Монгол Улсын иргэнд 2002 оноос эхлэн ахуйн хэрэгцээний болон газар тариалангын зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хууль үйлчилж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын иргэдийн 86 хувь нь эзэмшиж буй газраа өмчилж авсан байна. Нийслэлийн гэр хороололд 90 мянган хашаа байшин байдаг гэсэн баримт бий. Түүний 86 хувь буюу 77 мянга 400 хашааны газар өнгөрсөн хугацаанд өмчлөгджээ. Ахуйн хэрэгцээний буюу хашааны газар өрхийн нэг иргэний нэр дээр өмчлөгдсөн гэж үзвэл 77 мянга 400 иргэн өмчийн газартай болсон гэсэн үг. Харин нийслэлийн хувьд өнгөрсөн хугацаанд дээрх иргэдийг оролцуулаад нийт 190 мянган иргэн хуулийн хүрээнд газраа өмчилжээ.
НИТХ-аас “газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2018 оны 1 дүгээр сарын 22-нд зохион байгуулах тухай сарын өмнө зар түгээж, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч эхэлсэн билээ. Энэ ажлын хүрээнд 520 иргэн бичгээр хандсан гэж зохион байгуулагчид хэлэлцүүлгийн үеэр мэдээлэв.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд эзэмшлийн газраа өмчлөх боломжгүй байдал үүсдэг тухай ярьж байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 11 хорооны Туул зөрлөг (хонхор)-т суурьшсан иргэдэд ийм бэрхшээл тулгарчээ. Энд МҮОНР-ийн нэвтрүүлэг дамжуулдаг антен байдаг бөгөөд орчны газрын тодорхой хэсэг нь тусгай хамгаалалтад байдаг юм. Хэдийвээр тэд эзэмшлийн гэрчилгээтэй ч тусгай хамгаалалттай газар өмчлөгдөх ёсгүй гэсэн хуулийн дагуу нийслэлийн Газрын алба өмчлүүлэх зөвшөөрөл өгөхгүй байгаа тухай тус хорооны иргэн н.Чогдонхорлоо ярилаа. Бас гэр хорооллын хашаатай айлуудын дээгүүр өндөр хүчдлийн шугам шинээр татаснаас үүдэн доор нь байршилтай айлууд олон жил амьдарсан эзэмшлийн газраа өмчлөх боломжгүй болох тохиолдол ч гарч байгаа гэж тус хэлэлцүүлэгт оролцсон НИТХ-ын төлөөлөгч Цацрал ярив.
НИТХ-аас зохион байгуулсан энэхүү хэлцүүлэгт нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдийн төлөөлөл, НИТХ-ын төлөөлөгчид, Газрын албаныхан оролцсон юм. Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Т.Аюурсайхан “Газрын тухай хуулинд засаж сайжруулах зүйл бий. Гэхдээ нийслэлийн Газрын албаны ажилтан, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, иргэдтэй харилцах харилцаа, ажлын арга барилаас ихээхэн зүйл шалтгаалж байгаа. Цаашдаа газрын менежментийг шинэ түвшинд гаргах хэрэгтэй болсон гэсэн байр сууриа илэрхийлж байсан юм.
СХД-ийн иргэн н.Гансүх “би бусдаас худалдаж авсан гурван газраа “луйварчинд” дээрэмдүүлсэн. Энэ ажлыг Э.Болорчулуун дарга гардан зохион байгуулсан гэж хэлсэн юм. Түүний хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “нийслэлийн газрын албаны ажлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн үзүүлэлтийг хархад өндөр хувьтай байгаа юм. Бүр 98 хувийн онц үнэлгээтэй байх юм, үнэхээр асуудал байхгүй бол та бүхэн энд цугларахгүй байсан байх. Гэтэл үнэн чанартаа байдал тийм биш байна. Энд төрийн албан хаагчийн нэр дурдагдаж байна. Тодорхой баримт нотолгоо байвал албан хаагчид хариуцлага тооцож болно. Харин төрийн албан хаагчийг гүтгэж болохгүй” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн иргэдийн эзэмшлийн болон өмчилсөн газар хоёр эзэнтэй болж, улмаар маргаан үүсгэдэг асуудал цөөнгүй байна. БЗД-ийн иргэн н.Цогтоо тус дүүргийн 28 дугаар хороо Хужир буланд 2005 онд газар авчээ. Тэрээр тухайн газрыг өмчилж амжаагүй байтал өөр эзэн гарч ирсэн аж. Энэ талаар тэрбээр “тухайн үед дүүргийн газрын албанд ажиллаж байсан н.Отгонбаяр миний газрыг н.Отгонцэцэг гэдэг хүнд олгосон. н.Отгонбаярын энэхүү үйлдлээс болж тэнд газар авсан 10 гаруй иргэн миний адил газаргүй болж хохирсон юм. Энэ этгээд дараа нь ажлаа сольж Хан-Уул дүүргийн газрын албанд очсон одоо энд сууж байна гэлээ.
Иргэд хуулийн дагуу өмчлөн аваад суурьших инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бэлтгэсэн газар нийслэлд байхгүй байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг олон жил хийхгүй орхигдуулсан нь ахуйн хэрэгцээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмлөх хууль ёсны эрхээ нийслэлийн иргэд эдлэхэд саад болжээ. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц олон байх нь ойлгомжтой. Гэхдээ нийслэлийн газрыг бүсчлэн үнэлэх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг сайжруулах ажил нэн тэргүүнд хийх ёстой зүйл гэнэ.
Нийслэлийн засаг захиргаа гэр хороололын иргэдэд эзэмшлийн газрыг өмчлүүлэхээс гадна, шинэ суурьшлийн бүсэд газар зохион байгуулалт, төлөвлөлт хийх план зураг хийсэн. Энэ план зургийн дагуу иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан. Харамсалтай нь тухайн газрыг төлөвлөлтийн дагуу инжнерийн болон нийгмийн дэд бүтэцтэй болгож иргэдийг суурьшуулж чадаагүй юм.
Монгол Улсын иргэнд ахуйн болон газар тариалангийн зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн заалт 2018 оны 5 дугаар сарын 1 хүртэл үйлчилнэ.
УИХ-аас иргэдэд газар өмчлүүлэхээр гаргасан хууль төрийн албаны дунд, доод шатанд хэрэгжүүлэх ажлыг зөв онвчтой сайн зохион байгуулж чадаагүйгээс тавьсан зорилтдоо хүрч чадалгүй дуусгавар болох бололтой.
Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй өмчлүүлэх газрын хэмжээ харилцан адилгүй байдаг. Түүнийг доорх хүснэгтээс харж болно.
Иргэнд өмчлүүлэх газрын | ||
байршил | хэмжээ /га/ | |
1 | Нийслэлд | 0.07 хүртэл га |
2 | Аймгийн төвд | 0.35 хүртэл га |
3 | Сумын төв, тосгонд | 0.5 хүртэл га |
4 | Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад / | 0.07 хүртэл га |
Хуулийн дагуу газар өмчлөөгүй иргэд хувьдаа газартай болоход ердөө гуравхан сар үлдлээ.