ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР эрдэмтэдтэй санал солилцох ХЭЛЭЛЦҮҮЛЭГ боллоо



Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ШУТИС хамтран “Нийслэлийн гэр хорооллын дахин  төлөвлөлт болон авто замын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд”-ийн асуудлаар хамтран ажиллах боломжийг хэлэлцэх зорилгоор өнөөдөр “ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтанд  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн  дарга Д.Одбаяр, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булган, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат, ШУТИС-ийн  БАС-ийн доктор  Д.Басандорж,  ХШУС-ийн дэд профессор Б.Тунгалагтамир зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Хурлыг ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн газар, НЗДТГ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд салбарын 50 гаруй эрдэмтэн судлаач багш нар оролцож, санал бодлоо солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

Улаанбаатар хот ирэх жилүүдэд хийх ажлынхаа нэлээд чухал ажлыг эрдэмтэн, мэргэд, судлаач багш нартай хэлэлцэж, тэднийхээ санал зөвлөмжийг сонсоё ажил амьдралын аливаа зүйлд шинжлэх ухаанч байдлаар хандъя хэмээн зорьж, ШУТИС-ийн захиралд санал тавьсан.  Энэхүү  саналыг таатайгаар хүлээн авч, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархаж байна. Олон улсын жишгээс харахад гүүрэн гарцыг аль болох бага барих бодлогыг баримталдаг. Харин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад давхар гүүрэн гарцууд, олон түвшний огтолцол бүхий гүүрэн гарц хэрэгтэй юу, хэрэггүй юу, нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад ямар ажлыг хийх хэрэгтэй вэ, гэдгийг эрдэмтэн, судлаач нараас тодруулах нь хэлэлцүүлгийн гол зорилго юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод 149 гэрлэн дохио бий. Энэ бол хангалтгүй тоо. Улаанбаатар хот нийт 857.9 км урт замтай боловч дөнгөж 30 хувь нь  байнгын ажиллагаатай гэрлэн дохиотой байна. Цаашдаа гэрлэн дохионы зохицуулалтыг хийх, уулзвар гарцуудын асуудлыг шийдэх, явган хүний гарц, гэрлэн дохионы хоорондын зай авцалдаагүйгээс машины чөлөөт урсгалыг хаасан нь түгжрэл үүсгэж байгааг зохицуулах хэрэгтэй.
Үүнээс гадна гэр хорооллын орчныг цогцоор нь өөрчилнө. Өмнө нь төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээгээр дусал дуслаар асуудлаа шийддэг байсан бол одоо гэр хорооллын иргэдийг тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тиймээс  өнөөдөр анхны хэлэлцүүлгийг ШУТИС дээр явуулж байна. Цаашдаа хотын бүхий л тал дээр ялангуяа нийтийн тээвэр, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын талаар судлаач эрдэмтэдийн санал санаачилгыг авч ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллана.

ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат:

Өнөөдөр манай сургуулийн эрдэмтэн судлаачид Нийслэлийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн салбар агентлагуудын удирдлагууд уулзаж, ажил хэргийн хэлэлцүүлэг өрнүүлж байгаад баяртай. Нийслэл хотод тулгарч байгаа олон асуудал байдаг. Би Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа. Үе үеийн Засаг дарга нар, орлогч нар Нийслэлд хэрэгтэй, тулгамдсан маш олон асуудлыг шийдвэрлэж ажилладгийг энэ үеэр мэдсэн. Ямар асуудал тулгараад яаж шийдэж байгааг бид сайн мэддэггүй. Энэ олон асуудлыг шийдвэрлэхэд нь манай эрдэмтэн судлаачид эзэмшсэн мэдлэг боловсрол, судалгаагаа хамтран ашиглаж ажиллах боломж байна. Цаашдаа энэ хэлэлцүүлэг үүгээр дуусахгүй илүү тодорхой чиглэл төлөвлөгөөтэйгээр гэрээтэй, хариуцлагатайгаар хамтарч ажиллах бүрэн боломжтойг хэлэхэд таатай байна.

Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг:

НГХДБГ-аас гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгаагаар  80 гаруй хувь нь өмчлөл, эзэмшлийн газраа 2-3 өрөө байраар солихоос илүүтэйгээр тухайн орчиндоо инженерийн шугам сүлжээ хангамжийг авч, өөрсдийн амьдрах нөхцлөө сайжруулан үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байдаг гэсэн үр дүн гарсан.  Иймээс агаар, хөрсний бохирдол болон дээрх хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь Сервис центр буюу “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” гэж үзсэн.
“Дэд бүтцийн төв” нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч бие даасан болон хэсэгчилсэн байж болох ба хамрах хүрээ нь 200-300 өрхийн хэрэгцээг хангах боломжтой юм.
“Дэд бүтцийн төв” төслийг төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж болох бөгөөд гэр хорооллын иргэд нь дэд бүтцийн төвөөс хангах инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжоо хангаж, амьдрах орчин нөхцлөө сайжруулах боломжтой юм.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра:

Улаанбаатар хотод 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй авто зам,  гүүр болон нүхэн гарцуудын талаар танилцуулга хийгдлээ. Гудамж замын нягтшил Улаанбаатар хотын хувьд 0.22 км/км2 байгаа нь АНУ-н Атланта мужийн судалгаанд хамрагдсан 25 хотын нягтшил /5.8-11.1 км/км2/-тай харьцуулахад 26.3-50 дахин бага байна. Энэ нь замын сүлжээ хэт бага байгаа нь замын хөдөлгөөний түгжрэлийн хамгийн гол шалтгаан болж байна.
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төмөр замтай огтлолцсон зам уулзварт томоохон гүүрэн гарц барих”-аар тусгагдсан. Энэ төсөл хэрэгжсэнээр Энхтайвны өргөн чөлөөний болон “Их тойруу” тойрог замын хөдөлгөөнүүдийг огтлолцуулахгүй замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, тээврийн хэрэгслийн зорчилтын хугацааг багасгах, шатахуун хэмнэх, авто машины ялгарах хорт утааг багасгах зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөж гарна гэсэн судалгаа байна.
Мөн энэ онд  БЗД, 10-р хороо, Жанжин клуб орчмоос төмөр зам доогуур Дүнжингаравын авто замтай холбох ажил хийгдэнэ.  Энэ зам баригдсанаар Нарны замын зүүн талын буюу Нарантуул, Өгөөмөр захуудын хөдөлгөөний ачааллыг Дүнжингаравын зам руу хуваарилах боломжтой болно. Нөгөө талаас төмөр замын гарамын ачаалал буурна.  Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам, төмөр зам доогуур нүхэн гарц, Найрамдлын гудамжийн замаас урагш 22-н товчооны зам хүртэл, төмөр зам доогуурх дөрвөн эгнээ авто зам бүхий нүхэн гарцтай хамт хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Энэ үеэр бохирдолтой усыг бүрэн цэвэршүүлэх Монголд нутагшсан технологи бий болсон, агаар хөрс, усны бохирдлыг бууруулахад хамтран ажиллах боломжтой. Улаанбаатар хотын харьяа зургаан цэвэрлэх байгууламжийн технологийг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах, лагийг хар шороон хөрс болгох төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ ШУТИС-ийн эрдэмтэд судлаачид хэлж байлаа.

Хэлэлцүүлэгийн үеэр:
•    Гэр хорооллын дундын бүсэд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төсөл” төсөл,
•    Зүүн 4 замын уулзвар ба төмөр замын нүхэн гармын төлөвлөлтийн асуудал,
•    Төвлөрсөн бус бохирын шийдэл,
•    УБ-ын хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ