Монгол Улсын жинхэнэ эзэд хэн бэ. Ард түмэн гэж олонх нь хариулах байх. Уг нь Үндсэн хууль болон бусад нийтлэг ойлголтоор яах аргагүй монголчууд л Монгол Улсын эзэн баймаар санагдана. Гэвч өнөөгийн байдлаас харахад нийт хүн амын эрхзүйн чадамж бүхий хэсгийг тэр чигээр нь зээлээр боомилсон банкууд, хүссэнээрээ шантаажилж, мөнгө хүүлэх эрхээ баталгаажуулдаг шатахууны ченжүүд л эх орны эзэд болж таараад байна. Бүр нөгөө айхтар том МАН, АН ч эдний өмнө хүчин мөхөстөж, төр засгаараа гуйж гувших нь халаг болдгийг нүдээрээ үзэж, амьдралаараа мэдэрлээ.
Адгийн жишээ дурьдахад, өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхэд нөгөө парламент, засаг дамнан яригдаад байсан зээлийн хүүг бууруулах заалтууд ор мөргүй алга болоотохлоо. Бүр ямар ч сураггүй. Тэгсэн харин одоо бүр байтлаасаа, Банкны тухай хуулиар зээлийн хүүг зохицуулдаггүй юм гэж бухах ажээ. Яахын аргагүй энэ хуулиар л зээлийн хүүг бууруулж чадна гэж итгэл төгс хэлээд байсан түшээд маань таг чиг.
Нэг үгээр банкны лоббичид сайн ажиллажээ. Ер нь банк бүрээс УИХ-д хэд хэдэн төлөөлөгч шургалсан юм шиг ч санагддаг болсныг нуух юун. Хамгийн гол нь, хуулийг хүртэл өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж чаддаг банкууд одоо биднийг хэн дийлэх вэ гэсэн маягтайгаар хандаж, луйвар, хулгай нь ч ил цагаан явагддаг боллоо.
Хамгийн сүүлд гэхэд нэгэн нэр бүхий хэвлэлд “Голомт” банкны талаар тун таагүй нийтлэл гарчээ. Тэнд бичигдсэнийг сийрүүлбэл “Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээлэлд “Голомт” банкны нэгэн томоохон хувьцаа эзэмшигч хариуцагчдын мөнгийг хэдэн зуун саяар нь өөрийн юм шиг зарцуулж, бусдад зээл олгох нэрийдлээр их хэмжээний мөнгийг банкнаасаа гаргуулсан байж болзошгүй талаар дурьдсан байв. Дэлгэрүүлбэл, орон нутагт барилга барьдаг нэгэн компанийн захирал 300 сая төгрөгийн зээл хүсч “Голомт” банкны хувьцаа эзэмшигчтэй уулзсан байгаа юм. Хувьцаа эзэмшигч түүнд “Зээл олгож болно. Харин нэг болзолтой” гээд банкныхаа Газрын захирлын нэр дээрх орон нутгийн нэгэн компанийг шилжүүлэн авахыг санал болгосон байна. Нөгөөх компанийн захирал ч зөвшөөрч, түүнээс хориодхон хоногийн дараа “Голомт” банкны Зээлийн хороо хуралджээ. Ингээд барилгын компанийн захиралд 300 сая биш нэг тэрбум хоёр зуун жаран сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргажээ.
Зээлийн мөнгө барилгын компанийн дансанд орсны дараа захиралд “тусалсан” хувьцаа эзэмшигч утас цохиж өөрийнхөө нэгэн охин компанийн данс руу 500 зуун сая төгрөг, банкныхаа Газрын захирлын хувийн данс руу 100 сая төгрөг тус тус шилжүүлэхийг шаардсан байгаа юм. Компанийн захирал ч хувьцаа эзэмшигчийн хэлснээр хийж, шаардсан мөнгийг нь шилжүүлжээ. Асуудал ингээд дуусаагүй байна. Зээл өгөхийн тулд болзол болгон шилжүүлсэн компанийн өрийг барилгын компанийн захирлаар жил шахам төлүүлсэн байна” гэжээ.
Эндээс харахад, банкны захирлууд бусдыг дарамтлах замаар мөнгө угаасан нь илэрхий. Гэхдээ бүр тун эвгүй, рекет байдлаар асуудалд хандсан байж болзошгүй. Одоогийн байдлаар тус банкнаас энэ асуудалд хариу өгөөгүй байгаа. Тэгэхээр ямар нэг “но” байх нь дамжиггүй гэж хардаж ч болохоор.
Тэгвэл дэлхийн стандартыг нэвтрүүлсэн, шилдэг банк өргөмжлөлт “Голомт” банкны ноцтой асуудал ганц үүгээр дуусахгүй бололтой.
Жишээ 1. 2015 онд “Дун Өргөө” ХХК-ийн “Голомт” банкин дахь данснаас 17 сая төгрөг эздэд нь мэдэгдэлгүй алга болсон талаар тус компанийн захирал хэвлэлд ярилцлага өгч байв. Тодруулбал, 2015 оны эхээр “Голомт” банкнаас нарийвчлан шалгаагүй шалтгаанаар “Дун Өргөө”-гийн данснаас 20 гаруй хоногийн турш, өдөр бүр мөнгө татаж байжээ. Харин тэд өөрсдийнхөө энэ үйлдлийг хаацайлж, хууль зөрчөөгүй мэтээр тайлбарласан байлаа.
Жишээ 2. 2014 онд “Bloomberg”-т нэгэн мэдээлэл гарсан. Үүнд ““Голомт” банк хөрөнгө оруулагчиддаа 90.000.000 ам.долларын өглөгтэй байгаа бөгөөд үүнийгээ өгч чадахгүй шүүхийн байгууллагуудад хандаад байгаа аж. Үүнээс дурьдвал “Swiss Bank” 22 сая ам.доллар, ADIC (Абу Дабигийн хөрөнгө оруулалтын зөвлөл) 36.2 сая ам.доллар, “Itochu” 43 сая ам.доллар”. Үүнээс гадна тус банк 2007 оны наймдугаар сараас 2008 оны тавдугаар сарын хооронд хийгдсэн мөнгөн гуйвуулгын “SWIFT” гүйлгээний түүх болох 6.800 file устгагдсан байхыг илрүүлсэн байна. Эдгээр гүйлгээ нь Япон руу хийгдсэн байх бөгөөд бичилтүүд бүгд устсан. Харин эдгээрийг хийсэн хүмүүс одоог хүртэл “Голомт” банкинд ажлаа хийж байгаа тухай “PricewaterhouseCooper LLP” хэмээх аудитын компанийн дүгнэлтэд дурьдагдсаныг тус телевиз мэдээлж байсан юм. Мөн хөндлөнгийн шинжээчдийн ажиллах нөхцөл бололцоог “Голомт” банк ихээхэн боогдуулж байсан тухай дурьджээ.
Жишээ 3. Бас нэг ээдрээтэй түүх. Энэ асуудлын нөгөө талд “Востокнефтегаз”-ын эзэн Т.Ганболд байгаа бөгөөд тэрбээр “Алтан Дорнод Монгол”-ыг Паушокоос худалдан авахдаа өрийг нь ч давхар авсан байна. Тодруулбал, “Алтандорнод Монгол”-ын өмнөх удирдлага С.В.Паушокийн тавьсан өр. Харин компанийн шинэ удирдлагад төлөх мөнгө байхгүй тул “Голомт”-ын барьцаанд байсан техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хангамжийн Улаанбаатар баазын эд хөрөнгө, 22 000 м.кв талбайтай Нефть хангамжийн баазын эд хөрөнгө, Рашаант дахь Нефть болон хий боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгийг өгчээ. Барьцаа хөрөнгөө өгөхөөс өмнө банк Т.Ганболдын бас нэг компани “Востокнефтегаз”-д 10.7 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлүүлэх гэрээ хийгээд тэр өдрөө л “Алтан Дорнод Монгол”-ын өрөнд суутгаад данснаас нь буцаагаад татчихсан гэнэ. Ийнхүү банк нэг өрөө алдсан ч нөгөө зээлээс нь суутгаад авчихжээ. Харин Т.Ганболдын нэг компани нь өргүй гарсан мэт боловч нөгөө компани нь эргээд тэр хэмжээний өрөнд унасан гэдэг.
Энэ бол “Голомт” банктай холбоотой том асуудлууд. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн жирийн иргэн энэ банктай холбогдох эдгээр олон тэрбум төгрөг, сая сая долларуудын тухай сонсоод ойлгохгүй. Гэхдээ нэг зүйлийг анзаарахад, хэрвээ эдгээр мэдээлэл үнэн бол “Голомт” банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнээс хальсан томоохон луйврын операциудыг зохион байгуулдаг гэлтэй.
Тэр бүү хэл, тус банкийг Монголын оффшортнуудын эхлэлийг тавьсан ч гэлцдэг. Хамгийн гол нь, “Голомт” банкны нэр бага хэмжээний мөнгөтэй биш дандаа томоохон асуудлуудтай холбоотой байгаа нь хачирхалтай. Бүр 2008 онд хүртэл “Голомт”-ын нэр бүхий удирдлага интернет тоглоомын оператор ба эмийн худалдааны борлуулагчидтай бизнесийн харилцаа тогтоох талаар Гүйцэтгэх захиралд дарамт шахалт үзүүлж байсан нь хэвлэлээр бичигдэж байсан. Бас 2011 онд Аудитын комиссын дарга Ганжолоо Mongolian Aiгlines-г үүсгэн байгуулагдах үеэр “Голомт”-ын Хувийн банктай харилцах хэлтсээс хоёр тэрбум төгрөгийг бэлнээр гаргуулсан гэдэг. Дараа нь 2013 онд тус банкны өмнөх удирдлагууд 2012 оны санхүүгийн тайлант хугацааг дуусгаж, Ernst & Young болон PricewaterhouseCoopers–ээр аудит хийлгэж, өөр олон асуудлууд нуугдаж байсныг мөн илрүүлжээ.
PwC–ээс ТУЗ–д тавьсан тайлангийн дагуу 2012 оны эхээр “Голомт” банк “Хүннү Айр” компанийн зээлд баталгаа гаргажээ. “Голомт” банк тус компанийн хоёр нисэх онгоц худалдан авсан лизингэд баталгаа гаргасан талаар E & Y болон PwC нар тайландаа тэмдэглэжээ. Энэхүү баталгааг мөн л ТУЗ–ийн гишүүдэд мэдэгдэлгүй гаргасан нь тухайн үед маргаан дэгдээж байв.
Ингээд харахад, “Голомт” банк аль ч төрд нүүртэй, бас ар тал сайтай газар бололтой. Үгүй бол тэд ингэж хуулиас дээгүүр сэвэхгүй л байхсан.