"Улаанбаатар-Хөрөнгө оруулалт" бизнесийн чуулга уулзалтыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Улаанбаатарын Худалдааны Танхим хамтран зохион байгуулж байна.
Чуулга 14:00 цагаас Төрийн ордонд эхэллээ.
“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтын онцлог нь хувийн хэвшил, бизнесийнхэний хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг илүүтэй дэмжиж, Улаанбаатар хот хамтран ажиллаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд оршиж байна. Энэ уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын мэдээлэл, танилцуулга өгч, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд төрөөс дэмжлэг авч, хамтран хэрэгжүүлж болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. Мөн нийслэлийн харьяа агентлагууд үзэсгэлэн гаргаж, худалдан авах ажиллагаа болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн салбар гээд бүхий л чиглэлээр бизнесийнхэн болон аж ахуй нэгжид мэдээлэл өгөх юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд
"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих энэхүү бизнес уулзалтыг бид 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
Улаанбаатар хот хөрөнгө оруулагчдын хувьд боломж, сонголт юм.
Хотын зүгээс 2018 оны иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жил болгон зарласан билээ. Энэ нь бизнес эрхлэгчдэд бас нэгэн боломжийг нээж байгаа хэрэг юм" хэмээн онцлов.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр манай Засгийн газрын 100 хоног тохиож байна. Бид энэ 100 хоногийн хугацаанд багагүй зүйлийг хийжээ. Гэхдээ хийх ажил бүр их байна. Манай Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогоо боловсруулж, эрдэмтэн судлаачдаараа хэлэлцүүлж байна. Удахгүй хэрэгжүүлнэ.
Эхний тулгуур нь бизнес эрхлэгчид, ажилтнууд та бүхэн юм. Хоёр дахь тулгуур нь Монголын төр юм.
Ийм учраас гурван тулгуурт хөгжлийн бодлогын гол тулгуур нь Монголын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид" гэв.
УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Ц.Мөнхбаяр чуулганд оролцогчдод УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа.
Тэрбээр "Өнгөрсөн 1 жилийн хугацаанд макро эдийн засгийг сэргээх бодлогыг тууштай хэрэгжүүлсэн жил байлаа. Эдийн засгийн өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр 4.9 хувьд хүрч, урт хугацааны зээлжих зэрэглэл сайжирлаа.
Одоо бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх цаг ирлээ. Энэ бодлогоор тогтвортой бизнесийн орчин бий болно.
Энэ удаагийн уулзалт нь нийслэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дүгнэж үр дүнтэй болно гэж найдаж байна" гэв.