Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд танилцуулах, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зорилго бүхий “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо туйлын чухал юм. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэд өвлийн улиралд гэрээ дулаалж, дулаан алдагдлаас сэргийлэх нь агаарын бохирдлыг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ. Тиймээс иргэдэд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга худалдан авах боломжийг олгох зорилгоор НЗДТГ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран энэхүү үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 60 хувь нь дулаан алдагдалтай байдаг гэсэн судалгааг ШУА болон бусад байгууллагын эрдэмтэд гаргасан. Энэ хэмжээгээр түүхий нүүрсээр галлагаа нэмэгдэж, агаарын бохирдол үүсдэг гэж үзэж болно. Тиймээс айл өрхүүд дулаан алдагдлаа бууруулах нь туйлын чухал. Гэр, байшингаа зөв дулаалж чадвал нүүрсний хэрэглээ, агаарын бохирдол буурна. Түүнчлэн иргэд ч нүүрсэнд зарцуулдаг мөнгөө хэмнэх боломж бүрдэнэ. Нийт өрхүүд 100 хувь дулаан алдагдлаа бууруулж чадвал бид нэг том ДЦС барих хэмжээний мөнгийг хэмнэнэ гэсэн судалгаа бий. 2017 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс Засгийн газрын шийдвэрээр 2017 оны өвөл гэр хороолын шөнийн цахилгааныг тэглэхэд 3.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2018 оны төсвийг одоогоор УИХ-аар хэлэлцээгүй байна. НЗДТГ, ЗТХЯ, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран том оврын автомашины янданд шүүлтүүр тавих ажлыг эхлүүлээд байна. Энэхүү шүүлтүүр нь автомашинаас ялгарч буй утааг 98 хувь хүртэл шүүх юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа 430 мянга гаруй тээврийн хэрэгслийн дийлэнх нь 10 жилээс дээш насжилттай. Насжилтаас шалтгаалан ихээхэн утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч байна. Түүнчлэн уурын зуухаар халаалтаа шийдвэрлэдэг байсан 50 гаруй жижиг, дунд байгууламжийг төвийн шугам сүлжээнд холбосон. Ингэснээр нийслэлийн нүүрсний нийт хэрэглээг 10 хувиар бууруулж чадлаа” хэмээлээ.
Энэ сарын 30 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай хий үйлдвэрлэгч “ЮниГаз”, галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуунаас хөвөнг гарган авч, түүгээрээ барилгын материал үйлдвэрлэгч “”Монгол базалт” зэрэг 50 гаруй томоохон аж ахуйн нэгж оролцож байна. Мөн “Эко кар центр” компани Японы “Ниссан Мотор” компанийн “LEAF” маркийн 100 хувийн цахилгаан автомашиныг танилцууллаа. Тус автомашин нь 107 морины хүчтэй бөгөөд 10.5 секундэд 100 километр цагийн хурд авдаг аж. Түүнчлэн “Эдпуар” компани автомашины “AdPower” агаар шүүгчийг танилцууллаа. Энэхүү агаар шүүгчийг автомашиндаа суурилуулснаар яндангаас ялгарах утааг бууруулахаас гадна түлшний зарцуулалтыг 12-28 хувиар хэмнэдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.