Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид шинэ оны босгон дээр үзэгч багачууддаа шилдэг уран бүтээлүүдийн дээжээ хүргэх гээд тун завгүй байгаа ажээ. Тоглолт үзсэн хүүхэд бүртээ нэн шинэлэг, өвөрмөц бэлэг бэлтгэсэн байна. Гэнэтийн бэлэг, ид шид, гайхамшиг, баяр хөөр дүүрэн тоглолтуудынх нь талаар Монгол Улсын Хүүхэлдэйн театрын дарга, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагватай ярилцлаа.
-Маршалын санаачилгаар нээгдсэн “Гайхамшигт хайрцаг”-
-Шинэ жил бол хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баяр. Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид маань бяцхан үзэгчдэдээ шинэ жилээр ямар бэлэг барих гэж байна вэ?
-Шинэ оныг бид бяцхан үзэгчидтэйгээ угтах болно. Тэдэндээ уран бүтээлээрээ бэлэг барина. Шинэ оны босгон дээр “Гайхамшигт хайрцаг” жүжгээ үзэгчдийн хүртээл болгоно. Энэ жүжиг бол манай Хүүхэлдэйн театр байгуулагдаад тайзнаа тавьсан анхны жүжиг байгаа юм. Мөн өнгөрсөн 70 жилд Хүүхэлдэйн театрын үе үеийн уран бүтээлчдийн олны хүртээл болгосон жүжгүүдээс түүвэрлэн МҮЭСТО-д арванхоёрдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 12, 15 цагаас бяцхан үзэгчдэдээ толилуулахаар бэлтгээд байна.
-70 жилийн түүхтэй Хүүхэлдэйн театрын урын сан нэлээд арвин байж таарна. Хоёр өдөр тоглоод ч дуусахгүй байлгүй дээ?
-Тэгэлгүй яах вэ. Шилж шигшиж байж л энэ хоёр өдөр үе үеийн уран бүтээлийн дээжээсээ толилуулах гэж байгаа юм. Манай хамт олны хувь ирэх 2018 онд түүхт 70 жилийн ой маань тохионо. Ойнхоо хүрээнд Хүүхэлдэйн театр гэж ямар чиг зорилготой, чухам юунд зориулагдсан ямар үзэл баримтлалтай, ямар жүжигчидтэй, ямар уран бүтээлтэй, цаашид яах ёстой байгууллага юм гэдгийг нэгэн жилийн турш сурталчилан таниулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ бол зөвхөн Хүүхэлдэйн театрын түүх биш Монгол Улсын түүх учраас өргөн цар хүрээнд сурталчлан таниулах ёстой гэж үзсэн.
-Ирэх онд 70 жилийн ойгоо тэмдэглэнэ гэхээр Хүүхэлдэйн театр урлагийн байгууллагууд дундаа ахмадад л орох юм байна шүү?
-Маршал Х.Чойбалсан хойд хөршид айлчлах үеэрээ тэндэхийн Хүүхэлдэйн театртай нь танилцаж ирээд үүнийг Монгол Улсад заавал бий болгож хөгжүүлэх ёстой гэж үзсэн байдаг. Ингээд Монгол Улсын Хүүхэлдэйн театр 1948 онд үндэс сууриа тавьж, хамгийн анх “Гайхамшигт хайрцаг” хэмээх жүжгээр хөшгөө нээж байсан түүхтэй. Тиймээс бид ирэх 2018 оныг Хүүхэлдэйн театрын үе үеийн уран бүтээлчдийн 70 жилийн турш бүтээсэн сор, сонгодог бүтээлүүдээр давалгаалсан жил болгоно.
-“70 суманд 70 жүжиг” хөтөлбөр хэрэгжүүлнэ-
-МҮЭСТО-д болох шилдэг бүтээлийн тоглолтын талаар тодруулмаар байна.
-Манай театр 150-хан хүүхдийн суудалтай учраас МҮЭСТО-д хоёр өдөр нийт дөрвөн удаа тоглуулахаар төлөвлөсөн. Үе үеийн шилдэг бүтээлүүдийн дээжээ аль болох олон хүүхдэд хүргэхийг зорьж байгаа юм. Хүүхэлдэйн урлагийн зургаан төрлийг тал талаас нь харуулсан шилдэг үзүүлбэр байх болно. Тоглолтын нэг онцлог нь ахмад, дунд, залуу үеийн жүжигчид оролцоно. Өнөөдөр олон хүний ой тойнд хүүхэд насных нь гэгээн дурсамжид дуу хоолойгоороо мөнхөрч үлдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, “Хүүхэлдэйн” хэмээх Л.Чимэддорж, “Мандухай сэцэн хатан” киноны Баянмөнх жононгийн дүрээр түмний сэтгэлд мөнхөрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Гүрсэд, “Буратино” хэмээн багачуудын дунд алдаршсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Норолхоо, жүжигчин Т.Пэрэнлэй, С.Балданпүрэв гээд сор болсон ахмадууд өөрсдийнхөө дуу хоолойгоор багачуудтайгаа мэндчилж, энэ жүжгүүдэд оролцоно. Үүний зэрэгцээ манай дунд үеийн гайхамшигтай авьяаслаг жүжигчдийн ур чадвар туршлага, одоо ид хийж бүтээж яваа залуусын авьяас билгийн гурвалсан хэлхээ энэ хоёр өдрийг утга учраар дүүрэн болгоно гэдэгт итгэлтэй байна. Манай энэ тоглолтод хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэг барина. Гэхдээ уутанд хийсэн ундаа чихэрхэн биш, тун өвөрмөц бэлэг байх болно.
-Ирэх 2018 онд үзэгчдэд хүрэх бүтээлүүдээ төлөвлөсөн байх. Ямар жүжгүүд тайзнаа амилах бол оо?
-Ирэх онд бид гурван шинэ жүжиг тавина. Үүний нэг нь ахлах ангийнханд зориулсан хүүхдийн жүжиг байх юм. Энэ нь өсвөр насны хүүхдийн мэдлэг оюунд тус болсон, театрын соёлд сургасан, хүн хоорондын амьд харилцааг бий болгох зорилго бүхий жүжиг байх болно. Монголчууд Торгоны замаар дамжуулан гангар цагаан шаазан, торго дурдантай танилцаж байсан бол дараа нь өөрсдийнхөө урлаг соёл, өв уламжлалыг харьд танилцуулсан. Энэ түүхийг өгүүлэх “Торгон замын Тоодоохой” гэж жүжиг олны хүртээл болно. Мөн мартагдах шахсан нэг зүйлийг хөдөө орон нутагт сэргээх зорилгоор “Далан сум далан жүжиг” гэсэн хөтөлбөр боловсруулсан. Социализмын үед мэргэжлийн урлагийн байгууллагынхан Монгол Улсын сум бүрт хүрч соёл урлагийг түгээдэг байсан нь зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш хумигдаж үгүй болсон. Хөдөө орон нутгийн үзэгчдэд соёлыг түгээж, мэргэжлийн урлагийн байгууллагыг сурталчилж явсан тэр уламжлалыг сэргээх үүднээс бид Монгол Улсынхаа 70 сумын үзэгч багачуудад хүрч үйлчилнэ. Хөдөө орон нутгийн хүүхдүүд Хүүхэлдэйн театр гэж нэг ийм байгууллага байдаг юм байна, тэнд нь ийм жүжиг тоглогдож байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. 70 жилийн арвин түүхтэй энэ байгууллагад эрдэм шинжилгээний суурь бүтээл, түүнийг түшиглэсэн бүтээл ч тэр, жүжигчид ч тэр байж таарна. Тиймээс эрдэм шинжилгээний томоохон хурлыг зохион байгуулна. Бидэнд бас нэг сэдэж буй том зорилго бий. Монгол Улсын хэмжээний урчуудын дунд “Хүүхэлдэйг хэн сайн урлах вэ” уралдааныг зарлана. “Баавгай ба охин” хэмээх хүүхэлдэйн киноны цаана аугаа их Орос орон харагдаж байдаг даа. Үүн лүгээ адил монгол урчуудын урлан бүтээсэн хүүхэлдэйгээр дамжуулж монголчуудыг дэлхий нийт хардаг болгох тийм том зорилго өвөртөлж байна. Энэ уралдаан бол зүгээр нэг хэдэн урчууд уралдаад нэг нь түрүүлээд мартагдах зүйл биш. Бид монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой гэж хэлж болно.