хийгдсэн байна. Энэ гэрээг гол ерөнхий нөхцөл нь 3 жилийн хугацаатайгаар байгуулаад, НЗДТГ-ын 1 дүгээр байрны газарт шинээр барилга барьж “Голомт Файнэншил групп” компани өөрийн нэр дээр өмчилж авах ба НЗДТГ-т одоогийн байртай ижил хэмжээний талбайг шинэ барилгаас өгөхөөр тохиролцсон байдаг” гэсэн тайлбарыг хийлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ