Б.БАТ-ИРЭЭДҮЙ: Төв Азид богино хугацаанд олон төрлийн ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН суулгах мэс заслыг хийдэг МАНАЙХ ШИГ ТӨВ байхгүй



Эрхтэн шилжүүлэн суулгалтыг эх орондоо нутагшуулж, улмаар дэлхийн шилдэг 5 эмчийн нэгийг төрүүлсэн эмнэлэг бол Улсын Нэгдүгээр төв Эмнэлэг. Тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.

 Өнөөдрийн байдлаар УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв хичнээн өвчтөнд мэс засал хийгээд байна вэ? 

Анх 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгалтыг хийж байлаа. Гэвч тухайн үедээ амжилттай болоогүй. Харин 2006 онд УНТЭ-ийн эмч нарын баг анхны амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Үүнээс хойш 5 жилийн дараа буюу 2011 онд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, 2014 оноос ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлж байсан түүхтэй. 
Өнөөдрийг хүртэл 145 бөөр, 40 гаруй элэг шилжүүлэн суулгаж, нийт 190 гаруй өвчтөнд анагаахын ноён оргил болох эрхтэн шилжүүлэн суулгалтын үр шимийг эх оронд нь үзүүлсэн байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр бүх мэс засал төвлөрч байна уу? 

Тийм. УНТЭ-ийн дэргэдэх Эрхтэн шилжүүлэн суулгах төв нь 2012 онд манай эмнэлгийн хуучин байрны 5 дугаар давхарт дөрвөн ортойгоор байгуулагдаж байсан. Үйл ажиллагаа өргөжин тэлж, улмаар 2016 оны дөрөвдүгээр сарын 20–нд шинэ байр ашиглалтад орж, найман ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ оны Эрүүл Мэндийн сайдын тушаалаар 40 хүний орон тоо батлагдан өргөжиж, үйл ажиллагаагаа явуулж байна. Манай төвд эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүд, донорууд хэвтэн эмчлүүлдэг. 

Монгол улсын иргэд өмнө нь гадны улс оронд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэдэг байсан бол 2006 оноос хойш эх орондоо хийлгэх боломж бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл бөөр, элэг шилжүүлэн суулгалт манай оронд бүрэн нутагшсан гэж хэлж болно. 

Ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг мөн танай төв хийж байна уу? 

Манай төв дээр бөөр, элэг, ясны чөмөг үүдэл эс болон нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах гээд дөрвөн төрлийн мэс засал хийгдэж байна. Тухайлбал нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс заслыг 10 гаруй тохиолдолыг амжилттай хийсэн байна. Ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах зургаан мэс заслыг хийсэн байх жишээтэй. 
Олон улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг ингэж нэг дор хийдэг жишиг байдаг уу?

Манай Нэгдүгээр эмнэлгийн хувьд Монгол Улсын анхны ууган эмнэлэг. Ууган эмнэлгийн эмч нар манлайлагч байх ёстой. Манлайлагч байхын тулд аливаа зүйлд АНХДАГЧ байхыг эрмэлздэг. Төв Азид богино хугацаанд олон төрлийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг манайх шиг төв байхгүй. Бид шинэ инновацид хурдацтай суралцаж, удирдлагын багийн тусламжтайгаар зөвхөн эмч нар сурах биш, эмнэлгийн бүх ажилчид суралцаж, хөгжиж, тэмүүлж байдаг. 

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТЫН САЙХАН НЬ ХҮНИЙГ ҮЛГЭН САЛГАН СЭХЭЭДЭГГҮЙ, 100 ХУВЬ ЭРҮҮЛ БОЛГОДОГТ ОРШДОГ


Дэлхийн улс орнуудад энэ мэс заслыг ямар үнэтэй хийдэг вэ? 

Орон оронд өөр. АНУ-д л гэхэд ойролцоогоор 300 мянган ам.доллар, Европын орнуудад 250-300 мянган евро, БНСУ-д 150-250 мянган ам.доллар байдаг. Харин БНЭУ-дхамгийн хямд байдаг. Учир нь Энэтхэгт вирусын эсрэг эмчилгээг хийлгүйгээр элэгийг нь сольж өгөөд явуулдаг. Гэтэл вирусын эсрэг эмчилгээний  өртөг багагуй хувийг нь эзэлж байдаг. Мэс заслын ширээн дээрээс эхлээд вирусын эсрэг эмчилгээг хийдэг номтой. Манай улсын хувьд ч дээрх эмчилгээг мэс заслын үеэс эхлэн хийдэг.
Эрхтэн шилжүүлэн суулгахад  төрөөсямар дэмжлэг үзүүлдэг вэ?

Энэ жилээс Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг төрөөс дэмжиж байгаатай холбоотойгоор сар болгон элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг тогтмолжуулахаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд 24 элэг, 23 бөөр, 6  ясны чөмөг, үүдэл эсшилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй байна. Эрхтэн шилжүүлэн суулгалтын хамгийн сайхан нь хүнийг үлгэн салган сэхээдэггүй, 100 хувь эрүүл болгодогт оршдог. Тиймээс төр, засгаас донорын тухай хуулийг шинэчилэн баталж өглөө. Ингэснээр хууль зүйн зохицуулалтууд тодорхой болж, хүний алтан амийг аврах боломж илүү нээгдэж байгаа юм.

Дэлхий нийтэд нэг донороос 8 хүний амийг авардаг бол манай улсад нэг донороос 3 хүний амийг л аварч байна. Бид энэ тоог  нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.


УНТЭ-ийн зүгээс цаашдаа ямар төрлийн мэс заслуудыг нэвтрүүлэхзорилготой ажиллаж байгаа вэ?
Өнөөдөр Монгол эмч нар бөөр, элэг, ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байгаа бол маргааш зүрх, нүдний эвэрлэг, нойр булчирхай, уушги зэрэг архаг өвчний төгсгөлийн шатанд орсон өвчтөнүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулах ТОМ зорилгыг тээж ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд өндөр технологийн тоног төхөөрөмжийг суурилуулж, өнгсөрсөн оны 5 дугаар сард академич Н.Баасанжав багштайгаа хамтраад гахайн дээр зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг туршилтаар хийсэн. Зүрх шилжүүлэн суулгах багийн гишүүд маань одоогоор сургалтанд хамрагдан мэргэжил чадвараа дээшлүүлэхээр явж байна. 
Ер нь ийм нарийн технологи шаардсан, анагаах ухааны инновацийн бүтээл болох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг дурын нэг эмнэлэг, эмч нарын баг нэвтрүүлээд хэрэгжүүлэх тийм ч амар биш. Энэ нь удаан хугацааны төлөвлөлт, зохион байгуулалт, санхүүжилт, хамтын ажиллагааг давхар шаарддаг. Тиймээс Монголд анх удаа Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлсэн УНТЭ-ийн удирдлагууд, тэр дундаа ерөнхий захирал Б.Бямбадорж, Эрхтэн шилжүүлэн суулгах Үндэсний багийн ууган гишүүд, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд дэмжлэг үзүүлсэн БНСУ-ын АСАН анагаах ухааны төвийн эрдэмтэн багш, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд дэмжлэг үзүүлсэн БНСУ-ын Католикийн эмнэлгийн эрдэмтэн багш, эмч нарын баг гээд олон хүний хүчээр амжилттай нэвтэрч, бүрэн нутагшаад байгааг онцлон хэлмээр байна.  
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг танай эмнэлгийн залуу эмч нар хийж чадах уу? Хийдэг үү? 
Мэс засал хийх нь нэг хүний хийдэг зүйл биш багаараа хийдэг. Энэ бол багийн ажил. Манай эмнэлгийн хувьд ахмад, дунд, залуу үеэ давхар бэлдээд, сургаад явдаг онцлогтой. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай залуу эмч нарын баг хоёр ч тохиолдлыг гардан амжилттай хийсэн. Мэс засал болгон дээр залуу эмч нараа багт оруулж, туршлага судлуулан бэлтгэдэг. Жил бүр бөөр шилжүүлэн суулгах чиглэлээр тогтмол залуу боловсон хүчинээ сургаж байна. Манай эмнэлгийн хувьд “залгамж халаа” бодлогыг маш сайн хангаж ажилладаг. Өнөөдөр л гэхэд манай менежментийн багийн төлөөлөл БНЭУ руу явж байна. Энэ удаа бид БНЭУ-ын чанарын алба яаж ажиллаж байна, эмнэлгийн чанар үйлчилгээг сайжруулах тал дээр туршлага судлахаар явах гэж байна.
Танай эмнэлэг элэг шилжүүлэн суулгахын тулд анх 23 гахайн дээр туршил хийсэн гэж байсан? 

Тийм ээ, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг бөөрний мэс заслаас 5жилийн дараа хийж эхэлсэн. Анх шинжлэх ухааны төсөл бичиж, 23 гахайн дээр туршилтын мэс засал хийж байлаа. Биднийг дэмжин ажилласан БНСУ-ын АСАН эмнэлэгт Монголын багийн бүх гишүүд элэг шилжүүлэн суулгалтаар суралцсан.  Суралцах хугацаандаа хүн дээр мэс засал хийх чиглэл, удирдамж аван улмаар 2011 оны 9 дүгээр сарын 24-нд анхны элэг шилжүүлэн суулгах мэс заслыг АСАН эмнэлэгтэй хамтран хийсэн. Үүнээс хойш нийт элэгний хавдартай 10 хүнд элэг шилжүүлэн суулгаж, 3 тохиолдолд төрөлхийн цусны замын битүүрэлтэй хүүхдүүдэд эх нялхасын болон Солонгос эмч, багш нартайгаа хамтран амжилттай хийсэн. 
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон хүмүүсийн дунд спортын тэмцээн хүртэл зохион байгуулж байсан гэж сонслоо.

Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооноос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон, тухайн мэс засалд орохоор хүлээгдэж байгаа хүмүүсийн хооронд спортын тэмцээнийг хоёр ч удаа зохион байгуулсан. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бэлтгэл ажил хийгдээд явж байгаа.  Тэмцээнд Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгуулсан, донор болон Реципиентийн хүмүүс оролцдог.
Энэ арга хэмжээ нь тэдний сэтгэл зүйг эерэгээр дэмжих, эрүүл саруул болох боломж бий гэдгийг харуулах, мөн эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг олон нийтэд, нийгэмд сурталчлах ач холбогдолтой. Цаашлаад Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө хийж буй нэн чухал хөрөнгө оруулалт, амьд явах эрхийн том баталгаа болж байгаа юм. 


 

 
 
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ