Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе эхэлж, хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал 80 хувиас хэтрээд байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна.
Жилийн жилд эцэг эхчүүдийн толгойны өвчин болдог ханиад, томуу, хатгалгаа энэ жил ч асуудал хэвээр байна. Нийслэлийн хэмжээнд нийт 517 хүүхдийн ор нэмэлтээр гаргасан бөгөөд хүүхдийн эмнэлгүүд нэмэлт ор гаргаж, насанд хүрэгчдийн зарим тасгаа ч хүүхдийн тасаг болгоод байгаа юм. Эмнэлгүүдийн үзлэгт дараалал үүсч, хоёр ээлжтэй болгосон ч ачаалал их хэвээр байгаа ажээ.
Тиймээс агаарын бохирдол ихтэй, хүйтэн сэрүүний улиралд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахаас зайлсхийхийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Томуугийн дэгдэлтийн оргил үед хүүхдийг олон нийтийн газар дагуулж явах, томуугийн шинж тэмдэг илэрсэн үед нь цэцэрлэг, сургуульд нь явуулах нь хүндрүүлэх нөхцөл болж байна гэж албаныхан мэдээллээ.