С.Эрдэнэ: Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш



Өнөөдөр үдээс хойших Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал,тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг Хүний хөгжил сангаас, халамжийн мөнгийг Халамжийн сангаас олгодог

"Амьжиргааны түвшнээс шалтгаалж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор шийдсэн гэж тайлбарлаж байна. Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн орлого, амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг огт өөр зорилгоор хийсэн. Энэ бол халамжийн бодлогод хамрагдаж буй өрх, иргэний амьжиргааны түвшинг тодорхойлох, зорилтот бүлэг рүү чиглэсэн халамжийн бодлого, хөрөнгө мөнгийг зөв зохистой хүргэх зорилгоор уг судалгааг маш өндөр өртгөөр хамтарч хийсэн. Энэ судалгааг өнөөдөр хүүхдийн мөнгө олгоход ашиглаж байгаа нь учир дутагдалтай.

Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Хүүхдийн мөнгө бол хүүхдийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Хүний хөгжлийн сангаас олгодог мөнгө. Халамжийг халамжийн сангаас олгодог.

Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор эцэслэн шийдвэрлэсэнд үнэхээр харамсаж байна. Та бүгдийн ярьж байгаагаар 2019 онд үлдэж буй хэсгийн хүүхдийн мөнгийг нэрийн дансанд нь төвлөрүүлж байгаад олгох юм байна. Тэгвэл 2019 онд хүүхдийн мөнгийг үлдсэн хувьд олгохдоо ямар аргаар олгох юм бэ?

МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж заасан. Ирэх онд цалин, тэтгэврийг нэмэх үү? Тэтгэврийг хэдэн үе шаттай нэмэх вэ? Тэтгэврийн шинэчлэлийг яаж хийх вэ? Тэтгэвэр авагчдын амьжиргааны түвшинг яаж баталгаажуулах вэ?

Насны хишиг олгож байгаа нь төрөөс ахмадуудад өгч буй хишиг гэж ойлгож байна. Энэ бол Нийгмийн даатгалын сангийн тэтгэврийн санд төвлөрч буй тэтгэвэр авагчдын төлсөн мөнгө биш. Тэтгэврийн санд төвлөрч буй мөнгийг цаашид өвлүүлэх буюу тэтгэвэр авагчдын нийгмийн наад захын хэрэгцээг хангах түвшинд тэтгэврийн хэмжээг хүргэх тал дээр ямар бодлого барьж байна?

Нэг зүйлийг тодорхой хэлэхэд, тэтгэврийг өвлүүлэх, хувь хүний өөрийн насан туршдаа хуримтлуулсан хөрөнгийг өөрт нь шилжүүлэх эхний алхам бол Хамтын тэтгэврийн тухай хууль байсан.

Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгож, Насны хишиг гэсэн хөтөлбөр санаачилсан. Энэ хууль, хөтөлбөрийн ялгааг юу гэж харж байна?

Хамтын тэтгэврийн тухай хуулийг нэг мөр байхгүй болгож, хүчингүй болгосон хэвээрээ байх юм уу? Эсвэл үүнтэй төстэй Нийгмийн даатгалын санд байгаа мөнгийг тухайн тэтгэвэр авагч ахмадуудад өвлүүлэх, буцаан олгох, хангалттай түвшинд тэтгэврийн хэмжээг тогтоох тал дээр ямар арга хэмжээ авах вэ?" 

 
Эх сурвалж : vip76.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ