Д.Цэнд: Бизнесмэнүүд татвараас зугтдаг биш талархаж өгдөг нийгмийг бүтээмээр байна



Цаг хугацаа амархан өнгөрөх юм. Манай орны нийгэм, эдийн засгийнхарилцаа өөрчлөгдөж зах зээлд шилжсэн ороо бусгаа үед уран бүтээлчид өөрсдийн чадах ажлаа хийж, ахуй амьдралаа залгуулах гэж чармайж байв. Яг ийм үед бидний хэдэн залуус уран бүтээлээ ярьж, бие биеэ хөглөх гэж хайрын “Хонгорзул” сонины редакцийн хаалгыг үе үе татна. Хааяа онгод сэргээж болор жүнз жингэнүүлэх ч үе таарна. Ингэж явахад Д.Цэнд гэдэг сэргэлэн залуу тус сонинд гэрэл зурагчин хийнэ. Тэрээр их сэргэлэн. Бизнесийн ухаантай. Байгууллага хамт олны зураг аваад борлуулчихна. “Харцага” кино урлагийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн ангид зэрэг сурна гээд л бүх л зүйлийг амжуулдаг байв.Түүнээс хойш нэлээд хэдэн жилийн дараа таарахад “Монголын одод” гэрэл зургийн студийн захирал болчихсон манаргаж явав. Тэгээд л сураг алдарсан. Харин саяхан “Эрэл” ХХК-ийн байшин үйлдвэрлэх үйлдвэрийн нээлт дээр тааралдлаа. Барилгын салбарт хүч үзэж байгаа ажээ. Их бүтээн байгуулалтын салбарт өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж яваа “Гэрэгэ групп”-ийн ерөнхий захирал Даваагийн Цэндийг  урьсан юм. 

-Бизнест хэрхэн хөл тавьсан бэ. Залуучууд Монголд бизнес хийж байхаар гадаад руу явсан дээр гэдэг. Таны хувьд арай өөрөөр бодож явжээ?

-Намайг 16 нас хүрч байхад зах зээл эхэлж, бүх л зүйл нээлттэй болж эхэлсэн. Энэ үед эдийн засагч болох нь зөв юм байна. Амьдралаа удирдахын тулд эдийн засгийн эрх чөлөөтэй байх нь чухал гэдгийг сайн ойлгосон. Энэ миний зорилго тэмүүлэл байсан. Ийм л хүсэл тэмүүлэлтэй хүүхэд Дарханд барилгын мэргэжил эзэмшээд нийслэлд орж ирсэн. 

-Бизнесийнхээ гарааг юунаас эхлэв?

-Анх 1997 онд эгч Д.Цэнд-Аюушийн хамт ”Монголын одод” гэрэл зургийн студи байгуулж өөрийн бизнесээ албан ёсоор эхэлж байсан. Бизнесээ өргөжүүлж хятадуудтай хамтран УБТЗ-ын Амгалан дахь засварын газрыг түрээслэн 1998 онд хаягдал төмөр хайлуулж гулдмай хийх үйлдвэр байгуулж, төмөр экспортолдог байв.  Дараа нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд1999 очиж шохойн цех ажиллуулж, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт нийлүүлдэг байлаа. Гэтэл 2000 оны сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газар улсын үйлдвэр унагасан хувийн үйлдвэр байж болохгүй гэсэн шийдвэр гаргаж, төмөр замаар шохой ачуулахгүй болсон. Гэтэл тэр үед авто тээврээр тэр их ачааг Эрдэнэт хүртэл тээвэрлэх боломжгүй байсан тул хаалгаа барихад хүрсэн. Тэгээд 2001 онд Улаанбаатар хотод ирээд барилга үйлдвэрлэлийн “Хасуу констракшн” ХХК-иа байгуулсан. Барилга барьж өөрөө ашиг олно гэхээсээ илүү салбарын хөгжлийн бодлогод оролцож ирлээ. Монголын барилгын үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд, 2009-2010 онд шилжих өвөл барилгын салбарынхан ажилгүй болсон бас нэгэн хүнд үе байсан тэр үед салбарынхаа нөхдийг уриалж Барилгачдын талбай дээр жагсаалыг Атимос групп-н Батцэцэг захирал, MUDI-н Батболд захирал бид гурав толгойлсон цуглаан зохион байгуулж БХБЯ, Х.Баттулга сайд хүлээж авч цааш Монгол Улсын Засгийн газраас дөрвөн мянган айлын орон сууц барих санхүүжилт болох 180 тэрбум төгрөг гаргуулснаар барилгын үйлдвэрлэл хөдөлгөөнд орж байлаа.

-Яагаад барилгын салбарыг сонгов?

- Ээж маань “Чи хөдөлмөр хийж байж мөнгө олно” гэж хэлдэг байсан. Жинхэнэ хөдөлмөр хийж бүтээдэг салбар бол барилгын салбар. Барилгачин хүн гэдэг жинхэнэ хөдөлмөрлөж бүтээж байж амьдардаг хүмүүс байдаг. Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн хүн энэ салбар руу ордог. Би ч гэсэн ийм л хүсэл тээж орж ирсэн. Мөн миний анхны мэргэжил нөлөөлсөн.

-Компани байгуулж, тамга тэмдэг авах амархан. Харин ажил олж хийх гэдэг л хэцүү юм шиг санагддаг?

-Барилгын дотор засал, гадна фасад хийж ажлын гараагаа эхэлсэн. Хүмүүс гурван өрөө байрыг нэг сая төгрөгөөр засварын ажлын хөлсөө тооцож авдаг байхад манай компани гурван сая төгрөгөөр хийдэг байсан. Нэг байранд засвар хийж дуусгаад гараад ирэхэд орцных нь хоёроос гурван айл захиалга өгдөг байлаа.Чанартай, үзэмжтэй, чин сэтгэлээсээ хийж буй ажилд хүн гар татдаггүй. Ингэж эхэлсэн компани маань өргөжин тэлж Зуун айл, X хороололд дөрвөн давхар орон сууцны барилга барьж их бүтээн байгуулалтын салбар руу орсон.

-Та өөрийнхөө тавьсан зорилгод хүрч байгаа гэж боддог уу?

-Хүрэх л гэж шатаар өгсөж явна. Барилга барьж өөрөө ашиг олно гэхээсээ илүү салбарын хөгжлийн бодлогод оролцож ирлээ. Монголын барилгын үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүний 2009 онд дөрвөн мянга, 40 мянган айлын орон сууцны төслийн хэлэлцүүлэгт салбарынхаа тулгамдаж буй асуудлыг төрийн шийдвэр гаргах төвшинд хүргэж чадсан.Үүний үр дүнд тус хөтөлбөр батлагдсан. Мөн 2009-2010 онд шилжих өвөл барилгын салбарынхан ажилгүй болсон. Тэр хүнд үед салбарынхаа нөхдийг уриалж Барилгачдын талбай дээр жагсаал, цуглаан зохион байгуулж байж Монгол Улсын Засгийн газраас дөрвөн мянган айлын орон сууц барих санхүүжилт болох 180 тэрбум төгрөгийг гаргуулж, барилгын үйлдвэрлэл хөдөлгөөнд орж байлаа.

-Цаг хугацаа бүхний шалгуур гэдэг. Өөрөө бизнесийн салбарт хүч хөдөлмөрөө зориулж ирсэн өнгөрсөн хугацаанд ямархан шатаар өгсөж ирэв. Хүнд үе олон л тохиолдсон байх?

-Бизнес, бүтээн байгуулалтын салбарт ажиллаад 20 жил боллоо. Энэ хугацаанд гурван том хямралыг даван туулсан. Эхнийх нь болох 1999 оны хямралыг нэг их төвөггүй туулаад гарчихсан. Харин 2009-2010 онд жагсаал цуглаан зохион байгуулж байж хямралаас салбараа авч гарсан. Хамгийн сүүлийнх нь буюу 2014 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гүн урт хямралд барилгын салбарынхан туйлдаж байна. Хийж бүтээх насан дээрээ хоёр хямрал үзэхээр “яах гэж барилгын бизнес руу оров доо” гэх бодол хааяа төрдөг. Гэхдээ залуу хүн бүхнийг ялж гарна гэсэн өөдрөг бодлоор ажлаа явуулдаг. Хүн урагшаа харж өөдрөг сэтгэж байж амжилтад хүрдэг болов уу

-Энэ бүх хямрал юунаас болж байна гэж боддог вэ?

-Бодлогогүй хийсэн ажил дараа үеэ эрсдэлд оруулдаг юм гэдгийг удаа дараа харлаа, бид. Энэ эрсдэл хувь хүн, аж ахуйн нэгж, төрд бүгдэд хамаардаг. Ийм эрсдэл үүсгэхгүй байх ганц гарц бол эдийн засаг, аж үйлдвэр хөгжүүлэх тал дээр улстөржилгүй дотоод хар хайрцагны бодлогыг гаргаж, түүнийгээ баримтлаж явдаг байх ёстой. Төр бүтээн байгуулалтын салбараа урт хугацааны стратеги бодлогоор хангаж түүндээ хүрдэг улстөр, нийгмийн гинжин холбоо байх хэрэгтэй.Ийм бодлого хэрэгжүүлэхийн тулд төр хувийн хэвшлийн түншлэлийг сайн хөгжүүлэх нь маш чухал. Төр нь хэврэг байж болно. Харин салбарын хувийн хэвшил нь бодлогынхоо үндсэн суурь хэсгийг барьж, хадгалж үлддэг байх хэрэгтэй. Төр, засаг нас богинотой ийм хүнд үед төр, хувийн хэвшлийн түншлэл буюу РРР-ыг хөгжүүлэхгүйгээр урагшлах эрсдэлтэй. Төр солигдож болно. Хувийн хэвшлийнхэн салбараасаа явахгүй. Тэд амьдралаа залгуулж тухайн салбарт зүрх сэтгэлээ өгч, сайн сайхан болохыг хүлээдэг хүмүүс байдаг. 

-Төрийн буруу бодлогыг хэрхэн засах ёстой гэж бодож явдаг вэ?

-Төр дураараа самарч байна. Ингэж болохгүй, тэгж болохгүй гэж бид олон удаа хэлдэг. Гэтэл болохгүй байгаа зүйлийнхээ тухай хувийн хэвшил нэгдмэл байдлаар яг юу хийсэн юм.Мөн төр тухайн салбаруудад тогтвортой бодлого барьж, хөгжүүлэх талаар юу хийсэн юм. Одоо төрийн бодлогод намч үзэл, хандлага маш их нөлөөлж байна. Намчирхдаг хүмүүс төр, хувийн хэвшлийн түншлэлийн нөхөдтэйгөө нийлж юу хийсэн юм. Ядахдаа анхаарч судалж байна уу гэдэг маш том асуудал. Тийм болохоор бүтээн байгуулалтыгарван жилээр, хорин жилээр төлөвлөсөн тогтвортой хөгжлийн бодлоготой байх ёстой. Төр, хувийн хэвшлийн хосолмол систем дээр энэ бодлого үүсдэг.

-Монгол орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

Манай орны хөгжил техникийн хоцрогдолоос шалтгаалж байна гэж их ярьдаг. Би үүний эсрэг байдаг. Харин ч шинээр хийх, импортлох ухаан бидэнд дутагдаад байна. Япон, АНУ, Баруун Европын орнууд технологиор ханачихаад байна. Эдгээр улс орнуудаас зөвхөн технологи өндөр үнээр худалдан авах биш, хөрөнгө оруулалтыг нь өндөр технологи, зөвлөх үйлчилгээтэй хослуулан авдаг болох хэрэгтэй. Монголын ирээдүй гэрэлтэй гэгээтэй байна. Манай залуучууд чадавхитай, мэдлэгтэй. Төр болон төрийн эрх барьж байгаа намууд зөв урт хугацааны бодлогоо гарган нийтэд нээлттэй тавих хэрэгтэй. Тэр цагт технологийн хувьсгал эх орон руу минь урсана.

-Гадаадын хөрөнгө оруулалт чамгүй хэмжээгээр орж ирдэг. Гэтэл зарим нь үүнд шүүмжлэлтэй хандах юм?

-Орж ирж байгаа нь үнэн. Гэхдээ үүнийгээ нэмүү өртөг болгож чадахгүй байна. Жишээ нь, японууд Хөшигийн хөндийн Нисэх буудлын хөрөнгө оруулалтыг хийж, солонгосууд ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллаж, монголчууд хамаг хар бор ажлыг нь хийж, хамгийн бага санхүүгийн өртөг шингээж авсан. Тэгэхээр Монголд хэрэгжиж байгаа аль ч улсын хөрөнгө оруулсан төсөлд үндэсний компани ялдаг, удирддаг, гадаадын мэргэжилтэн ирж зөвлөдөг болох тогтолцоо үгүйлэгдэж байна. Тус төслөөс манайхан суралцдаг, ашиг авдаг байх нь чухал. Энэ мэтчилэн маш олон салбарт монгол инженер, менежерүүд хамтран оролцох хэрэгцээ байгааг цаг үе, нийгэм шаардаж байна. Тухайлбал, Төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр монгол инженер, менежерүүд, ажилчид ажиллаж  монгол хүний оролцоо, бүтээмжийн үр дүнг дээшлүүлэх хэрэгтэй.

-Монголчууд чадахгүй гэсэн ойлголт нийгмийн сэтгэл зүйд хүчтэй оршсоор л байгаа шүү дээ?

- Монгол хүнд хийж чадахгүй юм гэж байдаггүй. Япон, Солонгос явж төрөл бүрийн ажлыг чанартай сайн хийж сурч байна. Зуун айлын барилгын дэлгүүрийн дэргэд байдаг “би чадна” гэдэг нөхөд барилгын салбарын нэр хүндийг унагаж байсан үе бий. Одоо өөр болсон. Гадаад явж ажиллаагүй хүн гэж байхгүй болсон. Олон улсын гран при тэмцээнээс маш олон шагнал авч байна. Чадвартай болсон. Гэхдээ цаашид улам сурах хэрэгтэй. Ер нь орон нутгийн удирдлага хувь хүний, хамтын хөгжилд онцгой анхаарах цаг болсон. Бид юу хийж чадах вэ буюу өрсөлдөх чадварын судалгааг хөндлөнгийн байгууллага гаргадаг болжээ. Хаана рейтинг өндөр байна, тийшээ хөрөнгө оруулалт явна гэсэн үг.Тэгэхээр бид маш сайн суралцах нь нэн тэргүүний зорилго хэвээрээ байна. Бид нар хоорондоо “үндэсний бөхөөр” л үзээд байдаг. Гэтэл дэлхий дээр өөр төрлийн тоглолт явж байдаг.Тэгэхээр тоглолтод оролцож, олон талт бизнесийн төслүүдийг санаачлах цаг болжээ. Жишээ нь, япончууд манай оронд ирээд будаа тариад эх орон руугаа гаргаж байна.Энэ бол эх оронд минь ямар их боломж байгааг харуулж, хүнсний болон барилгын материалын нано технологийн төслийг санаачлан хийх боломжийг дэлхий олгож байхад бид гараа хумхиад сууж болохгүй. Сайн төслийг дагаад хөрөнгө оруулалт өөрөө орж ирдэг.

Манайхан хонины сүүлээр нүүрний тос, чацарганаар төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байна. Нөхөн үрждэг, байгальд хоргүй эдийн засгийн хөгжлийн төлөө “ЗА” гэж хэлээд эвлэлдэн нэгдэж чадвал Монгол орон хурдтай хөгжинө.

-Засгийн газраас долоон төрлийн татвар нэмсэн нь аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байна уу?

-Нэг нь бизнес эрхлэх гээд арай гэж эхэлтэл татвараар дараад босгодоггүй. Уг нь эхлээд бойжуулах нь чухал шүү дээ. Жишээ нь, ундааны үйлдвэрлэл эхэлж байгаа хүнийг дэмжээд төр нэг хүнийг томилон ажиллуулъя. Цалинг нь төрөөс өгье. Энэ нь бизнесээ эхэлж байгаа хүнд том боломж. Харин төрөөс цалин аваад хувийн үйлдвэрт ажиллаж байгаа хүн бол мэдээлэгч. Тухайн үйлдвэр нэг жил татваргүй ажиллаад 100 мянган ширхэг ундаа үйлдвэрлэдэг болсон гэж бодъё. Нөгөө төрийн өмнөөс ажиллаж байгаа хүн энэ бүгдийг нь тоолно. Түүний мэдээллээр татвар авдаг болно гэсэн үг. Ингэж босгож байж татвараа авдаг системд шилжих цаг болсон. Ийм бодлого нь бизнесийн хөгжлийг урагшлуулж, улс орны эдийн засгийн чадавхийг дээшлүүлнэ. Бизнесменүүд татвараас зугтаж биш талархаж өгдөг нийгмийг бид бүтээмээр байна.

-Монголд хөгжлийг хөтлөөд явчих бизнесийн орон зай хэр их байгаа гэж боддог вэ?

-Маш олон байна. Газрын доорх эрдэс баялгаар баян манай орны хувьд байгальд бэлэн байгаа түүхий эдээ “чулуу” болгох шилдэг төсөл л үгүйлэгддэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсад ажлын айлчлал хийхэд би бизнесийн группт нь багтаж явсан. Онгоцонд явж байхад Ерөнхийлөгч надаас “Япон орноос юу авмаар байна” гэж асуув. Тэгэхэд нь би “Япон технологийн орон. Тиймээс технологийнх нь хамт сүлжээний гэрээ хиймээр байна” гэж хариулсан. Дэлхий нийтээрээ сүүлийн 200 жилийн хугацаанд олон төрлийн сүлжээг бий болгочихсон байна. Тухайлбал: Мак Доналдс гэх мэтчилэн хүнсний үйлдвэрлэлийн сүлжээ дэлхий нийтэд тархсан. Яг үүн шиг 21-р зуунд барилгын материалын сүлжээг бий болгох боломжтой. Технологи нь адилхан болсон. Жишээ нь, барилгын чулуун хөвөнг бөмбөрцгийн бүх орон хэрэглэдэг. Үүнийг бизнесмэн Л.Ариунболд дэлхийд гаргаж хөгжүүлэх гээд зүтгэж байна. Үүнийг яагаад дэмжиж болдоггүй юм.Манай орон жилд таван сая тонн цемент үйлдвэрлэдэг болсон. Ер нь олон улсад хэрэглэж байгаа барилгын материалын түүхий эд бүгд эх оронд минь бий. Үүнийгээ боловсруулах нано технологийн төслийг хэрэгжүүлэх нэн чухал шаардлага бидний өмнө байна. Хийж чадвал хоёр талд нь хүн далай үелзэж байхад борлогдохгүйн аюул гайгүй болов уу гэж боддог. Дахин хэлэхэдсайн төслийг дагаад хөрөнгө оруулалт өөрөө орж ирдэг. Тэгэхээр эрдэс баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгох төслийг олноор хэрэгжүүлэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн түлхүүр гэж боддог. Үүний төлөө бид л зүтгэх ёстой.

Ярилцсан: С.Эрдэнэбат

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ