Өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компаниас арваннэгдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулав. Тус судалгаагаар Орон сууцны үнийн ерөнхий индекс 11 дүгээр сарын байдлаар өмнөх сараас 0.2 хувиар өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар өсчээ.
“Тэнхлэг зууч” компанийн судлаачдын хэлснээр, орон сууцны үнийн индекс өсөхөд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн сарын үзүүлэлтээр, шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ 2 сая 201 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 1.06 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.77 хувиар өсчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0.26 хувиар өссөн байна.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байгаа ажээ. Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн сард 71 сая 223 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.17 хувиар, өмнөх сараас 0.89 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Сүхбаатар дүүрэгт хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байгаа аж.
Хуучин орон сууцны үнийн индекс 0.92 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.47 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.50 хувиар буурсан үзүүлэлт юм. 2016 онтой харьцуулбал энэ онд шинэ орон сууцны борлуулалт 10 хувиар буурсан бол хуучин орон сууцных нэмэгджээ. Эдийн засаг тогтворжиж буй нь орон сууцны борлуулалтад эерэгээр нөлөөлснөөс гадна хуучин байрны үнэ буурсантай холбоотой эрэлт ихтэй байгаа аж.
Өнгөрсөн 8-9 дүгээр сард орон сууцны борлуулалт, ялангуяа "Хаус"-ын борлуулалт сайн байжээ. Зах зээлд 20 мянга гаруй орон сууцны барилгын ажил хүлээгдэж буйгаас бүрэн ашиглалтад орсон нь 5100 айлын орон сууц байгаа аж. Орон сууцны үнийн индексийн тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4881 орон сууцны мэдээллийг хамруулжээ.