Исса Алескандрович Плиевийн хөшөөний нээлт боллоо



БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич,  ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөг нээхээр цугласан билээ. Тэрбээр анх 1936 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсад томилолтоор ирж, Улаанбаатар хот дахь Нэгдсэн цэргийн сургуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн түүхтэй. Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцож байсан юм. Армийн генерал И.А.Плиевийн байлдааны төгс командлал, баатарлаг ур чадварыг үнэлэн 1944 болон 1945 онд Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор хоёр удаа шагнасан байдаг. Түүнчлэн түүний байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлж  1971 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар И.А.Плиевт Монгол Улсын Баатар цол олгосон байдаг. Өнөөдөр миний бие Монголын ард түмний эрх чөлөөг хамгаалан бататгах, ирээдүй хойчийн залууст үлгэр дууриалал болж, Монгол-Оросын ард түмний болон тэдгээрийн ган бат зэвсэгт хүчний барилдлага, найрамдлыг бэхжүүлэх үйлсэд гарамгай гавьяа байгуулсан энэхүү эрхэм хүндэт баатарын хөшөөг нээх болсондоо баяртай байна” хэмээлээ.

Армийн генерал И.А.Плиевийн цээж хөшөөг Зайсан толгойн зүүн хойно “Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө”-ний өгсөх шаттай зэрэгцээ, хойд зүг рүү харуулан байршуулж ийнхүү нээлтийг хийв.  

Осетиний тариачны гэр бүлээс гаралтай Исса Александрович Плиев нь 1903 онд төрсөн. 1922 онд Оросын Улаан армид элсч, 1926 онд Ленинград хотын морин цэргийн сургууль төгссөн түүнийг Краснодар хот дахь Хойд Кавказын морин цэргийн ангийн захирагчаар томилсон байдаг. 1936 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсад томилолтоор ирж, Улаанбаатар хот дахь Нэгдсэн цэргийн сургуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна. Хоёр жил гаран Монголд ажилласан тэрбээр нутаг буцаж улмаар Дэлхийн 2 дугаар дайнд Украйны 3-р фронтын морин механикжсан бүлгийн 4-р гвардын морин цэргийн корпусын командлагчаар, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцжээ. Чөлөөлөх дайнд түүний орлогчоор генерал Ж.Лхагвасүрэн томилогдон мөр зэрэгцэн тулалдсан байдаг.

Чадварлаг командлал, баатарлаг ур чадварыг нь үнэлэн 1944, 1945 онд ЗХУ-ын баатар цол олгосон нь түүнийг ямар удирдагч, командлагч болохыг харуулсан хэрэг билээ.  Лениний одон ба "Алт Од" медаль гардуулсан. Армийн генерал И.А.Плиев нь ЗХУ төдийгүй БНМАУ-ын Баатар цол хүртсэн эрхэм. Түүний байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж АИХ-ын Тэргүүлэгчдийн 1971 оны тавдугаар сарын 7-ны өдрийн зарлигаар И.А.Плиевт Монгол Улсын Баатар цол олгож, баатрын Алтай таван хошуу медаль, Сүхбаатарын одонгоор шагнажээ. Түүнчлэн 1985 онд Монголын Ардын армийн Мотобуудлагын хороог түүний нэрэмжит болгосон байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ