Хууль сахиулагчийн хууль бус үйлдлийг тас цохиж эхэллээ



Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өдөр шөнө, халуун хүйтэн, хатуу ширүүнийг үл ажран тангарагтаа, албандаа чин үнэнчээр зүтгэж яваа цагдаагийн алба хаагчдаар бахархдаг. Гэтэл энэ итгэл, өргөсөн тангараг, өндөр төрийн хуулийн дор, өөрийнхөө өмнө үнэнч зогсож чадаагүй, чадахгүй шударга дүр эсгэсэн этгээдүүд “цагдаа” хэмээх эрхэм нэрийг эсрэгээр ашиглаж байсныг ашгүй илрүүлжээ.
Хуулийг хэлбэрэлтгүй сахих, сахиулах чиг үүргээ умартаж, өөрт оногдсон албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, буруу аашилсан алба хаагчдад холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна.  
Өргөсөн тангараг, сахилга, ёс зүйгээ уландаа гишгэж, хувийн эрх ашиг, хүсэл сонирхолоо тэргүүнд тавьсан тэдгээр алба хаагчид нэлээн хатуухан хариуцлага тооцуулах бололтой. Нэг сар хүрэхгүй хугацааны өмнө Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын удирдах албан тушаалтнуудтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өгөхдөө “Цагдаагийн эгнээ цэвэр, ариун байх ёстой. Алба хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч, улс төр, бизнес, эрүүгийн бүлэглэлээс ангид байж, гагцхүү хуулийн хүрээнд шударгаар ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолж байсан.
Тэр ч утгаараа шалгуур, шаардлагыг өндөрсгөн, хяналт шалгалтыг нарийвчлан зохион байгуулсан нь Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын нэгжээс илрүүлж Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн хэргүүдээс харагдаж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан хэргийн холбогдогчоос мөнгө авсан, ахлах мөрдөгч Б-д холбогдох хэрэг, Эрүүлжүүлэгдсэн иргэдийн ар гэрээс мөнгө авч завшсан алба хаагч О-ын хэрэг, Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдаас хээл хахууль авсан алба хаагч О, Б нарт холбогдох хэргийг илрүүлэн АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн хэргүүдийн дунд архи, согтууруулах ундааны зүйл нийтэд худалдаалахыг хориглосон өдрүүдээр 8 нэрийн барааны дэлгүүрүүдэд шалгалт хийж торгууль нэрээр мөнгө завшиж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан Б, Э гэх цагдаа нарын хууль бус үйлдэл ч байгаа гэнэ.
Цагдаа бол төр, ард түмэн бүгдийн өмнө шударга байх тангарагтан. Хэн дуртай нь шургалж ороод хийчих, хувийн ашиг хонжоо, шуналаа гүйцээчих бохир алба цагдаагийн байгууллага биш. Тиймдээ ч албаны нэр хүнд, иргэдийн итгэл, төрийн хуулийг хөсөрдүүлэгчдийн үйлдлийг тас цохиж, хуулийн дагуу хариуцлага оногдуулах нь зүйн хэрэг. Цагдаагийн байгууллагын удирдлагаас цаашид ч энэхүү ажиллагааг үргэлжлүүлж эрх мэдэл, албан тушаалдаа эрдэж хуулиас гадуур аашлах үйлдлийг таслан зогсоох, алба, тангарагаа хүндэтгэн, үнэнч шударгаар ажиллаж буй алба хаагчдаа дэмжинэ гэдгээ албаны хүн хэлж байсан юм.  

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ