Баярын бялуугаа өөрсдөө хийцгээе



Шинэ жилийн баярын ширээг бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй.  Эзэгтэй нар дэлгүүрээс бялуу худалдаж авахыг урьтал болголгүйгээр өөрийн гараар хийсэн амтат бялуугаар баярын ширээгээ чимэх болсон. Тиймээс эзэгтэй нарт  хэрэг болох болов уу гэдэг үүднээс  төрөл бүрийн баярын бялуу хийх аргыг танилцуулж байна.
1.     “Прага” бялуу
Орц: 1,5 стакан цөцгий, хоёр стакан гурил, нэг стакан гурил, нэг стакан сахар, дөрвөн хоолны халбага какао, 100 грамм цөцгийн тос буюу масло, ваниль, хоёр ширхэг өндөг, цайны тал халбага сод, нэг лааз өтгөрүүлсэн молоко.
Бэлдэх арга: Цөцгийгөө сахартай хутгаад, өндөг, сод, какао, ваниль, өтгөрүүлсэн молокогоо хийгээд бүгдийг нэг төрлийн холимог болтол сайтар зуурна. Дараа нь дээрээс нь гурилаа нэмж зуурч нух. Хоёр хэсэгт хуваагаад шарах шүүгээнд хийж жигнэнэ.Крем бэлтгэхдээ: хагас стакан цөцгийгөө хагас стакан сахартай хольж хутга. Гэхдээ сахар нь бүрэн хайлж дуусахаас өмнө хутгахаа болих хэрэгтэй. Цөцгийн тосоо нүдэж байхдаа тасралтгүй өтгөрүүлсэн сүүнээсээ хий. Мөн хоёр хоолны халбага какао нэм. Кекс бүртээ крем түрх. Сүүлд нь тортоо чимэглээд сэрүүн газарт тавиарай.
2.     “Шарлотка”
Орц: Гурван ширхэг өндөг, нэг стакан сахарны нунтаг, нэг стакан гурил, 3 – 4 ширхэг алим.
Бэлдэх арга: Өндгөө сахартай хамт хөөсөртөл нь хутгана. Дараа нь дээрээс нь гурилаа нэмж, нэг цайны халбага сод хий. Дараа нь сайтар нухаад амраа. Энэ хооронд шарах шүүгээгээ халааж, бэлэн болсон гурилан зуурмаг дээрээ масло түрхэж хүүхдийн будаа эсвэл хатаасан талхны үйрмэг цацаж, дээр нь нимгэн зүссэн алимаа тавьж өрнө. Ингээд халаасан шарах шүүгээндээ хийж 30 – 40 минут байлгаад аваарай.   
 3.    Зөгийн балтай бялуу
Бэлдэх арга: 250 грамм зөгийн баланд тал стакан ус, нэг стакан ургамлын тос нэмж хийнэ. Дараа нь тал стакан жижиглэсэн самар, мөн тал стакан үзэм, 2 – 3 хоолны халбага цукат, нэг цайны халбага какао, уксуст хийсэн нэг цайны халбага сод, зуурмаг хийхэд тохирсон хэмжээний гурил орно.
Бэлэн болсон зуурмагаа хоёр см зузаантай элдээд шарах шүүгээний тосолсон хавтан дээр тавина. Шарах шүүгээнд ойролцоогоор цаг хэртэй байлгаад гаргаж хөргөнө. Дараа нь нимбэгний чихэрлэг шүүс цацах эсвэл сахарны нунтаг цацаж хавтан дээр тавь.Чихэрлэг түрхлэг: 200 грамм жижиг ширхэгтэй сахар эсвэл пудр, нэг ширхэг өндөгний цагаан, тал нимбэгний шүүс
4.    Цөцгийтэй бялуу
Орц: Нэг кг жинтэй бялууны хувьд 200 грамм гурил, сахар, 500 грамм өтгөн цөцгий, зургаан ширхэг өндөг, 500 грамм улаан буудайн талхны хатаамаг, 25 грамм цөцгийн тос /сахарны нунтаг цацахад зориулсан/ , жимсний чанамал.
Бэлдэх арга: Цөцгийн тосоо хөөсөртөл хутгана. Харин өндөгний шарыг сахараа уустал хутгаад цөцгийн тостойгоо хольж гурилаа бага багаар хийн тасралтгүй хутга. Бүгдийг нэг төрлийн зуурмаг болтол зуурна. Бэлэн болсон гурилан зуурмагаа хутгаад хэв бүхий савандаа болгоомжтой хийж хатаамал нунтаг талхаа цацна. Шарах шүүгээгээ 200 -220 градус хүртэл халааж, 25 – 30 мин байлгана. Бялуугаа хөргөсний дараа хэвнээс нь гаргаад нунтаг сахар цацаарай.
5.    ”Элсэн” бялуу
Орц: Таван стакан гурил, нэг стакан цөцгий, таван өндөгний шар, 200 грамм цөцгийн тос, нэг стакан сахар, давс, хутганы үзүүрээр сод.
Крем: Таван ширхэг өндөгний цагаан, нэг стакан самар, нэг стакан сахар,
Бэлдэх арга: Маслоо цөцгий мэт болтол хутгана. Өөр нэг саванд өндөгний шарыг сахартайгаа холиод дээр нь цөцгийгээ нэмнэ. Ингээд нэг өнгийн зуурмаг болмогц нь масло хийж, сод, давс, гурилаа хийж хутгаад 20 – 30 минут хүйтэн газар тавьж амраах хэрэгтэй. Үүний дараа тестээ авч гурван тэнцүү хэсэгт хуваа. Хэсэг тус бүрийг нэг ижил дугуй хэлбэртэй хэвэнд хий. Кремээ хийхдээ өндөгний цагааныг сахартай хутгаж хэмжээг нь нэмэгдтэл хутгаад жижиглэсэн самраа холь. Гурилан зуурмагийн гадаргуугийн хэсэгт кремийн үлдэгдлээ түрхээд самраа цац. Шарах шүүгээгээ  200 – 220 хэм халааж шаргалтах хүртэл нь байлгах хэрэгтэй.
6.    Шоколадтай жижиг бялуу хийх арга
Орц: Бялууны кекст: 100 гр сахар,1 уут ванилин сахар,2 халбага халуун ус, 2 ш том өндөг, 100 гр улаан буудайн гурил, ½ халбага бялуу хөөлгөгч,
Шоколадтай кремд:150 гр зөөлөн шоколад, 150 мл цөцгий
Өнгөлөхөд: нунтаг сахар, хатуу шоколад
Бэлдэх арга:  Шоколадтай кремд зориулсан шоколадыг жижиглэж цөцгийтэй холиод шоколадыг хайлтал халаана.
Үүнийхээ дараа шоколадтай кремыг сайн хөргөнө. (хамгийн сайн нь нэг шөнө хөргөх юм) Бялууны кекст зориулсан өндөгийг устай хольж хөөсөртөл нь 1 минут хүчтэй хутгана. Сахар, ванилин сахарыг хооронд нь холиод, өндөгрүү хийж ахин 2 минут хутгана. Гурилыг бялуу хөөлгөгчтэй хольж шигшээд, үүнийхээ хагасыг бэлдсэн өндөгний зуурмагруу хийж зөөлөн хутгана. Үлдэгдэл гурилыг ийм маягаар хийж хутгаарай. Шарах шүүгээг урьдчилан 200 градусд халаана.
Бэлэн болсон бялууны шингэн гурилыг жигнэх хавтгай саванд хийж (савыг зориулалтын цаасаар хучаад, тослосон байна), гадаргууг нь тэгшлээд шарах шүүгээний саргар төмөр дээр байрлуулаад, шарах шүүгээний 200 градусд ойролцоогоор 12 минут жигнэнэ.Бялууны кексийг савнаас авч хөргөөд хөндлөн хувааж зүснэ.Үүнийхээ доод кексийг нь шоколадтай кремээр бүрж, үүн дээрээ дээд кексийг тавьж, хүйтэн газар тавина.Шоколадтай бялууг нунтаг саахар болон шоколадаар чимэглэж, эхлээд квадрат, дараа нь гурвалжин хэлбэрээр зүсээд таваглаарай. Зөвлөмж: Шоколадтай кремыг сайн хөргөсөн байх шаардлагатай, тэгэхгүй бол бялуу нь сайн царцаж өгөхгүй.
7.    Бяслагтай бялуу
Бисквитний орц:500 гр зөөлөн бяслаг,120 гр элсэн чихэр,3 хоолны халбага сүүн крем, 3 өндөг, 1 цайны халбага ваниллын охь
Доод бүрхүүлний орц:4 хоолны халбага масло,2 хоолны халбага элсэн чихэр,400 гр жигнэмэгийн сайн жижиглэсэн үйрмэг
Дээд бүрхүүлний орц:500 мл цөцгий, 1/2 хоолны халбага элсэн чихэр, 1 цайны халбага ваниллын охь
Бэлдэх арга: Бяслаг, элсэн чихэр, сүүн крем гурваа холь. Таны бяслаг дээд зэргийн зөөлөн байх ёстой. Өндгөө нэг нэгээр нь хийж хутгаад, ваниллын охио хийж дахин хутгана. Бэлэн болсон зуурмагийг түр амраа. Маслоо хайлуулаад, 2 хоолны халбага элсэн чихрээ хийгээд, хутгах явцдаа үйрүүлсэн жигнэмэгээ бага багаар нь хийж холь. Бэлэн болсон зуурмагаа тосолсон хэвэнд жигд тараана.Эхний бяслагтай зуурмагаа жигнэмэгтэй зуурмагийг жигд тараасан хэвэндээ хийгээд 350 градуст 20 минут жигнэнэ. Бэлэн болсон бялууг хөргөнө. Элсэн чихэр, цөцгий, ваниллын охь гурваа холиод хөргөсөн бялуун дээр тарааж 375 градуст 10 минут жигнэнэ.  Бялуугаа гаргаад 6 цаг хөргөгчинд байлгасны дараа идэж болно.
8.    Өндөгтэй бялуу Шанзны орц: 300 гр гурилан зуурмаг, 3 том өндөг, 1 том чимх самрын нунтаг, 200 мл бүлээн сүү, 2 халбага буюу 80 гр сахарГурилан зуурмагны орц: 300 гр зуурмаг гарна. Шигшсэн гурил 200 гр, чимх давс, сахар 50 гр, 100гр масло (дөрвөлжилж хэрчсэн), 2-3 халбага хүйтэн ус

Бэлдэх арга: Эхлээд гурилан зуурмагаа бэлтгэнэ. Том аяганд гурил, давс, масло, сахараа хийгээд гараараа зөөлөн базна. Маслыг гурилтай бүрэн холисны дараа гурилны хатуу зөөлнөөс хамаарч хүйтэн ус хийнэ. Зуурмаг бэлэн болсны дараа цэвэр даавуугаар хучаад 15-30 минут амрааж хэрэглэхэд бэлэн болгоно.Бэлэн зуурмагаа гаргаад гараараа урт нарийн болгон хэвлэж буузны гурилаас том хэмжээтэй таслана. Үүнийгээ гараараа нимгэн хавтгай болгож хэвэнд нааж өгнө.Ингэхдээ ёроолын хэсгийг зузаан хийж болохгүй. Хэвэнд хийсний дараа сэрээгээр ёроолыг зөөлөн хатгаж нүх гаргана. Шанз бэлтгэхдээ өндөгний шараар нь хийнэ. Цагаантай нь хамт хийж болох боловч амархан хөөсөрдөг. Тиймээс шараар нь хийвэл илүү тохиромжтой. Саванд өндөг, сүү, сахар, самрын нунтгаа хийгээд холигчоор сайтар зуурна. Үүний дараа цайны шүүрээр зуурмагаа шүүнэ. Энэ нь том хөөсийг арилгаж байгаа хэрэг юм. Зуурмагаа хэвэндээ хийхдээ ирмэгээс 5 мм доор байхаар тооцож хийнэ. Шарах шүүгээндээ хийхээс өмнө 160-180 градус хүртэл урьдчилан халаасан байх шаардлагатай. Өндөгний бялууг 20-25 минут жигнэнэ.

  Эх сурвалж: http://www.emegteichuud.mn

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ