АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ он гарснаас хойш “Твиттер” хуудастаа бичсэн анхны “жиргээ” нь Пакистаны тухай байжээ.
Д.Трамп “Твиттер” хуудастаа “Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Пакистан улс АНУ-ын эрх баригчдыг мунхруулан 33 тэрбум гаруй долларын тусламж авсан байна. Харин Пакистан АНУ-д “хууран мэхлэлт”-ээс өөр юу ч өгөөгүй. Тэд манай улсын удирдагчдыг мунхруулсаар ирсэн. Бидний Афганистанд “ангуучилж буй” террористуудын аюулгүй байдлыг тэд хангасаар ирсэн. Тэд АНУ-ыг өөр юугаар ч гийгүүлээгүй ” гэжээ.
Д.Трамп өнгөрсөн 10 дугаар сард өчигдрийн жиргээнээсээ огт өөр юм бичиж байв. Тодруулбал, тэрбээр “Лалын босогчдын “Талибан” бүлэглэлийн барьцаанд олон жил байсан Америкийн иргэн Кейтлэн Коулменыг нөхрийнх нь хамт суллахад тусламж үзүүлсэн Пакистаны Засгийн газарт талархлаа. Энэ нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж буйн нэгэн тод жишээ юм. Пакистан АНУ-ыг дахин хүндэтгэж эхэлж буй илрэл гэж би ойлгож байна” гэж байсан аж.