АНУ-ын албадын үйл ажиллагаа төсөвгүйн улмаас зогсжээ



АНУ-ын Конгресс дэх Бүгд найрамдахчууд болон ба Ардчилсан намынхны хооронд сөргөлдөөний уршгаар Дональд Трамп албан тушаалдаа орсны хоёр дахь жил засаг захиргааны үйл ажиллагаа зогсонги байдалд шилжив. Учир нь олон мянган албан хаагч ажилдаа ирсэнгүй. БНН-ынхан онц чуцхал бус цагаачлалын асуудлаар дарамтлан ардчилагчид засгийн ажлыг зогсоолоо хэмээн буруутгав. Ардчилсан намынхан хариуд нь болчимгүй Ерөнхийлөгч зөвшилцлийг боломжгүй болголоо хэмээн шүүмжилжээ. Сенат дахь БНН-ын бүлгийн тэргүүн “Зогсолт маргааш бүр ч дордоно. Өнөөдөр үүнийг эцэслэх сайн өдөр” хэмээв. Сүүлийн 25 жилд АНУ- ын захиргааны үйл ажиллагаа дөрөв дэх удаагаа зогсож буй нь энэ бөгөөд Конгресс ба Цагаан ордныг хоёуланг хянадаг намд анх тохиолдож буй явдал юм.

Хоёр тал ням гарагт тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч тэд бие биеэ зогсолтод буруутган итгэл алдлаа хэмээн маргалдсаар богино хугацааны төсөв баталж чадалгүй бямба гарагийн 12.01 цагт эхэлсэн зогсолтыг сунжруулав. Ноён Трампын албан тушаалдаа орсны нэг жилийн ойг тэмдэглэх ёслолыг саатуулаад зогссонгүй энэ долоо хоногт Давост очих төлөвлөгөөг нь эргэлзээтэй болголоо. Тэрбээр сенатад шийдвэр гаргах саналын босгыг өөрчлөх талаар твиттертээ бичсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болжээ.

Холбооны албад зогссоноор олон агентлагийн үйл ажиллагаа нь түр хаагдах боловч үндсэн үйлчилгээнүүд үргэлжилж буй. Өмнөх зогсолтын үед хил хамгаалалт, замын цагдаа, хууль хэрэгжүүлэх байгууллагууд ажиллаж байсан авч нийгмийн халамж зэрэг зардал гаргах хөтөлбөрүүд түр зогссоныг Холбооны төсвийн хороо мэдээлэв. 2013 оны сүүлийн зогсолт Обамагийн эрүүл мэндийн программаас шалтгаалсан бол энэ удаагийн маргаан цагаачлалын асуудлаас улбаалав. Ардчилсан намынхан Трампын захиргаа АНУ-д хууль бусаар орж ирсэн 800 мянган хүүхдийг хамгаалах хөтөлбөрийг цуцалсныг эсэргүүцэн дөрвөн долоо хоногийн түр төсвийг дэмжихээс татгалзсан юм.

Цагаан ордны хуулийн асуудал хариуцсан ажилтан Марк Шорт АВС телевизэд ярихдаа “Бидэнд яг одоо тулгараад буй бэрхшээл бол Ардчилсан намынхан хэрэгжүүлэх боломжгүй байр суурь тулгаж байгаа явдал. Эх орноо хамгаалж буй хоёр сая цэргийн алба хаагч, хилийн харуулын хэдэн мянган ажилтнуудыг санхүүжүүлэх боломжгүй боллоо. Энэ бол хэлэлцээ эхлэх цэг байх боломжгүй зүйл” хэмээн мэдэгдэв. Энэ онд Конгресст завсрын сонгууль болох тул хоёр нам байр сууриа тодотгохыг хүсэж буй агаад Бүгд найрамдахчууд хууль бус цагаачлалд хатуу хандахаа илэрхийлж байгаа. харин ардчилагчид цагаач хүүхдийн эрхийн төлөө тэмцэхээ харуулж байна.

Сенат дахь АНУ-ын бүлгийн ахлагч Чак Шумер Ерөнхийлөгчийн Мексикийн хил дээр барих ханыг дэмжсэний хариуд цагаач хүүхдийн асуудлаар буулт хийлгэх санал тавьсныг ноён Трамд эхэндээ зөвшөөрсөн аж. Гэвч хоёр цаг ч бололгүй утасдаж тохиролцооноос ухарч буйгаа хэлжээ. Ноён Шумер “Цагаан ордонтой хэлэлцээ хийх нь цэлцэгнүүртэй ярьснаас ялгаагүй” хэмээсэн аж. Цагаан ордны төсөв хариуцсан ажилтан Мик Малвани хэлэхдээ ноён Шумер хана барихад шаардлагатай хөрөнгийн зөвхөн хагасыг санал болгосон гээд “Тодорхой цэгт ирэхэд ийм хүнтэй хэлэлцэх шаардлага байна уу гэж өөрөөсөө асуухад хүрдэг” хэмээн хариу барьжээ. Ноён Трамп сүүлийн сард цагаач хүүхдийг хамгаалах хууль батлахыг дэмжиж байснаа ням гарагт “Ардчилсан намынхан хууль бус цагаачид улс орон руу ямар ч хяналтгүй урсахыг дэмжиж байна” хэмээн буруутгасан байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ