Газрын харилцааны салбарын удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Гурван өдрийн турш үргэлжлэх зөвлөгөөнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газрын албаны удирдах ажилтнууд оролцож байна.
Зөвлөгөөнийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нээж, 2017 онд салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн томоохон ажлуудынхаа үр дүнг танилцууллаа. Тухайлбал,
Улсын хэмжээнд бүх хот, суурин газрын нутаг дэвсгэрийг 1:1000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулан мэдээллийн санг буй болгож, хэрэглээнд гаргахад бэлэн болгосон, нийслэл болон 19 аймгийн төвийн газар дээрх, доорх шугам, сүлжээний мэдээллийн санг буй болгон байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцэд оруулж, хэрэглээнд гаргахад бэлэн болголоо.
Нийгэм, эдийн засгийн 27 салбарын 642 үндсэн үзүүлэлтийн 2532 утга бүхий дэд үзүүлэлтээс бүрдсэн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг дуусган манай байгууллагын геопортал https://geoportal.nsdi.gov.mn сайтаар дамжуулан иргэд олон нийтэд нээлттэй хэрэглүүлэхээр вэб аппликэйшнийг холбож, бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн Засгийн газрын 2017 оны 287 тоот тогтоолоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-ыг баталсан. Энэхүү журманд улсын тусгай хэрэгцээний газарт тавигдах шаардлагыг тодорхойлж, улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах үйл ажиллагааг алхам бүрээр зааж өгсөн ба газрыг өөр газраар солих буюу нөхөн олговор олгох асуудлыг зохицуулсан байна. Мөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлт гаргасан буюу тухайн газарт үйл ажиллагаа явуулах төрийн захиргааны төв байгууллагад тусгай хэрэгцээний газрын гэрчилгээг олгож, гэрээ байгуулах замаар газрыг хамгаалах, эзэнжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.
Уг арга зүйг баримтлан тухайн сумын нутаг дэвсгэрийн газар ашиглалт, байгалийн нөөц, нөхцөлийн онцлогийг бүрэн тодорхойлсны үндсэн дээр нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжсэн, иргэд, олон нийтийн оролцоо, тэдний санал санаачилга, орон нутагтаа баялаг бүтээх боломжийг бүрдүүлсэн цогц үйл ажиллагаа бүхий дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах нөхцөл бүрдсэн юм.
Газрын кадастрын мэдээллийн санг улсын хэмжээнд бүрдүүлж, газар зүйн мэдээллийн системийн “Лэнд менежер” програм хангамжийг 21 аймаг, 330 сум, нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт нэвтрүүлэв. Газрын биржийн програм хангамжийг хөгжүүлэн газрын дуудлага худалдааг цахимаар зохион байгуулах, барьцаа, зах зээлийн үнийн мэдээ цуглуулах, олон нийтэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүллээ. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг амжилттай байгуулж цаашлаад салбарын болон салбар дундын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах ажлыг эхлүүлсэн зэрэг ажлуудыг дурдаж болох юм.
Мөн Зөвлөгөөнд Барилга хот байгуулалтын сайд биечлэн оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Газар нь байгалийн бүх төрлийн нөөц баялагийн эх сурвалж, орон зайн үүрэг гүйцэтгэдэг баялаг учраас байгалийн аль ч нөөцийг газартай уялдуулан нэгдмэл зарчмаар удирдах асуудал чухал” хэмээн онцолж, энэ онд Барилга, хот байгуулалтын яамны зүгээс салбарын хууль тогтоомжуудыг шинээр болон шинэчлэн боловсруулж Улсын Их хуралд энэ онд өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэлийн Газрын албаны дарга нар нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргатай Үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд зөвлөгөөний үеэр 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж Үр дүнгийн гэрээгээ дүгнэн 2018 оныхоо төлөвлөгөөг хэлэлцэж байна. 2017 оны ажлаараа Өмнөговь аймаг тэргүүлж, Архангай, Хэнтий аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрууд 2, 3 дугаар байрыг эзэллээ.
Энэ жилээс эхлэн салбарын шилдэг албан хаагчдыг тодруулж байгаа бөгөөд 2017 оны “Шилдэг менежер”-ээр Хэнтий амйгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүү, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун нар, “Шилдэг мэргэжилтэн”-ээр нийслэлийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Б.Шижир, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн З.Мөнхцэцэг нар, “Шилдэг газрын даамал”-аар Увс аймгийн Ховд сумын газрын даамал Н.Адъяа, Архангай аймгийн Цахир сумын газрын даамал Б.Батсайхан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын газрын даамал Ү.Наранбямба нар шалгарлаа гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.