Оюун ухаанаа гээчихсэн Монгол



Одоогоос ердөө долоон жилийн өмнө Монголд оюуны спорттой танилцсан  шинэхэн түүх бий. Тэгвэл асар богинохон хугацаанд манай тамирчдын амжилт ёстой л сансрын хөлгийн хурдаар өсч дэлхийн чихийг дэлдийлгэж байнам. Монголын ой тогтоолт, оюуны спортын тамирчин тав, арваараа тив дэлхийн болон олимпийн аварга боллоо л гэх. Энэ спортын хувьд дэлхийн 17 рекордын 14-ийг нь монголчууд эзэмшиж байгаа юм билээ. Сая даа Хятадад болсон олон улсын тэмцээнд дөрвөн эмэгтэй тамирчин оролцож Н.Мөнхшүр, Н.Энхшүр эгч дүү хоёрын амжилт Гиннесийн номд бичигдэх болзол хангажээ. Энэ бол монгол өв соёлын үнэлж баршгүй бахархал юм даа.

Өнөөдөр энэ тухай дэлхийн хэвлэл мэдээллээр шуугиж байна. Гэтэл Монголд яаж байнав гэвэл “тэгж гэнээ”, “ийм л юм болж” гэсэн янзтай байх нь хачирхалтай байгаа. Үнэхээр монголчууд ой тог­тоолт, оюун ухаанаа­раа дэлхийд толгой цохиж байна шүү дээ. Хэд­хэн хоногийн өмнө Индонезийн Жакар­тад болсон ой тогтоол­тын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай залуучууд 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл гээд нийт 90 багц медалийн 57-г нь хамчихсийм. Дэлхийн 21 орны 130 гаруй тамирчдаас багийн дүнгээр багаараа хол тасархай түрүүлжээ. Өмнө нь бас Азийн аваргын медалийн 80 хувийг манайхан аваад ирсэн.

Энэ бүхнийг яагаад тоочоод байна вэ гэвэл энэ спортоор монголчуудыг дэлхийн хэмжээнд шагшиж байна гэдгийг онцлох гэсэн минь. Гэтэл Монголын төр, засгийнхан яагаад мэдсэн ч мэдээгүй юм шиг байдаг юм. Оюун ухааны хувьд өөрсдийгөө мундаг нь гэж эндүүрдэг нь тээр болдог юмсануу. Ер нь бидний монголчууд биеийн хар хүч, хурд хоёроос бусдыг үнэлж дэггүй хоцрогдсон хэвээр л байх шиг. Долоо хоног бүр болдог үндэсний бөх хэмээх гажигтай болчихсон барилдааныг л нүдээ улайтал харж алга ташин суух юм. Өвлөөс бусад цагт хэдэн эрлийз голдуу морь уралдуулж бие биедээ баярхан, хөөрч хөвсөлзөж байх. Ийм тарчигхан сэтгэлгээнээсээ салж чадаагүй л байна. Тэдний дунд төр, засгийн удирдах хүмүүс маань учиргүй баярлачихсан тууж явдаг юм билээ. Үүнийхээ оронд оюун ухааныхаа үр шимээр гайхуулж Монголоо дэлхийд алдаршуулж яваа ухааны уртай тамирчдаа ядаж хүлээн авч уулздагсан бол аятай юу даа. Тийм сүйхээтэй нь алга мэт.

Улстөрчдийн толгойд юу багтдаг юм бол гэвэл бөөн хэрүүл маргааны хор, мөнгө, албан тушаалын тухай хар бодол бий болов уу. Иймээс сайн юмыг ухаарах, зөв сэтгэхгүй байгаа байж мэднэ. Тэгвэл ой тогтоолт, оюун ухааны тамирчид 10 төрөлд өрсөлддөг. Тамирчин нэг төрөлд биш бүх төрөлд жигд оролцож байж нийлбэр дүнгээр аварга болдог спорт. Сонирхуулахад бүтэн нэг цаг тоо цээжилдэг төрөл бий. Үүнийг оюуны спортын тамирчдын чадал чансааг бүрэн шалгадаг хүнд төрөлд тооцдог аж.

Есөн настай тамирчин хүү бүтэн нэг цаг тоо цээжлээд түүнийгээ хоёр цагийн дотор буцааж санаж дэлхийд өрсөлдөж байгаа юм. Бас дэлхийн тэмцээний нэг цагийн хугацаанд хөзөр цээжлэх төрөлд манай тамирчин Н.Мөнхшүр 34.5 багц хөзөр цээжилжээ. Түүний нэг багцад нь 52 ширхэг хөзөр байдаг. Тийм бол нийт 1700 гаруй хөзрийг нэг цагийн дотор цээжлээд буцаагаад яг дарааллаар нь санах амархан уу. Зарим хүн боломжгүй гэж хэлнэ дээ. Тэгвэл тамирчин бүсгүй түүнийг чадаж дэлхийн дээд амжилтыг дахин шинэчлээд байгаа юм даа. Бахархахаас ч яахиймсан билээ. Хүний оюун ухааны гэдэг нь бодит амьдралд хамгаас хэрэгтэй үндсэн чадвар гэж үздэг.

Сүүлийн үед эрдэмтэд олон таамаг дэвшүүлжээ. Тэр дотор зарим нь оюун ухааныг биологийн үүднээс тайлбарлахыг хичээх болов. Ингэж үзвэл монгол хүний бие организм эрс онцлогтой бүр тодруулж хэлбэл генийн хувьд бусад үндэстнээс давуу талтай гэж хэлэхээр санагдана. Энэ үүднээс хэлэхэд залуучуудынхаа оюун ухааны хөгжлийг хангаж чадснаар л Монголын тамирчид дэлхийг “байлдан дагуулж” байна гэдгийг онцлох гэсэн юм. Тэгвэл онцгойгийн онцгойд тооцох нэг хүн бий. Тэр бол Монголын оюун ухааны академийн захирал, олон улсын шүүгч Х.Хатанбаатар гэдэг хосгүй ухаантай залуу юм. Тэрбээр цээж бодолт, хурдан уншлагийн олон улсын тэмцээнд оролцсон Монголын анхны тамирчин нь. Зүгээр нэг тамирчин байсангүй эх орондоо оюун ухааны спортыг тууштай хөгжүүлэхийн тулд Монголын оюун ухааны төв байгуулж улмаар академи  болгон өргөжүүлсэн хүн. Одоо түүний “цэргүүд” нь дэлхийд Монголынхоо нэр төрийг мандуулж явна. Мөн 5000 гаруй хүүхдийг оюун ухааны спортод сургаж дотооддоо 100 гаруй тэмцээнд оролцуулжээ. Энэ гавьяа биш гэж үү. Тэгвэл яагаад оюун ухааны спортын тамирчид төрийн анхаарлаас хол байгаа юм бэ гэсэн асуулт анхаарал татаад байна. Бод л доо. Оюун ухааны спорт тамирчин хүнээс асар их хүч, энерги, тэсвэр тэвчээр шаарддагаараа хүнд төрөл. Бөхийн төрөл гэхэд тухайн тамирчин нэг л жинд оролцохдоо үсрээд таван хүнтэй хэдхэн минут барилдаад ялж тив, дэлхийн аварга болдог. Тэгвэл оюун ухааны тамирчид бүтэн 10 төрөлд олон цагаар өрсөлдөж байж ялагчийн тавцанд хүрдэг. Иймийн учир төр, засгийн эрхмүүд минь оюуны спортыг жаахан ч гэсэн ойлгохыг эрхэмлээч. Дэлхийд шагшигдаж байгаа охид, хөвгүүддээ урам хайрлаач гэдгийг хэлэх гэсэн юм. Шуудхан хэлэхэд оюун ухааны олимп дэлхийн аварга дахин давтан болсон тамирчин ч олон байна. Тэдэнд зохих цол алдрыг хүртээхэд юу нь болдоггүй юм бэ. Монголдоо оюун ухааны загалмайлсан эцэг гэгдэж буй Х.Хатанбаатарт бол баатар цол ч багадах юм шиг. Оюун ухааныг дээдэлдэг улс орон хөгждөг, мандан бадардаг гэнэм. Гэтэл… оюун ухааныг гээчихсэн юм шиг Монгол.

Д.ЦЭРЭНАНДМИД

 

  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ