УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Д.Тэрбишдагва Оюутолгойн төсөлд УИХ-аас ажлын хэсэг байгуулж, шалгалт хийх хүсэлтэй байгаагаа хэллээ.
Д.Тэрбишдагва "Өмнө нь "Оюу толгой" төсөлтэй холбоотой шалгалт хийсэн. 1.8 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Илүү ч зөрчил байгаа гэж хэлж байсан. УИХ-аас Ажлын хэсэг байгуулж дахин шалгалт хийх хэрэгтэй байна. Дээр нь 150 сая ам.долларын асуудал ч хөндөгдөж байна. Үүнд хууль, хүчний байгууллага ч ажиллах хэрэгтэй. "Рио Тинто"-г муулахаас илүүтэй өөрсдийнхөө хийсэн гэрээг эргэж харах шаардлагатай. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бодож байна гэсэн юм.
Үүнийх нь хариуд УИХ-ын дарга М.Энхболд "УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо асуудлаа хэлэлцэх үү, УИХ-ын даргын зөвлөлөөс Ажлын хэсэг гаргах уу гэдгээ тодорхой болго. Түүнээс "Оюу толгой" төсөлд Ажлын хэсэг байгуулж шалгалт хийхэд татгалзах зүйл байхгүй" гэлээ.