Төв талбайн сүлд мод засах ажлыг арванхоёрдугаар сарын 15-нд дуусгаж, энэ өдөрт гэрлийг нь асаахаар болжээ. Харин арванхоёрдугаар сарын 31-ний өдөр буюу он солигдох мөчид нийслэлчүүд төв талбайдаа ямар хөтөлбөрийн дагуу шинэ оноо угтах вэ гэдэг хараахан тодорхой болоогүй байгааг нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
Ирэх долоо хоногийн дундуур нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг хуралдаж, “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний хөтөлбөрийг хэлэлцэж, батлах аж.
Энэ жилийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран төв талбайд зохион байгуулах уриалга гаргажээ.
Шинэ жилийн цэнгүүний тайз засал, чимэглэл, урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ, талбайн чимэглэл, цэнгүүний шууд дамжуулалт, сурталчилгаа зэрэг ажлуудын зохион байгуулалтын эрхийг хувийн хэвшлийн томоохон байгууллагуудад бүрэн өгөхөөр төлөвлөсөн байна.
Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс талбайн зөвшөөрөл, автомашины зөвшөөрөл, замын хөдөлгөөний болон хэв журам, түргэн тусламж, галын аюулгүй байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгааны асуудал зэргийг бүрэн хариуцна.