Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийж буй Новосибирск хотын Захирагч А.Е.Локоть, Хурлын төлөөлөгч В.Е.Барсук, Аж үйлдвэрлэл инновацийн газрын дарга А.Н.Люлько нар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал, Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн дарга Г.Батбаяр, МИАТ ТӨХК-ийн Нислэг, үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Ганболд, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний Ерөнхий менежер Т.Аюуш нар дотоод үйл ажиллагаа болоод ЗХУ-д үйлдвэрлэсэн “АН-2” онгоцны үндсэн баазыг ашиглан угсарч буй “TBC-2MC” шинэчилсэн загварын агаарын хөлгийг зочдод танилцууллаа.
Манай улсад одоогийн байдлаар хуучин “АН-2” загварын 20 орчим онгоц бүртгэлтэй байдаг аж. Дээрх “АН-2” онгоцнуудын үндсэн баазыг ашиглан “TBC-2MC” шинэчилсэн загварын агаарын хөлгийг эх орондоо угсрах ажлыг МИАТ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд эхлүүлжээ. Тиймээс Новосибирск хотын захирагч А.Е.Локоть болон бусад төлөөлөгчид МИАТ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд дэлхийн түвшинд хүрсэн засвар, үйлчилгээ хийж байгааг үнэлж байв.
Түүнчлэн цаашид хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаар харилцан санал солилцлоо.
Манай улсад угсарч байгаа “TBC-2MC” агаарын хөлөг нь хөөрч буух гүйлтийн зай богино, ашигтай ачааллын жинтэй, түлшний зарцуулалт бага гэх мэт давуу талтай. Манай улсад ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарт өргөн ашиглагдах боломжтой бага оврын онгоц юм. Энэ онгоцыг эх орондоо угсардаг болчихвол ой хээрийн түймэр, байгалийн гамшиг, ойн хортон шавьжтай тэмцэх, аялал жуулчлал зэрэгт өргөн ашиглагдана хэмээн албаны хүмүүс хэлж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.