Ирэх 2018 оны тавдугаар сарын нэгэнд иргэдэд газар өмчлүүлэх хуульд заасан 15 жилийн хугацаа дуусна. 2003 онд хууль батлагдсанаас хойш нийслэлийн хэмжээнд өнөөдрийг хүртэл 188 мянган иргэн 9984 га газрыг өмчилж авсан талаар Нийслэлийн газрын алба мэдээллээ. Үүнээс 69 мянга гаруй иргэн цахимаар газар олгох хөтөлбөрт хамрагдсан байна. Мөн 1200 гаруй иргэн есдүгээр сараас эхэлсэн иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх гурван сарын аяны хүрээнд шинээр газар эзэмших гэрчилгээ авчээ. Гурван сарын аяны хүрээнд 43 хорооны 3442 нэгж талбарт газар эзэмшдэг иргэд газраа өмчилж авсан байна. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд иргэдийн 17.57 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ.
Үүнээс гадна 2017 онд 723 сая төгрөгийн хоёр газрыг дуудлага худалдаагаар борлуулж, улсын төсөвт орлогыг нь төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны жилийн дүнгээс 34 хувиар өссөн дүн болжээ. Мөн худалдах боломжит газар 425 байрлалд байгаа юм. Үүнээс “Чингис хаан” нисэх онгоцны буудал явах зам дагуу Яармагийн газруудыг ашигтай бүс гэж үзэн, эхлэх үнийг 120 саяас 300 сая хүртэл төгрөгөөр үнэлжээ. Өнөөдрийн байдлаар газраа хураалгах эрсдэлтэй 405 иргэн, аж ахуйн нэгж байгаа аж. Харин өнгөрсөн 2016 онд 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар өмчлөх эрхийн төлбөр төлөөгүйгээс гэрчилгээгээ хураалгаж байжээ.