Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх гэрээг үзэглэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Гэрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд GIZ-г төлөөлж Суурин төлөөлөгч Даниель Пассон нар гарын үсэг зурав. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Завхан, Ховд аймагт амжилттай хэрэгжүүлсэн сургууль цэцэрлэгийн дулаалгын төсөл нь орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтийг зөв зохистой зарцуулах, хүүхэд багачуудыг тохилог дулаан орчинд сурч боловсрох, засаглалын чадавхыг бэхжүүлэх зэрэг олон сайн үр дүн, үлгэр жишээг харуулсан. Тиймээс Швейцарийн Хөгжлийн агентлагийн 3.6 сая еврогийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хамгийн их хүн ам бүхий дүүргүүд болох Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах зорилгоор “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн 2 дугаар шатыг 2018-2021 онд хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн барилгын засварын ажилд зориулан нийслэлийн төсвөөс 2018 онд 1 тэрбум төгрөгийг төлөвлөсөн. Нийслэлээс 2018 оныг “Иргэдийн оролцоотой, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Төслийн үр дүнг хүртэх хүмүүс нь хүүхдүүд бөгөөд тэд дулаан орчинд сурч боловсрох боломжоор хангагдаж байгаа нь туйлын чухал бөгөөд энэ нь мөн хотын бодлого, төлөвлөгөөтэй илүү уялдаж байгааг онцлон тэмдэглэмээр байна. 1.4 сая орчим хүн амтай нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамгийн тулгамдсан асуудлуудын нэг. Шинээр сургууль цэцэрлэг барьж байгаа хэдий ч хурдтай өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг гүйцэхгүй байгаа билээ. Харин энэ төслийг хэрэгжүүлснээр дулааны алдагдалтай сургууль цэцэрлэгүүдийг дулаалж, төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж, мөн засаглалыг бэхжүүлэх зэрэг олон үр дүнд хүрэх юм. Ингээд төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, төслийн бүх оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээлээ.
Энэхүү ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, зураг төсөл хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа, Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриелла Спирли, төслийн захирал Дэвид Ханкок нар байлцав.
Хоёр байгууллагын төсөл хэрэгжүүлэх гэрээний дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, бодлого төлөвлөлтийг ил тод, үр дүнтэй, жендэрийн мэдрэмжтэй болгосноор төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхийг зорих ба барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх технологийг нийслэлийн боловсролын салбарт жишиг болгон нэвтрүүлж цаашид бусад салбарт түгээх юм. Төсөл нь Швейцарын Хөгжлийн агентлагийн 3.6 сая еврогийн санхүүжилттэй бөгөөд төслийн барилгын засварын төсөвт санхүүгийн дэмжлэг хэлбэрээр нийслэлийн төсвөөс 2018 онд 1 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. 2019 оноос Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын санхүүжилт нэмэгдвэл тус гэрээнд нэмэлт өөрчлөлт орж илүү олон тооны сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах боломжтой болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.