Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд Замын цагдаагийн албаны нийт 80 алба хаагчдын дунд зохион байгуулж буй сургалт өчигдөр эхэлсэн бол маргааш дуусах юм байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудит хийх, хэргийн газрын үзлэг хийх ажлыг сайжруулах, уг ажилд орчин үеийн техник, технологи ашиглах талаар сургалт зохион байгуулж байгаа нь энэ. Тухайлбал “PAD” ашиглан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хийх, осол хэргийг бүртгэх зэрэг ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчдын мэдлэг, чадварыг сайжруулахад сургалтын зорилго оршиж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Сургалтыг төслийн багийн гадаад зөвлөх Keith Lane, Монголын талын зөвлөх баг, Зам тээвэр хөгжлийн яамны Тээврийн газрын мэргэжилтэн А.Энхболд, Хууль сахиулахын их сургуулийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч Р.Мөнхбаяр, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Тээврийн салбарын багш Ж.Мягмаржав, Н.Мөнхзул нар зохион байгуулж байна. Замын цагдаагийн албаны харьяа нэгжийн алба хаагчдад 100 орчим таблет багаж, мэдээлэл нэгтгэн боловсруулах сервер зэрэг тоног төхөөрөмж олгох бөгөөд зам тээврийн ослын газар дээр зураг авах, зураглал үйлдэх, бүртгэх үйлдлийг гүйцэтгэх боломж бүрдэх юм.