Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр сар шинийн баярын өмнөхөн зохион явуулдаг “Оны шилдэг дуунууд”, “Шилдгийн шилдэг хөгжмийн зохиолч” шалгаруулах “Морин хуур-2017” наадам энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэхүү наадам нь үндэсний хөг эгшиглэгээ, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, дууны төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх, сайн бүтээл олшруулахын тулд мэргэжлийн талаас үнэлгээ, зөвлөгөө өгөх, оны Шилдэг болон Шилдгийн шилдэг дууны “Хөгжмийн зохиолч”-ийг тодруулах зорилготой юм.
Уралдааныг: Нийтийн дуу, Эстрадын дуу, Мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулж, төрөл тус бүрт “ТЭРГҮҮН” болон 2, 3-р байр, тусгай шагнал олгоно. Төрөл тус бүрт ”ТЭРГҮҮН” байранд шалгарсан хөгжмийн зохиолчдоос бусад 2 төрөлдөө ямар оноо авснаас шалтгаалан “Морин хуур-2017” наадмын Гранпри шагналтныг тодруулах юм.
1.Уралдааны I шатны шалгаруулалт 2018 оны нэгдүгээр сарын 27, 28-нд
2.Уралдааны II шатны шалгаруулалт 2018 оны хоёрдугаар сарын 6-нд
3.Төгсгөлийн III шат буюу Гала концертод II шатны шалгаруулалтад тунаж үлдсэн шилдэг 15 дуу дуулагдаж, “Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон дууны төрөл бүрийн Тэргүүн шагналтнуудаас “Оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч” тодруулах юм.
“Морин хуур-2017” наадам нь Соёл урлаг, боловсролын байгууллагуудаар дамжин шинэ дуу, шинэ бүтээлээ түмэн олондоо толилуулах, ард түмнийхээ дуу хөгжмийн үндэсний сэтгэлгээг төлөвшүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.