“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх долоодугаар сард зохион байгуулна



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирардег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхбаяр, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн болон бусад албаныхан оролцов. Тэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг Улаанбаатар хотноо ирэх долоодугаар сарын 16-19-ний хооронд зохион байгуулах бэлтгэл ажил, Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот кампанит ажлын хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр 20 хотод төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг хотоор шалгарч, төслийг хэрэгжүүлж байгаа талаар онцлон ярилцлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг Улаанбаатар хотноо 2018 оны долоодугаар сарын 16-19-ний өдөр зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад нийслэлийн зүгээс бүхий л талаар хамтран ажиллаж байгаа. Хурал маш амжилттай, үр дүнтэй болно  гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хот нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот кампанит ажилд 2016 онд нэгдэн орсноос хойш хотын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байна. Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот кампанит ажлын хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр 20 хотод төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг хотоор шалгарч, төслийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэе. Түүнчлэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас БНСУ-ын Инчеон хотноо энэ өдрүүдэд зохион байгуулж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй, хөгжих чадавхтай хотыг бий болгох нь: Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны  төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх” сэдэвт сургалтад Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон Онцгой байдлын ерөнхий газраас төлөөлөгчдийг урьж, оролцуулж байгаа явдалд мөн талархаж байна” хэмээлээ.

Монгол Улс ГЭБГ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, тус байгууллагын шугамаар зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагаанд тогтмол оролцож ирсэн. Тухайлбал, 2005 онд Япон улсын Кобе хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 2 дугаар бага хурал, 2009 онд Швейцарын  Женев хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн 2 дугаар чуулган, Япон улсын Сендай хотод 2015 онд "HҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 3 дугаар бага хурал, Энэтхэг улсын Шинэ Дели хотноо 2016 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд манай улсын төлөөлөгчид оролцсон юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ