Барилга, эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдлын тооцоолол чиглэлээр олон улсын болон Европын холбооны норм, норматив, стандартыг нутагшуулах, салбарын хүний нөөцийг ногоон барилгын төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралтын чиглэлээр чадавхжуулах ажлын хүрээнд өнөөдөр “БАРИЛГАД НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАХ НЬ” сэдэвт сургалтыг ХБНГУ-ын Бавари мужын БИ ЭФ ЗЭТ (BFZ) сургалтын төв, БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо (МБЗТЗХ), Монголын Барилгын үндэсний Ассоциаци (МБҮА) хамтран зохион байгуулж байна.
Уг сургалтыг нээлтийн арга хэмжээнд МУ-ын УИХ-ын Гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга, УИХ-ын гишүүн, БХБ САЙД Х.Баделхан, ХБНГУ-ын ЭСЯ, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, МХБХТанхимын Ерөнхийлөгч М.Батбаатар, МБЗТЗХ-ны ерөнхийлөгч Н.Дорж, МБҮА-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд зэрэг албаны хүмүүс оролцож байна.
Сургалтыг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлсэн юм.
Тэрбээр “ Өнөөдөр манай Монголын Барилгын Зураг төсөл Зохиогчдын Холбоо, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци болон ХБНГУ-ын сургалтын BFZ байгууллага хамтран зохион байгуулж буй “Барилгад нарны энергийг ашиглах нь” сэдэвт 7 хоногийн сургалтын нээлтийн ажиллагаа хийж байна. Энэ сургалт 2 онцлогтой байна. Нэгдүгээрт би 2017 оны 12 дугаар сарын 28-нд 215 дугаар тушаалаар “Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалт” эрхлэх чиг үүргийн салбарын ТББ-уудын түншлэлд гэрээгээр гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу анхны сургалтыг өнөөдөр эхэлж байна. Хоёрдугаарт ХБНГУ, Монгол улс бүх талын найрсаг харилцаатай ажилладаг. Өнөөдөр Германы мэргэжилтнүүд нарлаг Монгол оронд, барилга байгууламжид нарны эрчим хүчийг хэрхэн ашиглах тухай баялаг туршлагаасаа хуваалцахаар ирсэн нь хамтын ажиллагааны шинэ хуудас болж байна.
Герман технологийг Монгол оронд нутагшуулахад манай инженерүүд цаашид нягт хамтран ажиллаж, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг бид бүх бололцоогоороо дэмжинэ.
Монгол орон жилд 300 шахам хоног нартай байдаг тул барилгад ашиглах өргөн боломж байна. ялангуяа гэр хорооллыг барилгажуулах ажилд нарны энергийг ашиглах асуудлыг зориуд судлахыг хүсье. Нийт сургалтанд оролцогч Герман, Монгол инженерүүддээ амжилт хүсье. Герман зочиддоо манай оронд тавтай морилохыг хүсье” хэмээлээ.
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа:
"Барилгын салбарын хэмжээнд БХБЯ, Барилгын хөгжлийн төв төрийн бус байгууллагуудтай хамтран "Барилгад нарны эрчим хүчийг ашиглах нь" гэсэн сэдэвт сургалтыг өнөөдөр эхлүүлж байна. Герман улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлийг бүрэн ашиглаж байна. Өнөөдрийн сургалтанд БНГУ-ын Нори мужийн Би Эф Зэт (BFZ) сургалтын төвийн сургагч багш нар хүрэлцсэн ирсэн. “Ногоон хөгжлийн бодлого- Ногоон барилга"-ыг нэвтрүүлснээр агаарын бохирдолоос салах бүрэн боломжтой. Барилгад нарны эрчим хүчийг ашиглахын тулд барилгын зураг төсөл, зохиогчийн зүгээс ямар шийдэл гаргах, анх барилгыг барихдаа нарны эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглах гэх мэт технологи талаас нь туршлага солилцож байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна" хэмээлээ.
Энэхүү сургалтаар эрчим хүчний хэмнэлттэй барилгын архитектур төлөвлөлт, нарны эрчим хүчийг цахилгаан, дулааны эрчим болгон тооцоход барилгын хэлбэр, нарны тусгал, байгалын хүчин нөлөөлөл, тооцоолол зэргийг Монголын 50 гаруй инженерт мэдлэг олгоно гэдгээрээ ихээхэн давуу талтай юм байна.
Сургалт нь таван өдөр үргэлжилэх бөгөөд “тэг” эрчим хүчний хэрэглээтэй барилга, нарны тусгал, тооцооны онолын үндэс, амжилттай хэрэгжүүлсэн төслийн туршлагад үндэслэн Монгол улсын цаг уурын нөхцөл, нарны эрчим хүчний системийн тооцоог тооцох, программчлал дээр ажиллах сурах цаашид энэхүү сургалтыг Монголын инженерүүд бусад инженерт заах арга барил дадлага эзэмших, сургалтыг тогтмол явуулах нөхцөл бүрдэх юм.
Дашрамд дурьдахад Нарны эрчим хүч гэдэг нь энгийн үгээр илэрхийлэхэд нарны цацрагын энергийг цахилгаан болон дулааны эрчим хүчинд хувиргаж авсан эрчим хүчийг хэлэх бөгөөд Монгол Улсын хувьд жилийн 270-300 өдөр цэлмэг бөгөөд нарны гийгүүлэх хугацаа жилд дундажаар 2250-3300 цаг байдаг байна. Энэ нь манай улсын нарны эрчим хүчний жилийн нөөц 4.8 их наяд кВ.т цаг бөгөөд дэлхий хамгийн их нарны эрчим хүчний нөөцтэй 3 том говийн цөлийн нэгэнд Монгол Говь ордог. 382 мянган км2 талбай бүхий Монголын говьд 1 м2 талбайгаас нарны эрчим хүчээр өдөрт 5.4 кВт цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо байдаг аж.