Жирийн нэг монгол эрчүүдийн талаар "зүгээр” л бичих сайхан. Судар номын хүн гэхээс илүүтэй сураар гэзгээ ороосон, морь унаж, дээл өмссөн эгэл жирийн залуучууд энэ цагийн чимэг юм. Өвөг дээдсийн түүх нь тэднийг түмний нүдэнд бүтэн харагдуулж байна. Үндэсний соёл, уламжлал, түүх бол үр хойчид бүтэн өвлөгдөх учиртай. Түүнийг өртөөлж яваа нэгэн залуу бол Морин аялалын Э.Хишигбаяр. Эр хонгор хоолойгоор уртын дуу аяладаг энэ эр Монголын Морин аялалын анхны шанг татсан хүн яахын аргагүй мөн. 2004 оноос Монголд анхны морин аяллаар төрөлжсөн "Морин отог” жуулчны баазыг байгуулан өнөөдрийг хүртэл 5000 хол давсан гадаад дотоодын хүнд морь унуулж сургасан байна. Үүний цаана үндэсний өв соёл, зан заншил гээд олон зүйл агуулагдаж буй. Дэлхийг морин туурайгаар тамгалсан монголчуудын агуу түүхийн үргэлжлэлийг суурьшмал соёл иргэншилтэй нийгэмд Э.Хишигбаяр гэх залуу өртөөчилж явна.
Эр хүн зүтгэсэн юмандаа тууштай байх сайхан. Тэр МУИС- ийн Аялал жуулчлалын менежментийн ангийг "Морин аяллын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зарим асуудал” сэдвээр бакалаврын зэрэг, "Монгол гэрийн үүсэл хөгжил "сэдвээр "Чингис хаан” дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Хишигээ өөрийн мэргэжил сонирхлын дагуу олон бүтээл дээр дүн шинжилгээ хийсэн судлаач залуу. 2008 оноос "Ногоон морь” аяллын хөтөч, тайлбарлагчийн сургалтын төв байгуулан 100 орчим хөтөч тайлбарлагчийг аялал жуулчлалын зах зээлд нийлүүлсэн. 2008 онд "Монгол орны байгалийн 100 гайхамшиг” ном, "Хөх Монголын хязгаар нутгаар 108 хоног” аялалд оролцон фото зургийн үзэсгэлэн, "Үүргэвчтэй аяллын тэмдэглэл” ном зэргийг олны хүртээл болгосон. МЗХ-ны ЗАЖХТ-ийг удирдан ажиллаж түүний баг албан байгууллагуудад зориулсан "Цасны гоёмсог баяр”, "Хаврын урь”, "Алтан намар” багц аяллууд, сурагчидад зориулсан ”Vision trip”, "Содон” аялал, нийтэд зориулсан "Морьтон монгол залуу”, "Уулчин монгол залуу”, "1000 хунгийн чуулган”,”Шинэ оны анхны нар харах ёслол”, "Аймгуудын гайхамшигаар” аяллууд, гэр бүлүүдэд зориулсан явган аялал, "Дугуйтай болзоо”, "Ээждээ хайртай” аяллууд, нохойтой чарганы аялал, усан аялал, уулын дугуйн аялал, явган аялал, уулын аялал, морин аялал, жуулчдад зориулсан мэдээллийн төв зэргийг ажиллуулж ирсэн. Монголд анх санаачлан "1000 унаганы баяр” жуулчдад зориулсан эвэнт арга хэмжээ зохион байгуулаж анх удаа хамгийн олон унаганы уралдааныг амжилттай зохион байгуулаад байна.
Э.Хишигбаяраас монгол эрийн дуу хоолой, эрэмгий чанар "үнэртээд” байдаг юм. "Долоохгүй”-гээр магтаж байна. Ер нь ч тэгээд энэ залуу ямар улстөрч биш, мөнгө төлж өөрийгөө магтуулдаг бизнесмэн ч биш. Дөмөг эрийн шинжийг бүрдүүлсэн учраас таван мөр холбож урмын ташуур өгч байгаа юм. Эмэгтэй хүний нүдээр харвал зан байдал, дуу хоолойгоороо "Дээлтэй бурам” шиг ч байж болох юм. Ер нь "тийм сайхан” гэсэн онолгүй магтаал хэлсэнгүй. Хийсэн ажлыг нь, хийрхэлгүй монгол зан чанарыг л бичиж буй юм. Хишигээ аялал жуулчлалыг олонд хүргэх зорилгоор "БҮХ НИЙТИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОЛОВСРОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” –ыг санаачлан эхлүүлээд байна. Харин тэр яам агентлагууд нь дэмжээд өгөөсэй. Энэ залуу бол "монгол баялаг”. Хэнээс ч хамааарахгүй өөрийн сонирхолоороо Монголын аялал жуулчлын салбарт үүрэг гүйцэтгэж яваа "торгон цэрэг”. Э.Хишигбаярын талаар бичиж буй минь бурмаар тэтгэхгүй ч урмаар ташуурдаж байгаа хэлбэр энэ.