НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдлоо



Өнгөрсөн долоо хоногт завсарласан НИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнөөдөр үргэлжилж, НИТХ-ын даргаа сонгов. Хуралдаан 41 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлж, НИТХ дахь АН-ын бүлгээс 1 цагийн завсарлага авснаар түр завсарласан юм. Завсарлага дуусч хуралдаан үргэлжлэхэд санал хураалтыг нууцаар явуулах тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн.

НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явагдаж дүн гарахад төлөөлөгч Д.Баярсайхан 19, С.Амарсайхан 21 санал авсан байна. Ингэснээр НИТХ-ын шинэ даргаар С.Амарсайхан сонгогдож, өмнөх дарга Ц.Сандуйгаас тамгаа гардан авлаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан төлөөлөгчдөд хандан үг хэлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.

С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн Магистр зэрэгтэй.

1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе, 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ