Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг шинэчилнэ



Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2016.12.06/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан танилцуулсан юм.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага, нийт 43 байгууллагаас санал авч нэгтгэн боловсруулжээ.

Үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төслийг тусгасан бөгөөд 2016 онд 31, 2017 онд 131, 2018 онд 71, 2019 онд 24, 2020 онд 3 хуулийн төслийг боловсруулахаар заажээ. Мөн Улсын Их Хурлын тогтоолын 16 төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгасан байна.

260 хуулийн төслийн 239-ийг Засгийн газар, 17-г Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч 4 хуулийн төсөл тус тус санаачлахаар тусгасан бөгөөд боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны чиглэлээр 14, нийгмийн хамгааллын чиглэлээр 23, эрүүл мэндийн чиглэлээр 6 хуулийн төслийг боловсруулахаар төсөлд оруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан нар асуулт асуусан. Гишүүд, тогтоолын төслийг боловсруулахдаа ямар судалгаа хийсэн бэ хэмээн тодруулсан. Мөн 260 хуулийг хэлэлцэх асуудал яригдаж байна. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 600 гаруй хууль бий. Эндээс харахад нийт хуулийн гуравны нэгд өөрчлөлт оруулах гэж байгаа мэт харагдаж байна. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байна. Энэ талаар ямар тайлбар хийх вэ хэмээн лавлаж байлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хэлснээр, 260 хуулийн төслийг Үндсэн чиглэлд тусгахдаа тодорхой судалгаануудыг хийж, хууль санаачлагч субьектуудаас саналыг нь авчээ. Эдгээрийн 75 нь анхдагч хуулийн төсөл бөгөөд шинээр бий болсон харилцааг зохицуулахаар санаачлах юм байна. 85 нь шинэчилсэн найруулга, 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1 нь хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл юм байна.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдснаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болно хэмээн тэрбээр нэмж хэлсэн.

Гишүүд асууж тодруулсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан байнгын хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт ажиллаж буй 300,0 гаруй мянган малчин нийт ажиллагчдын 30 шахам хувийг эзэлж байгаа юм. Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл. Үүнээс шалтгаалан залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, хот суурин руу шилжих болсноор хөдөө орон нутаг эзгүйрэх хандлагатай болж байгаа талаар дээрх хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр танилцуулж байсан.

Иймээс эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр  төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Мөн өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.

Нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж буй ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй  малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахааар УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэн хамаарахаар тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж тодруулах гишүүн гараагүй бөгөөд гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Гишүүдийн гаргасан “Ерөнхий боловсролын сургууль, коллеж, их, дээд сургуулийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй”, “малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчээр ажилласан хугацаанд хамаарахгүй” гэж өөрчлөн найруулах саналууд дэмжигдсэн. Байнгын хорооны хуралдаанаар ийнхүү хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга МУИС-ийн захирлын томилгоотой холбоотой үүсээд байгаа асуудлын талаар тодруулж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх талаар даруй арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тэрбээр их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг эргэн харах талаар ч саналаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар тодруулсан бөгөөд хууль санаачлагчид хуулийг баталсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан талаар мэдээлсэн юм. Дараа нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл болоод Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв

Байнгын хорооны хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Нийгмийн даатгалын бодлогын чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээний  хэрэгжилтийг хангах, нийгмийн  даатгалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдэд даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, даатгуулагчийг дээдэлсэн даатгалын шинэ тогтолцоог бүрдүүлж ажиллах үүднээс Засгийн газрын гишүүн болон Үндэсний зөвлөлийн ажлын уялдааг хангахын тулд Үндэсний зөвлөлийн дарга нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрыг төлөөлсөн бусад гишүүдээр Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар ажиллахаар төсөлд тусгасан юм.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг, Үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Хууль зүй, дотоод хэргийн сайд ажиллахаар тусгасныг Эрүүл мэндийн сайд болгон өөрчлөх саналыг гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Мөн хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн тус тус хоёр гишүүн /нийт 4 гишүүн/ үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн  бөгөөд тухайн гишүүдийн оронд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг нээлттэй зарласан юм.

Энэхүү зарын дагуу Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр ажиллахаар нийт найман хүн нэрээ дэвшүүлсэн байна.

Гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсаны дараа хуралдаанд оролцсон гишүүд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгох саналаа өгсөн юм. Нууц санал хураалтын дүнгээр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Оюунтэгш, Н.Алгаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Ц.Сүхбаатар, Т.Батзул нарыг ажиллуулах нь зүйтэй хэмээн гарсан учир уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр боллоо.

Эх сурвалж : УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ