Улаанбаатар смарт карт ХХК-ий Тээвэр үйлчилгээ, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал:
Цахим төлбөрийн системийн иргэдэд олгож байгаа нэг боломж бол дамжин суух хөнгөлөлт юм. Өдөр тутамд зорчигчдын 80 орчим хувь нь энэ хөнгөлөлтийг эдэлж зорчдог.Дамжин суухад тодорхой хэдэн нөхцөл байдаг.
Нэг автобусанд суугаад дараагийн автобусанд 30 минутын дотор дамжин суух ёстой. Автобуснаас буухаасаа өмнө буух төхөөрөмжинд картаа заавал уншуулсан байх шаардлагатай.
Ер нь дамжин суух хөнгөлөлтийг өдөрт 4 цагийн зайтай, хэдэн ч удаа сууж болно. Жишээ нь өглөө есөн цагт дамжин суусан хүн өдөр 1 цагт дахин дамжин суух эрхтэй болно гэсэн үг. Буух бүртээ картаа уншуулж хэвших хэрэгтэй. Ингэснээр энэ хөнгөлөлтийг эдлэхэд илүү хялбар болно. Харин нэг чиглэлийн автобусанд дамжин суухгүй бөгөөд өөр чиглэлийн автобусанд дамжин суух боломжтой.
Хэрвээ дамжин суух үйлчилгээг эдлээгүй тохиолдолд картынхаа дугаарыг хэлээд, шүүлт хийлгэж үзэх боломжтой. Ингэснээр тухайн иргэн ямар шалтгааны улмаас дамжин сууж чадаагүй байна вэ гэдгээ мэдэх боломжтой.
Нийслэлд манай компаний таван хэрэглэгчийн төв үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, Нийслэлийн засаг захиргааны дөрөв дүгээр байранд ажлын оффис байрладаг. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил салбаруудад байрладаг. Одоогийн байдлаар карт цэнэглэх 500 орчим цэгүүд ажиллаж байна.
Мөн 70101289 лавлах утас ажиллаж байна. Иргэдийн санал гомдлыг хүлээн авч ажиллаж байна.
Үүнээс гадна иргэд хэрэглэгчийн төвөөс 25000 төгрөгийн хязгааргүй зорчих боломжтой картыг худалдан авах боломжтой. Цаашид сунгахдаа тухайн сарын 27-оос өмнө банкаар шилжүүлэг хийнэ. Мөнгөө хийхдээ гүйлгээний утга дээр нь картныхаа дугаарыг бичих ёстой. Хэрвээ хязгааргүй зорчих картаа гээж, үрэгдүүлсэн тохиолдолд хаалгаад дахин сэргээлгэн авах боломжтой.