“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төв, Замын цагдаагийн албатай хамтран “Нийтийн тээвэр хөдөлгөөний аюулгүй байдал” сургалт зохион байгууллаа. Сургалтыг Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаагийн ахлах дэслэгч Д.Төрбат удирдан явуулав.
Сургалтанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн инженер техникийн ажилтнууд, хэсгийн дарга нар хамрагдсан юм. Энэ үеэр өнгөрсөн онд нийтийн тээврийн хэрэгслээр гаргасан зам тээврийн осол, зөрчлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, анхааруулга зөвлөмж өгсөн. Мөн Зөрчлийн тухай хуулийн нийтийн тээврийн жолооч нарт холбогдох үндсэн гол заалтууд, жолоочийн зөрчлийн оноог хэрхэн тооцох, ямар тохиолдолд хэдийг хасаж байгааг танилцуулсан.
Нийтийн тээврийн жолооч нар мөргөлдөх, шон мөргөх, явган зорчигч мөргөх, унагах осол гаргадаг. 2016 онтой харьцуулахад тооны хувьд бууралттай байгаа ч замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс гарах сөрөг үр дагавар асар их байдгийг сануулсан. Хөдөлгөөний үед гар утсаар ярих, хамгаалалтын бүс хэрэглэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, байрлах явах тэмдэг тэмдэглэл зөрчих, бүрэн бус техниктэй замын хөдөлгөөнд оролцохыг хатуу хориглодог гэдгийг онцгойлон анхааруулсан юм.