Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 3.3.3 Дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө боловсруулах ажил хийгдэж байна. Цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө гүйцэтгэх ажилд шалгарсан “Нью урбанизм” ХХК 2017 есдүгээр сарын 19-нд нийслэлийн Байгаль орчны газартай гэрээ байгуулсан.
Хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газар, “Нью урбанизм” ХХК хамтран зохион байгууллаа.
УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд тавигдсан зорилтод хүрэх удирдамж буюу хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн дунд хугацааны бодлогын баримт бичиг байх бөгөөд Улаанбаатар хотын хилийн цэсийн буюу төвийн 6 дүүргийн нийт 35206 га эдэлбэр газрын хүрээнд боловсруулах аж. Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд 2010 оны байдлаар нэг хүнд ногдож буй 1.5м2 ногоон байгууламжийг 2020 онд хүртэл 15м2, 2030 он гэхэд 30м2 хүргэх зорилго тавигдсан. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд жил бүр 165-218га газрыг нэмэгдүүлэх шаардлагатай болно. Үүнд асар их хэмжээний хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын арга хэмжээ, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа байхаас гадна хувийн хэвшлийн оролцоог хэрхэн бий болгох талаар оновчтой зохицуулалтууд шаардлагатай болно гэдэг нь харагдаж байгаа юм.
Хэлэлцүүлэгт ХААИС, МУИС, Газарзүй геоэкологийн хүрээлэн, Ургамал хамгаалалын хүрээлэн, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, 6 дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, хувийн хэвшлийн аж ахуй нэгж, төрийн албаны холбогдох газрын мэргэжилтэнгүүд эрдэмтэн судлаачид оролцов. Оролцогчид баг болон ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр тулгамдаж байгаа асуудлууд, сул тал, боломж, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж дараагийн хэлэлцүүлэг хүртэл шаардлагатай мэдээллийг солилцож хамтран ажиллахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.